Эдийн засаг

Илтгэл

Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага 2011-10-14 20:34

“Монголын эрчим хүч-2011: Бодлого-Хөрөнгө оруулалт-Технологи” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт

 

Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал

Монгол улсад 1924 оноос анх үндэс суурь нь тавигдсан манай эрчим хүчний салбар өнөөдрийн байдлаар улс орны эдийн засаг, нийгмийн бүх салбарт үйлчилж, өргөн уудам газар нутгийнхаа хүн ам суурьшсан суурин газууд болон айл өрх бүрт хүрсэн том салбар болон хөгжиж ирлээ. Манай салбар Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, Дорнод бүсийн эрчим хүчний систем, Төвийн эрчим хүчний систем гэсэн 4 бие даасан систем ба Даланзадгадын ДЦС, бусад дизель станцууд болон зарим сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдээс бүрддэг.

Эрчим хүчний төв, баруун, зүүн бүсийн системийн дүнгээр 2010 онд дулааны цахилгаан станцууд 4256,1 сая кВт.ц, усан цахилгаан станцууд 31 сая кВт.ц болон нар, салхины эх үүсвэрээр 0,6 сая кВт.ц, дизель станцаар 13,2 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэж, импортоор 214.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, экспортод 20.7 сая кВт.ц цахилгаан гарган, 3023,5 сая кВт.ц цахилгаан эрчим хүч, 6474,4 мян.Гкал дулааны эрчим хүчийг хэрэглэгчдэд түгээлээ. 

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлын 95хувь шахам хувийг дулааны цахилгаан станц, 4,7хувь хувийг импортын эрчим хүч, үлдсэнийг нь  дизель станц, усан цахилгаан станц, бусад сэргээгдэх эх үүсвэр тус тус эзэлж, сүүлийн жилүүдэд төвийн бүсийн хэмжээнд гарсан хэрэглээний өсөлтийг үндэсний үйлдвэрлэлтээр үндсэнд нь хангаж чадсан байна. Харин ОХУ-аас тодорхой хэмжээний цахилгаан эрчим хүчийг импортоор авч төвийн хэрэглээний их ачааллын үеийн эрчим хүчний ачааллыг болон Баруун бүсийн хэрэглээний 60-70хувийг хангаж байна. 

Эрчим хүчний компаниудын үйл ажиллагааны орлогын нийт дүн 280,5 тэрбум төгрөг болсон ба томоохон компаниуд улсын болон орон нутгийн төсөвт 66,3 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн байна. Хэрэглэгчид болон бэлтгэн нийлүүлэгчдээс авах авлага 2010 онд 25,4 тэрбум төгрөг болж 17,5 хувиар, өглөг 29,3 тэрбум төгрөг болж 44,5хувиар тус тус өнгөрсөн жилээс буурчээ. 2008-2010 онд улсын төсөв болон Монгол улсыг хөгжүүлэх сангаас Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт 105,5  гаруй тэрбум төгрөг хөрөнгө оруулсан ба үүний ихэнх нь үндсэндээ эрчим хүчний салбарт ноогдож байна.

Эрчим хүчний салбар 1990-2008 онд гадаад орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас 575,3 сая ам.долларын зээл, тусламж авсан ба үүний 347,9 сая ам.доллар нь зээл, 227.4 нь тусламж гэсэн ангилалд хамрагдаж байна. Эдгээр зээл тусламжийн хөрөнгөөр нийт 67 төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ба зарим нь одоо үргэлжилж байна.

Эрчим хүчний салбарын эрх зүй, зах зээлийн загварыг боловсронгуй болгож, гэрээт зах зээлийн загварыг нэвтрүүлэх ажлын хүрээнд 2010 оны 12 сард гарсан УИХ-ын 72-р тогтоолоор эрчим хүчний салбарын үйлдвэр компаниудын санхүү эдийн засгийн чадавхийг сайжруулах, эрчим хүчний үнийг индексжүүлэх, улмаар 2014 оноос зах зээлийн арилжааны хэлбэрт шилжих арга хэмжээг хэрэгжүүлэхийг заасан бөгөөд үүний дагуу яамнаас төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Ийнхүү, манай орны эрчим хүчний салбар нь хэвийн тогтвортойгоор ажиллаж, улс орны эрчим хүчний хэрэглээг өнөөгийн түвшинд найдвартай, тасралтгүй ханган ажиллаж байна.

Хөгжлийн чиг хандлага

Салбарын хөгжлийн талаар баримталж буй бодлого зорилт, тэдгээрийн хэрэгжилт
Монгол улсын Их хурал, Засгийн газраас эрчим хүчний салбарын хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”, “Буман нарны гэрэл хөтөлбөр” зэргийг батлан гаргасны зэрэгцээ “Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд салбарын хөгжлийн ойрын болон урт хугацааны стратегийг тодорхой заан тусгасан байдаг.

Төвийн, Баруун бүсийн, Дорнод бүсийн, Алтай-Улиастайн Эрчим хүчний системүүд болон одоогийн Даланзадгадын ДЦС буюу Говийн бүсийн эрчим хүчний систем нь 2040 он гэхэд хоорондоо өндөр хүчдлийн цахилгаан дамжуулах агаарын шугамаар холбогдож Монголын Эрчим хүчний нэгдсэн системийг бүрэн бүрдүүлэх бөгөөд Тавантолгой, Шивээ Овоо, Багануур, Хөшөөт, Нүүрст хотгор, Адуунчулуун болон Могойн голын зэрэг нүүрсний уурхайнуудыг түшиглэсэн ДЦС-ууд, түүнчлэн Эг, Орхон, Сэлэнгэ зэрэг гол мөрөн дээрх УЦС-ууд, Говийн болон төвийн бүсэд баригдах том чадлын нар, салхины эх үүсвэрүүд, Дорнод бүсэд барих боломжтой цөмийн цахилгаан станц зэрэг эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн өөрийн орны өсөн нэмэгдэж буй хэрэглээг бүрэн хангах, мөн хөрш орнуудад экспортлох чадамжтай байхаар салбарын хөгжлийн болон бодлогын баримт бичгүүдэд төлөвлөгдсөн юм.   

“Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”-ийн хэрэгжилт:
Монгол улсын 21 аймаг, 333 сум суурин газрын 318 сум суурин газрыг төвлөрсөн эх үүсвэрээс, 15 сумыг сэргээгдэх эрчим хүчний эх  үүсвэр болон дизель хосолсон эх үүсвэр ашиглан эрчим хүчээр хангаж байна.  “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”-ийн  нэгдүгээр үе шат буюу ойрын хугацааны (2007-2012 он) төлөвлөгдсөн арга хэмжээнүүд хэрэгжилтийн шатандаа байна.

“100000 нарны гэрэл”, “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилт:
Өнөөдрийн байдлаар Монгол оронд сэргээгдэх эрчмийн эх үүсвэрүүдийг эрчим хүчний зориулалтаар ашиглах ажил бодит биелэлээ олж өнөөдөр манай орны 100000 гаруй малчин айл өрх, 15 сум сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаантай болсон. “100000 нарны гэрэл” үндэсний хөтөлбөр нь 2011 онд сүүлийн 20000 нарны эрчим хүчний үүсгүүрийг хөдөөгийн малчид, хэрэглэгчдэд хүргэснээр бүрэн хэрэгжиж дуусах юм.

Эрчим хүчний төвлөрсөн системээс алслагдсан сумдын төвийг бие даасан нар, салхи, усны эрчим хүч ашиглан эрчим хүчээр хангах, мөн бусад эх үүсвэртэй хослон ажиллуулах зорилтыг тавьж одоогийн байдлаар 11 жижиг оврын УЦС, таван нар, салхи хосолсон цахилгаан станц, найман нарны цахилгаан станц, нэг салхин цахилгаан станцууд сум, багийн төвийн цахилгаан хангамжид ашиглагдаж байна. Түүнчлэн, Дөргөн, Тайширын дунд чадлын УЦС-ууд ашиглалтад орж баруун аймгуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах эх үүсвэр болж байна.

Салбарын хөгжлийг үе шаттайгаар дүгнэж үзвэл, 2000-2008 он хүртэл салбарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн, улс орныг цахилгаанжуулахад чиглэгдсэн төрийн бодлого хэрэгжиж, хөдөөгийн бүх аймаг, сум суурингууд төвлөрсөн цахилгаан хангамжид холбогдон, малчин айл өрхүүд бага оврын сэргээгдэх эх үүсвэрүүдээр хангагдсан цахилгаанжуулалтын үе, он жилүүд байсан.

2008-2011 онуудад эрчим хүчний системийн найдваржилтыг хангах зорилгын үүднээс тоног төхөөрөмж, технологийн өргөтгөл, шинэчлэлийг хийж хэрэгжүүлсэн ба бүс нутгийн эрчим хүчний системүүдийг эх үүсвэрээр хангах зарим бэлтгэл ажил хийгдэж буй үе шат билээ.

2011-2016 онуудад манай орны өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах эрчим хүчний системийн томоохон эх үүсвэрүүд, дамжуулах өндөр хүчин чадалтай гол шугамууд шинээр баригдаж Эрчим хүчний нэгдсэн систем бүрэлдэн бий болох хөгжлийн шинэ үе шат эхэлж байна гэж бид үзэж байгаа болно. Энэ үе нь Монголын эрчим хүчний салбарт байгаль орчинд халгүй, орчин үеийн үр ашиг бүхий шинэ техник технологитой эх үүсвэрүүд бий болсон салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан технологийн дэвшлийн үе байх болно гэж тооцож байна.

Ойрын хугацааны стратеги, зорилтын талаар

Ойрын хугацаанд шинэ эх үүсвэр барихгүй тохиолдолд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй хэрэглээ, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль болон “Шинэ Бүтээн Байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ажил, хэрэгжих үйл ажиллагаатай холбогдон гарах эрчим хүчний нэмэлт хэрэгцээ, Уул уурхай, ашигт малтмалын томоохон төслүүдийн эрчим хүчний хангамжийг яаралтай шийдвэрлэх зэрэг асуудалд хүндрэл бий болж яваандаа эрчим хүчний чадлын дутагдалд орох төлөв ажиглагдаж байна. Хэдийгээр шинэ эх үүсвэр барих тухай асуудал салбарын бодлого, төлөвлөлтийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжихээр төлөвлөгдөж ирсэн боловч хөрөнгө санхүүшийн дутагдал болон бусад нөхцөл, шалтгаанаар хэрэгжилгүй өнөөг хүрч, одоо цаг хугацааны хувьд нэн тулгамдсан асуудал болсон байна. Шинэ эх үүсвэртэй холбоотой асуудлыг нэг мөр, цогц байдлаар шийдвэрлэх шаардлага өнөөдөр бидэнд тулгараад байна.

Түүнчлэн, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог дэмжих, салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх үнэ тариф, эрхзүйн орчинг нь бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх зэрэг нь салбарын шийдвэрлэвэл зохих асуудлууд бөгөөд дээрх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх гарцуудын нэг хэсэг байж  болох юм гэж үзэж байна.

Монголын эрчим хүчний салбарт ойрын хугацаанд шийдвэрлэвэл зохих эдгээр асуудлууд нь манай салбарын бодлогын үндсэн баримт бичгүүдэд тодорхой шинэчлэл, тодруулгыг хийх шаардлагыг бий болгож байгаа бөгөөд ЭБЭХЯ-ны зүгээс 2011 онд багтаан бодлогын үндсэн бичиг баримт болох “Монгол улсын Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр”, Эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөө”-нд шинэчлэл, тодотголыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Эдгээр хөтөлбөр, төлөвлөгөөний тодотголын хүрээнд хийгдэх судалгаа, тооцоогоор салбарын эрчим хүчний хэрэглээний өсөлт, түүнийг хангах бодлого, төлөвлөлт нь илүү тодорхой, нарийвчлалтай боловсрогдож, энэхүү Монгол орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, олон улсын жишигт хүрсэн, үндэслэл сайтай бичиг баримт нь хөрөнгө оруулагч нарын сонирхолд нийцэх, улмаар хөтөлбөрийн хүрээнд төлөвлөгдсөн төслүүд бодит амьдралд хэрэгжих боломж нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үндэслэн гаргасан 2020 хүртэлх ЦЭХ-ний хэрэглээний таамаг, Азийн хөгжлийн банкны Зөвлөх компанийн Улаанбаатарын ДЦС-5 төслийн техникийн судалгааны хүрээнд тооцоолсон Монголын ТЭХС болон Говийн уул уурхайн бүсийн ЦЭХ-ний ачааллын таамаг, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд шаардагдах болон “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай” хуулинд тусгагдсан нийслэлийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуураар халаахад шаардлагатай цахилгаан эрчим хүч, “Уорли Парсонс” компанийн хийсэн аж үйлдвэрийн бүсүүдийн эрчим хүчний хэрэглээний тооцоо, 2010 онд ЭБЭХЯ-наас захиалж хийлгэсэн “Говийн бүсийн уул уурхайн томоохон хэрэглэгчдийн эрчим хүчний хангамж” ТЭЗҮ зэрэг аж үйлдвэрийн болон сууршлийн томоохон бүс нутаг, хот суурингуудаар хэсэгчлэн хийгдсэн судалгаануудын тоо, тооцоог тоймлон нэгтгэн тооцоолж үзвэл, 2015-2030 оны түвшинд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүртэл өсөх, шинэ нэмэлт хэрэглээ гарахаар байна.

Эрчим хүчний салбарын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан болон дээр дурьдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилтын үүднээс энэхүү нэмэлт хэрэглээний өсөлтийг хангах эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг үе шаттайгаар барьж байгуулах нь манай салбарын ойрын хугацааны үндсэн зорилт болж байгааг энд онцлон тэмдэглэх байна.

Одоогоор салбарт Ухаа худагийн 18 МВт ДЦС баригдаж, ДЦС-4-ийг 40 МВт-аар өргөтгөсөн ба Дархан ДЦС-ийг 30 МВт-аар, Даланзадгадын ДЦС-ыг 3 МВт-аар өргөтгөх ажил хийгдэж байна, Салхитын 50 МВт-ын салхин парк, Хөшөөтийн 12 МВт ДЦС болон Могойн голын 60 МВт ДЦС баригдах бэлтгэл хангагдаж байна. Түүнчлэн, томоохон эх үүсвэрүүдийн нэг болох Улаанбаатарын ДЦС-5 төслийн ТЭЗҮ хийгдэж дуусан, Засгийн газар, ҮАБЗ-өөр баталгаажин, одоо төслийг яаралтай хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулагч та бүхэнд хандаж байгаа билээ.

2015-2030 оны түвшинд дээр дурдсан хэрэглээний өсөлтийг хангах, эрчим хүчний эцсийн бүтээгдэхүүн болох цахилгаан эрчим хүчийг экспортлох манай салбарын зорилтыг ажил хэрэг болгоход Таван толгой, Шивээ Овоо, Багануур, Адуунчулуун, Хотгор, Бөөрөлжүүт, Чандганы болон бусад нүүрсний ордуудыг түшиглэсэн цахилгаан станцуудыг барьж байгуулах шаардлагатай болж байгаа бөгөөд эдгээр төслүүдийг хэрэгжүүлэхэд олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, шинэ техник технологи-эрчим хүчний бизнес эрхлэгчид та бүхний санаачлага, идэвхитэй оролцоо, дэмжлэг ихээхэн чухал байна. Манай улсын төрийн бодлого, хууль эрхзүйн орчин нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжсэн таатай нөхцөлтэй байгаа нь Монголд хөрөнгө оруулж үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад биенесээ өргөтгөх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн, манай орны эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг тодорхой хувиар нэмэгдүүлэхэд Сэргээгдэх эрчим хүчний талаар баримталж буй бодлогын хүрээнд  хэрэгжүүлэх томоохон чадлын УЦС, салхин паркууд, нарны эх үүсвэрүүдийн төслүүд мөн  хамаарна.

Ойрын хугацааны хэрэглээний өсөлтийг хангах эдгээр эрчим хүчний эх үүсвэрүүд, ЦДАШ-ын талаархи асуудлыг 2010 оны 4 дүгээр сард Засгийн газар, 5 дугаар сард ҮАБЗөвлөлд тус тус танилцуулж зарчмын хувьд дэмжлэг аваад байна. Ойрын хугацаанд эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд дараахь үндсэн зарчим, стратегийг манай яам баримтлана. Үүнд:
-Эрчим хүчний хэрэглээний таац, прогнозыг үндэслэл сайтай хийж, түүнд үндэслэсэн төлөвлөлтийг боловсруулах,
-Эх үүсвэрүүдийг эхний ээлжинд барьж байгуулах болон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх санхүү, эдийн засгийн боломжийг бүрдүүлэх,
-Хувийн хэвшлийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж ашиглах явдлыг дэмжиж, үнэ тариф, эрхзүйн орчинг нь бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх,
-Төрийн мэдлийн дамжуулах сүлжээг хэрэглээ, эх үүсвэрийн төлөвлөлттэй уялдуулан хөгжүүлэх, шинэчлэн өргөтгөх,
-Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн үндэслэлтэй зохицуулалтыг хэрэгжүүлэх, үнийг чөлөөлөх, салбарыг зах зээлийн харилцаанд бүрэн шилжүүлэх
Эрчим хүчний үнэ тариф, эрхзүйн орчинг хөрөнгө оруулагчидад таатай байдлаар бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор барьж байгуулах, ашиглах  зэрэг нь эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх угтвар нөхцөл нь болно. Одоогийн байгаа эх үүсвэрүүд, цахилгаан түгээх сүлжээнүүдийг хувьчлах асуудал нь салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх нөхцлийн нэг хэсэг нь болж байгаа юм. Түүнчлэн, хувийн хэвшлийн эх үүсвэрүүд бий болсноор салбар зах зээлийн харилцаанд бодит утгаараа шилжих, өрсөлдөөн үүсэх нөхцөл бас бүрдэх юм.

Харин төрийн зүгээс хуулийн дагуу өөрийн мэдэлд байх Дамжуулах сүлжээг шинэчлэн сайжруулах, өргөтгөх, шинээр барих үйл ажиллагааг шинээр баригдах эх үүсвэрүүдийг байгуулах явцтай уялдуулан хөгжүүлэх шаардлага гарч байна.
Ийнхүү шинээр баригдах эх үүсвэрүүд болон цахилгаан дамжуулах сүлжээ, түүнчлэн уламжлалт болон сэргээгдэх эрчим хүчний зөв зохистой харьцаа бүхий системийг бий болгосноор манай орны Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр үндсэн утгаараа хэрэгжиж  улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай, аюулгүй байдлыг хангах, улмаар хөрш орнуудад эрчим хүч экспортлох боломж нөхцөлөөр хангагдах билээ. Шинэ техник, технологи бүхий Эрчим хүчний нэгдсэн систем байгуулагдсанаар Монгол Улсад цахилгаан хангамжийг үр ашигтай, хэмнэлттэй горимоор ажиллуулах нөхцөл бүрдэж, улмаар улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүхэлд нь түргэтгэх, эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулахад манай салбарын оруулах хувь нэмэр  өндөр ач холбогдолтой байх болно гэж үзэж байна.

Энэхүү “Монголын эрчим хүч-2011” хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр бизнес эрхлэгч, ажил хэрэгч хүмүүс та бүхэн холбогдох мэдээллээ олж авч, бизнесийн холбоо тогтоон Монголын эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрийн бодитой саналтай болно гэж найдаж байна. Та бүхэнд амжилт хүсье.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Нэр : 2014 оны10 сар / 06 08:34

сүүлийн үеийн мэдээллийг оруулж өгнө үү жишээ нь 2013 оны эрчим хүчний үйлдвэрлэлийн талаар мэдээлэл авмаар байна аа

Guest 2014 оны09 сар / 10 22:09

Хэхэ

Зочин 2013 оны05 сар / 10 15:09

Энд яригдаж байсан зүйлсээс өнөөдрийн байдлаар юу ч нь биелэгдээгүй юм байна. Хэдэн ч жил ингэж лоозогнож худлаа ярих юм бэ бодитой зүйл хиймээр байна.

Нэр : 2013 оны03 сар / 13 23:02

баярлалаа

Нэр : 2013 оны03 сар / 12 22:34

shal balai yum baina

Нэр : 2013 оны03 сар / 12 22:34

t1

Нэр : 2012 оны10 сар / 16 09:47

баярлалаа

ЭХС 2012 оны05 сар / 23 01:02

баярлаас