Эдийн засаг

Зүүн хойд Азийн интеграци Монголд ямар боломж өгөх вэ? 2017-06-23 15:18

Монгол Улс өөрийн хөгжилд бүс нутгийн хүчин зүйлсийг зайлшгүй тооцох цаг ирээд байна.
 
Энэ сарын 19-ны даваа гарагт Их Тэнгэрийн аманд Монголын бизнесийн зөвлөлөөс “Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь” чуулга уулзалт боллоо. Энэхүү арга хэмжээ нь цагаа олсон гэдгийг хэлэхээс гадна оролцогчдын хувьд өргөн хүрээг хамарч чадсан, өөрөөр хэлбэл хэрэгтэй хүмүүсээ хамруулж чадсан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
 
Азид хамгийн их хэрэгтэй байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Тиймдээ Хятад улс энэхүү хэрэгцээг соргог мэдэрч “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк”-ийг байгуулсан билээ. Азийн Хөгжлийн Банкны хамгийн сүүлийн тайланд Азийн бүс нутаг өсөлтийн эрчээ хадгалж, ядуурлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд хариу үзүүлэхэд 2016–2030 онд 26 их наяд ам.доллар буюу нэг жилд 1.7 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатайг дурджээ. 2016–2030 онд шаардлагатай уур амьсгалын нийт хөрөнгө оруулалтын 14.7 их наяд ам.долларыг эрчим хүч, 8.4 их наяд ам.долларыг зам тээвэрт зарцуулахаар байна. Энэ хугацаанд, харилцаа холбоонд оруулах хөрөнгө оруулалт 2.3 их наяд ам.долларт хүрч, ус, эрүүл ахуйн зардал 800 тэрбум ам.доллар болно.
 
Энэ их хэрэгцээг хангахад бүс нутгийн улс орнууд интеграцид нэгдэх хэрэгтэй болсон. Нэгдэхийн тулд тоглоомын нэгдсэн дүрэм шаардлагатай. Харин энэ дүрмийг харилцан ойлголцохгүйгээр бүрдүүлэх боломжгүй. Тиймээс “Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь” чуулганы үндсэн зорилго нь мэдээлэл солилцох талбар болох явдал байв.
 
Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлэв. Тэрбээр гадны хөрөнгө оруулагчдад хандаж “Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа итгэлийг алдахгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо улам бүр сайжруулах болно. Манай улсад бизнес эрхлэхдээ гэрээ хэлцлээ итгэлтэй байгуулаарай гэж уриалж байна. Төрийн зүгээс макро эдийн засгийн орчныг тогтвортой байлгах, засаглалын эрдслийг бууруулахын төлөө бүхий л хүчин чадлаараа ажиллах болно” гэж хэллээ. 
 
Чуулганы эхний сэдэв Эдийн засгийн коридорын хөтөлбөр болон бусад бүс нутгийн дэд бүтцийн хөтөлбөрүүдтэй холбоотой байв. Коридорын хөтөлбөрийн хүрээнд ямар боломжууд байгаа, гурван талын бэлтгэл ажил ямар түвшинд яваа талаар ярилцлаа. Уг асуудлаар ОХУ, БНХАУ, БНСУ-ын Монгол Улсад суугаа элчин сайд нар, Засгийн газар, гадаад дотоодын бизнесийн томоохон төлөөлөгчид хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Оросын Элчин сайд И.К Азизов дэд бүтцийн хөгжил сул байгаа нь бүс нутгийн интеграцид хамгийн том саад болж байгаа тухай хэллээ. Тэрбээр эдийн засгийн коридорын хөтөлбөр амжилттай хэрэгжихэд улс төрийн дэмжлэг, хууль зүйн орчин, хөрөнгө оруулалтын орчин гэсэн үндсэн гурван хүчин зүйл чухал, гэхдээ бизнесийн үйл ажиллагаа тухайн үндэстний ашиг сонирхлыг зөрчих ёсгүй гэдгийг онцоллоо.
 
Энэхүү хөтөлбөрт тусгасан төслүүдээс долоон төсөл нь төмөр замтай холбоотой. Тиймээс нэгдүгээрт Улаанбаатар төмөр зам, хоёрдугаарт хөдөө аж ахуй гэсэн хоёр чиглэлд шинэчлэл хийх хэрэгтэй гэж үзэж буйгаа Элчин сайд И.К Азизов ярилаа.
 
БНХАУ-ын Элчин сайд Шинг Хаймингийн хувьд Хятад улс нь “Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд коридорын хөтөлбөрийг бүх талаар дэмжиж ажиллаж буйг цохон хэлэв. Ингэхдээ Монголын тал хэлсэн ярьснаасаа буцахгүй байгаасай гэж хүсэмжлэв.
Энэ хэлэлцүүлэгт Монголын Засгийн газрыг төлөөлж ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажилагааны газрын дарга В.Энхболд оролцлоо. Тэрбээр Монгол Улсад юуны өмнө дэд бүтцээ хөгжүүлж тээврийн зардлаа бууруулах шаардлага байгаа тухай ярьсан юм. Манай улсын тээврийн зардал нь бусад улсын жишгээс хоёр дахин их. Жишээ нь, 25 тоннын нэг контейнерыг эцсийн хэрэглэгчид хүргэхийн тулд 2700 ам.доллар зарцуулдаг. Харин Хятадын хувьд энэ нь 1000 хүрэхгүй ам.доллар болдог аж. В.Энхболд бүс нутгийн интеграцид нэгдэх нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн чухал хэсэг гэдгийг хэллээ.
 
Бүс нутгийн дэд бүтцийн хөтөлбөрүүд дундаас хамгийн амжилттай яваа нь Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачлага. 2015 онд гурван улсын баталсан “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөр бэлтгэл шатандаа явж байна. Коридорын хөтөлбөр бол худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хил хоорондын зам тээврийн харилцааг сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилготой урт хугацааны төсөл. Энэ хоёр дээр ОХУ-ын Транс-Евроазийн бүсийн хөгжлийн хөтөлбөр, Монголын “Хөгжлийн зам” /хуучнаар “Талын зам”/ хөтөлбөрийг уялдуулан хэрэгжүүлвэл бүсийн интеграци жинхэнэ утгаар хөгжинө гэдэгтэй чуулганд оролцогчид санал нэг байлаа. Түүнчлэн, сүүлийн жилүүдэд Орос, Хятад, Япон, Солонгос дөрвөн улсын хамтран баталсан эрчим хүчний “Азийн супер сүлжээ” төсөлд монголчууд оролцох, ашигтай ажиллах таатай боломж бүрдэж байна. Үүнтэй холбоотой Монгол Улс идэвх санаачлагатай ажиллах хэрэгтэй байгааг гадаадын санхүү, бизнесийн том төлөөлөгчид хэлж байлаа.
 
Дээрх чуулган дээр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ох Сон Монгол, Солонгос хоёр улс бүс нутгийн интеграцийн хүрээнд хамтран ажиллах хөгжлийн ямар боломжууд байгааг дурдлаа. Тэрбээр ОУВС-гийн манай улсад хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрийн хүрээнд Монголд хөрөнгө оруулах 700 сая ам.долларыг яаж үр ашигтай зарцуулах тухай ярилаа. Уг санхүүжилтээр хэрэгжүүлэх зарим төслүүд тодорхой болсон. Тухайлбал, Налайхад салхин цахилгаан станц барих талаар ярилцаж байгаа аж. Гэхдээ Монголын тал төслийн жагсаалтаа эцсийн байдлаар өгөөгүй байна. Элчин сайд Хо Сон яригдаж байгаа төсөл, санаачлагууд амжилттай хэрэгжихэд бодлогын тууштай, тогтвортой байдал гол үүрэг гүйцэтгэнэ гэдгийг анхаарууллаа.
 
Хэлэлцүүлэгт Хятадын төдийгүй дэлхийн хэмжээний хөрөнгө оруулалтын компани гэгддэг “Фосун” Группын Гүйцэтгэх захирал, Тэргүүн дэд ерөнхийлөгч  Алекс Гонг оролцсон юм. Энэ хүн цэвэр хөрөнгө оруулагчийн үүднээс асуудлыг харан ярьж байв. Тухайлбал, тэр аливаа улсад хөрөнгө оруулахдаа эхлээд төр-хувийн хэвшил хэр үр дүнтэй хамтран ажиллаж байгааг хардгийг хэллээ.
 
Ийнхүү бүс нутгийн хөтөлбөрүүдийн ирээдүйн талаар ярилцсан чуулганы эхний хэсэг өндөрлөсөн юм.

Дараагийн салбар хуралдаан Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ, Азийн супер сүлжээтэй холбогдож нэн чухал сэдвүүдийг хөндсөн. Энэ тухай дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичих болно.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД