Эдийн засаг

АТГ-ын “шинэ босс” 2017-06-23 13:06

 

Сонгуулийн сурталчилгаа ид өрнөж, халуун үйл явдлаар дүүрэн өдрүүд өнгөрч байна. Нэр дэвшигчид томилолт авсан албан хаагч шиг орон нутаг, сум дүүрэг бүрт очин мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Тэдний яс үндэс, мэдлэг боловсролын тухай явган ярианаас түр хөндийрч өгсөн амлалт, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт нь үнэлэлт өгөхийг хичээе.

Юуны өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн. Тиймдээ ч үндэсний язгуур эрх ашиг, гадаад бодлогыг олон улсад тодорхойлогч юм. Судлаачдын үзэж буйгаар хоёр их гүрний дунд буурай Монголын аюулгүй байдал нь хөрш орнуудын хүчний тэнцвэр дээр хангагддаг гэдэг. МАН болон АН-ын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт бодлогын ийм чиг баримжаа тодорхой хэмжээгээр сууж өгчээ. 
 
Нэр дэвшигч М.Энхболд “Хөрш хоёр улстай стратегийн түншлэлээ улам гүнзгийрүүлж, Гуравдагч хөршийн бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ” хэмээсэн. Түүнчлэн тэрбээр “Улсынхаа аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг сонирхлыг улс төр, дипломатын аргаар тууштай хангаж, улс төржилтөөс ангид, нээлттэй, бие даасан, олон тулгуурт, гадаад бодлого хэрэгжүүлнэ” гэж амлаж буй.  
 
Харин Х.Баттулга “ОХУ, БНХАУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж” ажиллана гэжээ. Мөн “Гадаад бодлогыг улс төржилтөөс ангид, нэгдмэл байлгах зарчмыг тууштай баримталж, төр засгийн байгууллагуудын гадаад харилцааг нэгдсэн зохицуулалттай болгох бодлого” баримтална, “Хөрш орнууд болон Гуравдагч хөрш орнуудтай аюулгүй байдал, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж улс орныхоо бие даасан байдлыг бэхжүүлэх бодлого боловсруулан онцгой анхаарна” гэсэн нь хоёр нэр дэвшигчийн хувьд бодлогын ялгаа төдий л үгүй аж. Харин нэр дэвшигч С.Ганбаатар ямар бодлого баримтлахыг мөрийн хөтөлбөрөөс нь тодорхойлж хэлэх боломжгүй  байна.
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх мэдлийн сүр хүч нь Авлигатай тэмцэх газарт бий. Учир нь тэрбээр АТГ-ын удирдлагыг томилдог билээ. Тийм учраас иргэд Ерөнхийлөгчөөс авлигын эсрэг хүчтэй тэмцэл хүлээдэг. Тэгвэл Төрийн тэргүүний ээлжит сунгаанд яваа гурван нэр дэвшигч мөрийн хөтөлбөртөө хүнд суртал, авлигатай хийх тэмцлийг хэрхэн оруулсан бол. Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэж, Авлигын эсрэг хууль болон Авлигатай тэмцэх үндэсний хэмжээний төлөвлөгөөг баталж чадсан. Түүнчлэн Эрүүгийн хуульд “Авлигын гэмт хэрэг” гэсэн тусгай бүлэг бий болгосон. Энэ нь дотооддоо авлигатай тэмцэх эрх зүйн орчин боломжит хэмжээнд хүрсэн гэж харагдаж байгаа. 
 
МАН-ын дарга М.Энхболд “Авлигатай холбогдсон бол ахиад төрд ирэхгүй” хэмээн мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тодруулбал “Авлигын гэмт хэрэгт оноох ялыг чангатгана. Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна. Авлига бол манай нийгмийн хорт хавдар. Хорт хавдрын эс бүрийг суга татан хаяхаас өөр эмчилгээ байхгүй гэж үзэж хатуу тэмцэнэ” хэмээн “Монгол төр Монгол гэр” мөрийн хөтөлбөрт тусгажээ. Тус заалтын дотроос “Авлигын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлсэн бол төрд ажиллах эрхийг бүх насаар нь хасна” гэсэн нь ихэд сонирхол татав.
 
“Авлигатай тэмцэх тэмцлийг ард иргэдийг соён гэгээрүүлэх, авлига, хээл хахуулийг тэвчишгүй үзлийг нийгэмд бүрдүүлэх талаар юуны өмнө анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн, хуульч Л.Хангай хэлсэн юм. Тэгвэл соён гэгээрүүлэх ажил нь бодит хэрэгжилт, жишээнээс эхэлнэ. Тухайлбал ахуйн хулгайчтай тэмцэж буй Ойрхи Дорнодын улсуудын жишээг хараад бид уулга алддаг. “Хулгай хийсэн хүний хурууг тастдаг” гэдгийг бодоход л  яс хавталзана. Тэгвэл дэргэдэх найз нь хэдэн бор төгрөг халааслаад төрд ажиллах эрхээ бүх насаараа хасуулахад хэн ч талхны мөнгөө бодно. Энэ бол жинхэнэ соён гэгээрүүлэх ажил болох талтай. 
 
Өнгөрсөн хавар УИХ-аас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийг  баталсан. Энэ хүрээнд төрийн алба хашдаг 40 мянга гаруй иргэн, гэр бүлийнхэн нь оффшор бүсэд хувьцаа эзэмших, хөрөнгө байршуулах, компани байгуулах, хадгаламж нээх хориотой. Хэрэв зөрчвөл албан тушаалаас чөлөөлөгдөж, хууль хяналтын байгууллагаар шалгагдан, ял сонсож, хөрөнгөө хураалгахаар байгаа. 
 
Ардчилсан намын нэр дэвшигч Х.Баттулга “Сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтан авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, оффшор данстай нь илэрсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нь нотлогдсон тохиолдолд хатуу хариуцлага хүлээлгэж, албан тушаалаас нь огцруулах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө ажиллана” гэж. 
 
Өөрөөр хэлбэл, Авлигын эсрэг ажиллагааг төрийн дээд албан тушаалтнаас эхлүүлнэ гэдгээ мөрийн хөтөлбөрөөрөө илэрхийлжээ. Төрийн албыг мөнгөөр арилждаг эсэх нь батлагдаагүй ч иргэд хардах эрхээ эдэлж байгаа. Энэ эрхийг хэрэгжүүлэхүйц заалт нь Х.Баттулгын мөрийн хөтөлбөрт шингэжээ. Тэр дундаа томилгооны албан тушаалд бүгд эрх баригч намын боловсон хүчнээр хангагддаг. Тийм ч учраас шууд дунд болон дээд шатны удирдлагатай нь тооцоо бодох аж. Дашрамд сонирхуулахад Авлигатай тэмцэх газрын тусгай дугаарт ирсэн гомдлын дийлэнхийг төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой асуудлууд эзэлдэг байна.
 
Харин МАХН-аас дэвшигч С.Ганбаатар олигархиуд ба оффшорчдыг хазаарлаж, шударга ёсыг тогтоохоо амласан. Дэлгэрүүлбэл “Ажилгүйдэл, ядуурал Монголд маань газар авсны улмаас баян хоосны ялгарал тэнгэр газар шиг зааглагджээ. Олигархиуд ялзартлаа баяжиж, оффшорчид Монголын баялгийг харх шиг мэрж байна. Дундаж давхарга өсөн нэмэгдэх бус харин шавхран ширгэж байна. Энэ бүхэн нь шударга ёсыг ноцтойгоор алдагдуулж байна. Гадаадын оффшор дансанд байрлуулсан олон тэрбум ам.долларыг Монголд буцаан авчрах ёстой” гэв. Сайхан л сонсогдож байна. Харин авлигачдад хэрхэн хариуцлага хүлээлгэх, шийтгэх агуулга хөтөлбөрт алга. 
 
 
Эцэст нь тэмдэглэхэд парламентийн засаглалтай улсад Ерөнхийлөгчийн эрх мэдэл хуулийн хүрээнд хязгаартай. Гэтэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчид иргэдийн дутуу дулимаг боловсролыг ашиглан сурталчилгааны хугацаанд бүхнийг чадагчийн дүрд хувилж, хүчирхэг Ерөнхийлөгч байхаа уралдан амлаж гардаг. 
 
Нэр дэвшигч М.Энхболд “Ажлын байр ахицтай нэмнэ, Хосолмол хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хэрэглээг бодлогоор дэмжинэ, Хүн амын хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэх бодлого баримтлана зэрэг амлалт өгсөн бол Х.Баттулга “Ган, зэс хайлуулах болон нефть химийн үйлдвэр бүхий аж үйлдвэрийн парк байгуулах мега төслийг дэмжинэ, эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн эх оронч Ерөнхийлөгч байна гэж амлаж байгаа. Харин С.Ганбаатарын хувьд “Мянганы бүтээн байгуулалтыг эхлүүлнэ, Ам ба ажил, үг ба  үйл хэргийн нэгдлийг хангана, би ард түмнээ ажилтай, орлоготой болгохын төлөө амрыг харалгүй зүтгэнэ” хэмээжээ. 
 
Энэ бүхэн сонгуулийн үйл явцыг сүржин, даржин болгож байна. Тэдний эдгээр амлалт нь үндсэндээ УИХ, Засгийн газрын бодлого, хэрэгжүүлэх ажлууд. Амлалтууд нь ярьсан шигээ амархан бүтчихгүй гэсэн үг. Гагцхүү хийх хүсэл байгаа бол авлигачидтай тэмцэх хангалттай хүч Ерөнхийлөгчид бий. 
А.СЭВЖИД
 
"Mongolian Economy" сэтгүүл 2017.06 сар
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД