Ертөнц

Тайван "Монгол,Төвдийн асуудал эрхэлсэн Комисс"-оо татан буулгана 2017-08-16 13:40

Бараг 90 жил болсны дараа Тайваны “Монгол, Төвдийн асуудал эрхэлсэн Комисс”- ыг татан буулгахаар болжээ.
 
Тайваны Засгийн газрын эх сурвалж өнгөрсөн баасан гарагт мэдээлснээр Монгол, Төвдийн асуудал хариуцсан комиссыг энэ оны эцэс хүртэл үе шаттай татан буулгахаар болсон байна. Энэ нь тус улсын Засгийн газрын бүтцийг үр дүнтэй болгох ажлын нэг хэсэг аж.
 
Комиссын зарим чиг үүргийг Тайван дахь Бээжин, Тайбэйгийн харилцааг эрхэлсэн хамгийн дээд байгууллага болох Эх газрын Зөвлөлийн дэргэдэх хэлтсийг өргөтгөж “Хонконг, Макао, Монгол, Төвдийн Хэлтэс” болгохоор төлөвлөжээ.
 
Засгийн газрын төлөөлөгч Су Куо-Юнг “гүйцэтгэх засаглалын бүтцийг өөрчлөх төлөвлөгөөтэй холбогдуулан Засгийн газар 2018 оны төсөвт дээрх комисст төсөв хувиарлаагүй” гэжээ.
 
Засгийн газар уг Комиссыг татан буулгахтай холбоотой хуулийн төслийг энэ сарын эцэст болох 2018 оны төсвийн парламентын хэлэлцүүлэг болохоос өмнө албан ёсоор өргөн барих аж.
 
Энэ комиссыг толгойлдог Ху Ян-Югийн хэлснээр комиссын үлдсэн зарим чиг үүргийг Эх газрын зөвлөл болон Соёлын яаманд, харин харилцаа, солилцоотой холбоотой чиг үүргийг Гадаад хэргийн яаманд шилжүүлэхээр болжээ.
 
Одоогийн байдлаар Комисст 49 хүн ажиллаж байна. Тэднээс зургаа нь Эх газрын Зөвлөлийн дэргэд шинээр өргөжүүлэн байгуулах “Хонконг, Макао, Монгол, Төвдийн Хэлтэс” рүү шилжинэ. Үлдсэнийг нь Соёлын яамны дэргэд шинээр байгуулах “Монгол, Төвдийн соёлын Төв”д илгээх юм байна.
 
Монгол, Төвдийн Комисс урт удаан түүхтэй бөгөөд 1636 онд Манж Чин улс үүсэхэд “Монголын товчоо” нэртэй байгуулагджээ. Түүхийн явцад олон удаа нэрээ сольсон бөгөөд Манж улс мөхөж, 1911 онд эх газарт БНХУ үүссэний дараа 1928 онд одоогийн нэрийг авчээ.
 
Хэвлэлүүдийн архиваас үзэхэд Гоминданы толгойлогч Чан Кайши иргэний дайнд ялагдсаныхаа дараа 1949 онд уг комиссыг Өвөр Монгол, Төвд дэх Хятадын коммунистуудын эсрэг бослого гаргахад ашиглахыг оролдсон гэсэн мэдээ байдаг.
 
1971-1978 онд энэхүү комиссын нэгэн гол ажил нь Энэтхэг, Непалын төвд гаралтай хүүхдүүдийг Тайванд сургах явдал байв. Энэ нь тайванчууд эх газрыг эргүүлэн авсны дараа тэд Тайваны Засгийн газарт хэрэг болно гэж найдсантай холбоотой аж. Гэвч 1975 онд Чан Кайши нас барснаар энэ найдлага тасарч гоминданыхан эх газрыг эзэлнэ гэдэг боломжгүйг ойлгожээ.
 
Тайваны Үндсэн хуулинд зааснаар Монгол, Төвд нь одоог хүртэл Бүгд Найрамдах Хятад Улсын /Тайваны албан ёсны нэр/ бүрэлдэхүүн хэсэг гэж үздэг. Комиссын мэдээгээр эдүгээ Тайванд 472 монгол, 648 төвд амьдардаг байна.
 
Г.Даваадорж
Эх сурвалж: South China Morning Post
 
 
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД