Эдийн засаг

Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж юу вэ 2013-05-14 17:47

Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн, “хиймэл хүнс” гэх ойлголт монголчуудын дунд өргөн тарахсан. Ийм төрлийн бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэнд цаашлаад амь насанд ч аюул учруулж болзошгүй хэмээн монголчууд эмээдэг. Тэгвэл БОНХЯ, Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо /БАБХҮХ/, Био аюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх төсөл /БАБЧБТ/ хамтран “Орчин үеийн биотехнологи ба хувиргасан амьд организм” сэдэвт сургалт зохион байгуулсан юм. Уг сургалтаар биотехнологи гэж юу вэ, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн гэж байдаггүй зэрэг чухал ойлголтыг өгсөн юм.  
 
Биотехнологийн шинжлэх ухаан хөгжиж, генетик инженерчлэл гэх цоо шинэ ойлголт “мэндэлсэн” нь эрүүл мэндийн болоод хүнсний салбарт хувьсал авчирсан гэдэг. Энэ нь нэг биеэс нөгөөд генийг шилжүүлэх арга гэж хэлж болох юм. Харин ийм аргаар бий болсон шинэ төрлийн амьд организмыг олон улсад “хувиргасан амьд организм” хэмээн нэрлэдэг аж. 
 
Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр ногоон гаригийн даац хэтэрч 7.3 тэрбум хүнийг тэжээж чадахгүйд хүрч байна. Тиймээс хүний өдөр тутмын хэрэглээг хангах хүнсний болон бусад бүтээгдэхүүний хүрэлцээг сайжруулахын тулд зарим нэг түүхий эдэд генетик инженерчлэл хийж, шинээр “хувиргасан амьд организм” үүсгэдэг болсон байна. Тухайлбал, нэгэн төрлийн аалзны генийг ямааны үр хөврөлд суулгаснаар “аалзан ямаа” гэх шинэ төрлийн мал бий болгосон судалгаа байдаг аж. Уг судалгааг явуулсан гол шалтгаан нь аалзны шүлснээс торго гаргаж авах нь хүндрэлтэй учраас ямаанаас аалзны шүлстэй адилхан түүхий эд гарган авахаар эрдэмтэд ажилласан байна. Туршилт явуулсны дараа ямааны сүүнээс аалзны тор шиг бүтэцтэй шинэ түүхий эд гарган авах боломжтой болжээ. Харин тухайн түүхий эдээр хийсэн торго одоогоор зах зээлд гараагүй гэнэ. Хэрвээ гарсан тохиолдолд тухайн бүтээгдэхүүнийг генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж хэлж болохгүй аж. БАБХҮХ-ны нарийн бичгийн дарга Ж.Сонормаа “Генийн өөрчлөлттэй түүхий эдийн найрлагатай бий болсон хүнсний бүтээгдэхүүнийг бид шууд л генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гээд байдаг. Энэ нь тийм биш юм. Тухайлбал, генийн өөрчлөлттэй түүхий эдийн найрлага орсон ногооны шөл байлаа. Гэтэл тухайн шөлийг бүтээгдэхүүн болгохын тулд өөр олон янзын зүйл ашигласан байгаа. Ус, ногоо, үнэр амт оруулагч гэдэг ч юм уу. Хэрвээ эдгээр бүх бүтээгдэхүүн хувиргасан амьд организмаас үүссэн бол энэ бүтээгдэхүүн генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн гэж хэлж болох юм. Тэгэхээр тухайн бэлэн болсон нэр төрлийн бүтээгдэхүүнийг тэр чигээрээ генийн өөрчлөлттэй гэж болохгүй” гэв. 
 
Түүнчлэн бүтээгдэхүүнд ген гэж байхгүй. Амьд организмд л гень гэж байдаг. Тиймээс генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг гэх ойлголтын зөрүүнээс бид салах хэрэгтэй юм. Харин хувиргасан амьд организмын гаралтай түүхий эдийн хольцтой бүтээгдэхүүн гэж байдаг. Тэгвэл энэ төрлийн бүтээгдэхүүн хүний биед хортой юу. 
 
Одоогоор эх дэлхийн эрдэмтэд хоёр талцчихаад байна. Зарим хэсэг нь хувиргасан амьд организм бүхий хүнсний бүтээгдэхүүн нь хүний эрүүл мэндэд хортой гэдэг бол зарим хэсэг нь үгүй гэдэг. Гэхдээ зарим нэг болгоомжлол бий. Тухайлбал, хүний биед харшил үүсгэх, антибиотикт тэсвэртэй шинж чанар дамжих гэдэг ч юм уу. Гэхдээ эдгээр нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан нь үгүй. 
 
Мөн бидний дунд байдаг өөр нэг ойлголт бол генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь хүний генд өөрчлөлт авчирдаг гэдэг. Гэтэл шинжлэх ухааны үүднээс бол тухайн бие цогцос үүсэх эхний шат буюу эсийн түвшинд генетик инженерчлэл хийж байж сая тухайн генд өөрчлөлт орох боломжтой гэнэ. Тухайлбал, махны чиглэлийн үхэр бий болгохын тулд үржлийн үхрийн хэвлийд дөнгөж бүрэлдсэн эсэд өөр төрлийн ген суулгадаг аж. Түүнээс биш нэгэнт бүрэлдсэн бие мах бодид генийн өөрчлөлт явуулах боломжгүй ажээ. 
 
Цагаан хоолыг хүн бүр эрүүл мэндэд тустай гэдэг талаас нь мэддэг. Гэтэл цагаан хоолтнуудын хамгийн их хэрэглэдэг шар буурцагны махыг хийдэг гол түүхий эд болох шар буурцгийг тариалахын тулд хувиргасан амьд организмыг ихээр ашигладаг аж. БАБЧБТ-ийн зохицуулагч О.Билгүүн “Хэрвээ үнэхээр хувиргасан амьд организм бүхий хүнсний бүтээгдэхүүн хүний биед хортой байдаг бол цагаан хоолтнууд хамгийн хортой хүнс хэрэглэдэг байж болох юм. Гэхдээ шууд тийм гэж хэлж болохгүй. Тиймээс иргэдэд сонголт үлдээх хэрэгтэй. Үүний тулд тухайн бүтээгдэхүүний шошгонд genetically modified organism /GMО/ буюу генийн өөрчлөлтэй түүхий эд орсон бүтээгдэхүүн. Аль эсвэл оросууд шиг /Без ГМО/ генийн өөрчлөлтгүй гэх мэтийн ямар нэгэн тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Тэгээд ард иргэд өөрсдөө сонголтоо хийж болно” гэв. Тус төслийн хүрээнд явуулсан судалгаагаар зургаан нэрийн 162 импортын хүнсний бүтээгдэхүүнийг сонгон авч судалгаанд хамруулахад ердөө найман хувь нь л шошгондоо тусгай тэмдэглэгээ хийсэн байжээ. Тиймээс импортоор орж ирж байгаа бүх бүтээгдэхүүнд ийм төрлийн шошготой байх шаардлага тавих хэрэгтэй. Харин үүнийхээ дараа хэрэглэгчдэд сонголтыг нь л үлдээх учиртай юм. Учир нь, хэрэглэгч танд GMO-оос татгалзах эсвэл хэрэглэх эрх бий. Сонголт таных. 
 
 
Э.Зоригт 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
zochin 2013 оны05 сар / 14 21:36

1 sariin dotor nas biye guitssen tahia boldog degdeeheinuud n genetikiin oorchloltoos shaltgaalan asar hurdan tomordog. Edgeer degdeeheinii mah n bidnii meddeg baigaliin jamaaraa jiriin hool und us heregledeg jiriin tahianii mahnaas amtgui baih jisheetei. Yer n yaj ch bodson baigaliin jamaaraa bii bolson eruul hool iddeguud n eruul saruul baidag. Harin suuliin ued yagaad ovchnii too ihseh bolson alergi ihseh bolson ene bugd bidniig tejeej baidag agaar bolon hunstei shuud 100% hamaatai. yamarch eruul mendiin emchees asuu ted hezee ch genetikiin oorchlolttei buteegdehuunees idehgui... Humuus medlegtei bolj baij songolt hiine. Medleg n dutuu bol sohroor hoollono shuu dee...