Мөнгөний бодлого

Бодлогын хүүг нэг оронтой тоо руу буулгах хэрэгтэй 2017-07-06 16:48

Монголбанк бодлогын хүүгээ хоёр нэгж хувиар бууруулж, 12 хувь болгосон. Ингэснээр арилжааны банкуудын зээлийн хүү доошилж, бизнес идэвхжих нөхцөл бүрдэж байгаа хэмээн тайлбарлаж буй. Харамсалтай нь тийм зүйл болохгүй. Сүүлийн жилүүдийн бодлогын хүүгийн өөрчлөлт хадгаламж, зээлийн хүүд хэрхэн нөлөөлснийг харахад л онцын өөрчлөлт алга. Зээлийн дундаж хүү 19-20, хадгаламжийнх 12-13 хувь дээр гацсан юм шиг л байгаа юм.

Эдийн засаг тун хүнд нөхцөлд орж, дефляци нүүрлээд байсан өнгөрсөн намар бодлогын хүүг огцом өсгөж, 15 хувьд хүргэснээ аажмаар буулгаж эхэлсэн нь сайн хэрэг. Гэвч 12 хувь гэдэг ч асар өндөр тоо. Үүнийг нэг оронтой тоо руу, тодруулбал 5-8 хувь руу буулгаж байж л хадгаламж, зээлийн хүү доошилж, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулж чадах болов уу. 
 
Өндөр хүүгийн уршиг 
 
Манай санхүүгийн зах зээлийн 96 хувийг банкны салбар дангаараа бий болгодог. Мөнгөний хэрэгцээ гарсан бизнес эрхлэгчдэд банкнаас өөр хандах газар бараг үгүй. Гэтэл банк өндөр шаардлага тавихын зэрэгцээ зээлийн хүү нь тэнгэрт хадсан. Одоогийн байдлаар арилжааны банкууд бизнесийн зээл жилийн 20-25 хувийн хүүтэй олгож байна. Ийм өндөр хүүтэй зээл авчихаад ашигтай ажиллана гэдэг бэрх. Тэгтэл өндөр хүүтэй зээл ч бизнес эрхлэгчдэд олдохгүй байх зовлон бий. Тухайлбал, энэ оны эхний улирлын байдлаар арилжааны банкууд нийт 12.4 их наяд төгрөгийн зээл гаргажээ. Үүний дийлэнх хэсэг нь хэрэглээ, цалин тэтгэвэр болон орон сууцны зээл, худалдааг санхүүжүүлэхэд чиглэсэн байна (график 2-оос харна уу). Харин эдийн засгийн бүтээмж, нэмүү өртөг бий болгодог боловсруулах үйлдвэр, барилга болон уул уурхайн салбарт нийт зээлийн гуравны нэгээс бага хувийг олгожээ.       
 
Арилжааны банкууд эрсдэл ихтэй бизнесийн салбарт зээл олгохоос цааргалж, ямар ч эрсдэлгүй хэрнээ өндөр хүүтэй Төвбанкны үнэт цаас (ТБҮЦ), Засгийн газрын үнэт цаас (ЗГҮЦ)-д хөрөнгө оруулахыг илүүд үзэж байгаа хэрэг. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар банкууд бараг 4.5 их наяд төгрөгийн ТБҮЦ, ЗГҮЦ авсан байна. Ингэснээр арилжааны банкууд ямар ч эрсдэлгүй ашиг олоод, тэдэнд өгч буй өндөр хүүгийн зардлыг төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа. Нөгөө талд, бизнес эрхлэгчдэд өндөр хүүтэй зээл нь ч олдохгүй, эдийн засаг гацаанд байгаа гэж ойлгож болно. 
 
 
Энэ байдлыг өөрчлөхийн тулд Төвбанк бодлогын хүүгээ нэг оронтой тоогоор хэмжихүйц болтол дорвитой буулгах хэрэгтэй. Түүнийг дагаад ЗГҮЦ-ны хүү ч буурна. Ингээд арилжааны банкууд эдгээр үнэт цааснаас ашиг олох боломжгүй болж, хүссэн хүсээгүй бизнес эрхлэгчдэд зээл олгох хэрэгтэй болно. 
 
Мөн бодлогын хүү буурснаар банкуудын хадгаламжийн хүү ч доошилно. Одоогийн байдлаар арил­жааны банкууд дахь хадгаламжийн хэмжээ есөн их наяд төгрөгт хүрчихээд байна. Хадгаламжийн хүү 13 хувьтай, дэлхийн хаа ч байхгүй өндөр учраас хүмүүс мөнгөө банкинд хав дарчихаад байгаа хэрэг. Тэгвэл хүү буурч, нэг оронтой тоо руу шилжсэнээр хүмүүс илүү ашиг эрэлхийлж хөрөнгийн биржээс хувь­цаа авч эхэлнэ. Хөрөнгийн зах зээл идэвхэжсэнээр мөнгөний хэрэгцээтэй байгаа бизнес эрхлэгчид банкнаас өөр хандах газартай болно.  Ингэж л санхүүгийн зах зээлээ эрүүлээр хөгжүүлэх боломж бүрдэх юм. 
 
Монгол ба Орос
 
ДНБ-ий өсөлт өндөр байх үед Төвбанк бодлогын хүүгээ өндөр байлгаж, мөнгөний нийлүүлэлтийг хумих замаар эдийн засаг хэт халах, хөөсрөх эрсдэлээс сэргийлдэг. Харин ДНБ-ий өсөлт саарах үед бодлогын хүүгээ бууруулж, мөнгөний нийлүүлэлтийг тэлж, эдийн засгийн өсөлтийг дэмждэг. Ийм мөчлөг сөрөх бодлого хэрэг­жүүлэхийг эдийн засагчид байнга зөвлөж ирсэн. 
Гэтэл Монголбанк ДНБ хоёр оронтой тоогоор өсч байсан 2011, 2012, 2013 онд мөнгөний нийлүүлэлтээ нэмчихээд, түүнээс хойш эдийн засгийн өсөлт саарсаар байтал мөнгөний нийлүүлэлтээ хумь­сан. Ялангуяа эдийн засаг бараг зогсонги байдалд орж, дефляци нүүрлэсэн өнгөрсөн намар бодлогын хүүг 15 хувьд хүргэсэн нь гал дээр тос нэмсэн шийдвэр байсан тухай би “Дефляци ба Монголбанк” нийтлэлдээ бичиж байв. Азаар дэлхийн зах зээл дэх нүүрсний үнэ өсч, манай экспортын орлого нэмэгдээгүй бол эдийн засаг маань элгээрээ хэвтэж мэдэхээр байлаа.  
 
Монголын мөнгөний бодлого хэтэрхий чанга, хүү тэнгэрт хадсан байгааг гаднынхан гайхдаг. Энэ нь заримд нь хүүгийн зөрүүнээс ашиг олох боломж олгож байгаа. Хүү өндөр байгаагийн шалтгааныг манай банкирууд инфляцитай холбон тайлбарлана. Гэвч 2015 оноос эдийн засгийн өсөлт саарсантай холбоотойгоор инфляци нэг оронтой тоо руу шилжиж, бүр хасах үзүүлэлт рүү гулган орж, өнгөрсөн сарын байдлаар 3.7 хувь болоод байна. Инфляци нэг үеэ бодвол өсч эхэлсэн ч Төвбанкны зорилтот төвшин буюу найман хувиас давахгүй гэсэн хүлээлт бий болсон. Гадаад валютын ханш ч харьцангуй тогтворжсон. Тиймээс бодлогын хүүг 5-8 хувь болтол доошлуулах нөхцөл бүрдсэн гэж харж байна. Ингэж байж л эдийн засгийн сэргэлтийг дэмжих хэмжээний үр дүн хүлээж болох юм. 
 
Монголд дэлхийд байхгүй өндөр хүү тогтсоныг батлахын тулд бодлогын хүүгээ бүр тэглэсэн Япон, Европтой юм уу, тэглэчихсэн байж байгаад өсгөж 1.25 хувьд хүргэсэн Америк зэрэг өндөр хөгжилтэй оронтой харьцуулах гэсэнгүй. Угаасаа хөгжиж буй орнууд мөнгөний харьцангуй чанга бодлого хэрэгжүүлдэг. Гэхдээ л Хятад, Энэтхэг, Индонези, Мексик зэрэг орны бодлогын хүү долоон хувиас дээш гараагүй л байгаа. 
 
Тэгвэл нефтийн үнийн өсөлт, санхүүгийн хоригт дарамтлуулж, тун хэцүү нөхцөл байдалд нэг хэсэг орсон хойд хөршөөрөө жишээ татъя. Рублийн ханш навс унасан 2015 онд бодлогын хүүгээ огцом өсгөснөө түүнээс хойш тогтмол бууруулж ирсэн. Монголбанк хүүгээ 12 хувь болгосны маргааш нь буюу өнгөрсөн сарын 16-нд Оросын Төвбанк бодлогын хүүгээ есөн хувь болгож бууруулснаа зарласан юм. Ингэхдээ тус улс инфляци дөрвөн хувийн зорилтот төвшинд дөхөж очсон (өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 4.1 хувь байв) учраас мөнгөний бодлогыг цаашид ч зөөлрүүлэх боломжтойгоо мэдэгдсэн. Гэтэл Монголд инфляцийн зорилтот төвшин найман хувь, инфляци 3.7 хувь байхад хүү 12 хувь байна гэдэг хэтэрхий өндөр тоо болохыг бид ОХУ-тай харьцуулаад дүгнэж болно.   
 
Бага хүү - их бүтээмж
 
Улс орнууд хямралтай байх үедээ мөнгөний бодлогын орон зайг ашиглан бизнес эрхлэгчид, бодит эдийн засгаа дэмжихийг эрмэлздэг. Тиймээс ч Оросын Төвбанк бодлогын хүүгээ удаа дараа бууруулж, мөнгөний нийлүүлэлтээ нэмж байгаа хэрэг. Учир нь, эдийн засгийн бүтээмжийг дэмжихийн тулд хүү бага байх шаардлагатай. Зээлийн хүү бага байж гэмээнэ бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа идэвхжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулна. 
Монголын ДНБ-ий өсөлт 2011 онд 17 хувиас давж байсан бол түүнээс хойш тогтмол саарч, өнгөрсөн жилийн байдлаар ердөө ганц хувь дээр тогтлоо. Энэ оны эхний улиралд 4.2 хувийн өсөлт үзүүлж, эдийн засаг сэргэж эхэлсний дохио болсон. Гэвч энэ нь гагцхүү нүүрсний үнийн өсөлтөөс хамааралтай. Эдийн засгаа тогтвортой, тууштай өсөлтийн замд оруулахын тулд бизнесийн салбараа дэмжиж, зээлийнх нь хүүг бууруулах хэрэгтэй.  
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2017 оны07 сар / 20 08:51

Чухал сэдэв хөндсөн байна. Төвбанк анхаарах ёстой асуудал./Валютын нөөцөө дундруулдаг бол тусдаа асуудал шүү битгий тэрүүгээр хаацайлаарай, төвбанкны алдаатай бодлогын үр дүн/