Улс төр

Сонгогчид ялсан 2017-06-27 20:41

Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нээрээ л “өөр гарц бий”-г маш тодоор харуулах шиг боллоо. Гэхдээ тэр нь С.Ганбаатар биш.

Жилийн өмнө УИХ, Аймаг, НИТХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ганцхан жилийн дараах Ерөнхийлөгчийн сонгуульд ийнхүү бүдэрч буй нь юуг өгүүлэв... Нэг жилийн ажлаа “Ардын нам” ард түмнээр дүгнүүлэв бололтой. Хэдий эрх баригч намын байгуулсан Засгийн газар нь ОУВС-тай тохиролцсон ч нэр дэвшигчдээ тус болж чадсангүй. Харин ч ОУВС-гийн хөтөлбөр авсан Монгол дахь сонгуулийг дэлхий анхааралтай ажиглаж байлаа.

Хүлээлтээс давсан өрсөлдөөнийг МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар үзүүлсэн. “Босоо” хэмээн хочиндоо дуртай тэрбээр сонгуульд оролцогсдын 410 орчим мянган хүний санал авсан. БНСУ-ын иргэнээс 50 сая вонн авч буй түүний дүрстэй бичлэг цацагдсан ч сонгуулийн дүнд нөлөөлсөнгүй. Харин гараанаас гарсан цагаас өмнө нь “харайж” явсан ч барианы зураас дээр сүүл дэх өрсөлдөгчид ялагдсан түүнд энэ бүхэнтэй эвлэрэх хэцүү байгаа. Сонгуулийн дүнд будлиан, хуйвалдаан орсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч хэлсэн.

Харин нөгөө талд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 60 тэрбум эвлүүлэг учирласаар, өрсөлдөгчийнхөө гүтгэлгийн хохирогч болж байгаагаа хэвлэлийнхэнд тайлбарласаар, өрсөлдөгчдөө мөнгө тараасан гэж ярьсаар л. Угшил нэгтэй намуудын өрсөлдөөний үр дүнд анх удаа Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин санал хураалт явуулахад хүрч байна.

АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд өрсөлдөгч хоёроосоо 100 мянга илүү санал авсан. Харин одоо тэр энэ “өчүүхэн” ялалтаа баталгаажуулахаар яарч байна. Тус намынхан СЕХ-оос товлосон дахин санал хураах өдрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Нэр дэвшигч Х.Баттулга “Наадам сонгууль хоёрыг зэрэг хийнэ гэдэг нь ирц хүргэхгүй гэсэн башир арга. Сонгуулийн Ерөнхий Хороо эрх баригчдад үйлчилж байна” гэв. Магадгүй тэрбээр дахин сонгуулиас, өөрөөр хэлбэл өрсөлдөөний гадна үлдэхээс айж байгаа.

Дахин сонгууль болно гэдэг нь намууд нэр дэвшигчдээ өөрчлөх ёстой болох учир уг нь М.Энхболд, Х.Баттулга төдийгүй С.Ганбаатарт ч ашиггүй. 

Ямартай ч энэ удаад монголчууд Ерөнхийлөгчдөө ямар нэг хэм хэмжүүр, шалгуур тавьж, "улаан шугам" татдаг болох нь харагдлаа. Тэр улаан шугамны урд хэн ч зогсож чадсангүй. Гэхдээ шалгуур нь юу юм бол... Лавтай мөрийн хөтөлбөр биш, оффшор данс ч биш, гадаадын иргэнээс мөнгө авсан эсэх огт хамаагүй, албан тушаал худалддаг, хэдэн эхнэр хүүхэдтэй байх бол бүр хамаагүй, хөвгүүд нь хар тамхины хэрэгт холбоотой гэж ярьсан ч сонин биш. Товчхондоо хэнийг юу ч гэж магтаж, муулсан иргэдийн сонголтод нөлөөгүй байлаа. Намын нэр хүнд ч хамаагүй байх. Зүгээр л нэр дэвшигчдийг монголчууд хөршөөсөө ч илүү таниж, тэдний сайн, муу, үнэн, худал түүхийг нь өөрөөсөө ч илүү мэднэ.

Тэд сонгуулиас ч өмнө сонголтоо хийчихсэн байлаа. Тийм ч учраас М.Энхболд, Х.Баттулга нарын хөрөнгө, хүч зарцуулсан сонгуулийн сурталчилгаа пи-ар С.Ганбаатарын “ядмаг” кампанит ажлыг ялсангүй. Тэд хэнийг нь ч ялуулахыг хүсээгүй учраас “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй”-гээр санал хуваарилжээ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн онцлох тоо нь “18663”. Төдий тооны сонгогч “цагаан” хуудас, өөрөөр хэлбэл “Би сонгуульдаа оролцоно, гэхдээ хэнийг нь ч дэмжихгүй” гэсэн утга илэрхийлж нэг ч нэр будалгүйгээр саналын хуудсаа уншуулсан байна. Энэ нь өмнөх улстөрийн сонгуулиудад харагдаагүй шинэ төрх байв. Ард түмэн сонгуульдаа оролцсон, гэхдээ “хэнийг ч дэмжихгүй” сонголт хийсэн нь “Өөр гарц байгаа”-г хэлээд мэдэж байсных биз.

Сонгогчдод улс төрийн соёл хэдийнэ төлөвшжээ. Хэрэв тэдний татсан "улаан шугам"-ны өмнө зогсож чадах удирдагчийг нэр дэвшүүлэхгүй бол тэд “Цагаан цаас” уншуулсаар байх болно. Магадгүй дахин санал хураалтаар дийлэнх саналыг “Цагаан цаас” авч ч мэднэ. Учир нь тэгэж байж дахин сонгуульд шилжиж сонгогчид жинхэн утгаараа ялалт байгуулна. Харин энэ удаагийн зөвхөн намуудад хаягласан мессеж байлаа.

 

А.Сэвжид

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Монгол 2017 оны06 сар / 29 11:05

Монгол хүн монгол төрийн тэргүүн байх ёстой гэдэг шалгуур хамгийн супер шалгуур байлаа