Улс төр

Улс төрийн соёл 2017-08-17 11:34

Төгсгөл, өмнөх хэсгийг эндээс уншина уу.

Улс төрийн соёлын талаарх анх­ны цэгцтэй өргөн хүрээтэй, харьцуулсан судалгааг Габриел Алмонд, Сидней Верба нар хийсэн. Габриел Алмонд Герман дахь улс төрийн соёл сэдэвт өгүүлэлдээ өнөөг хүртэл улс төрийн соёлын тухай асуудал онол, арга зүйн агуулга бүхий 40 гаруй ном, 50 гаруй өгүүлэл бичигдэж, судалгааны 1000 гаран бүтээлд дурдагдсан (Gabriel Almond, 1993) болохыг тэмдэглэжээ. Хоёр судлаач маань АНУ, ХБНГУ, Их Британи, Итали. Мексик улсуудыг харьцуулан, улс төрийн соёлын ял­гаатай болон нийтлэг байдалд нь дүн шинжилгээ хийжээ. Чингэхдээ улс тус бүрээс 1000 хүнээс тухайн нийгмийн адилслыг буюу иргэний соёлын хэв шинжийг тодорхойлох анкетын судалгаа авчээ. Судалгааны явцад цуглуулсан өгөгдөл нь иргэдийн улс төрийн инс­титуудыг ойлгох, төсөөлөх, хандах бай­дал, тэдэнд бий болсон үнэлэмжийг тодорхойлсон. Тэдний судалгааны үр дүн эдгээр улсуудад улс төрийн соёлын гурван нийтлэг шинж чанар буюу идеал загвар байгааг харуулсан. Тэрхүү гурван идеал загварыг хязгаарлагдмал (parochial), субьектын (subject), оролцооны (participatory) улс төрийн соёл гэж ангилсан (хүснэгт 1-ийг үзнэ үү).     

Улс төрийн соёлын дээрх гурван хэлбэр нь тухайн улсын улс төрийн тогтолцоо, улс төрийн орц (хүсэл сонирхол)-ыг тодорхойлох байдал, тэр­хүү орцыг гарц болгож байгаа улс төрийн шийдвэр, үйл ажилагааны талаарх иргэдийн ойлголт, хандлага болон улс төрийн үйл явц дахь тэдний оролцооны төвшнөөр тодор­хойлогдоно.

Нийгмийн гишүүдэд улс төрийн тогтолцоо, улс төрийн орц, гарцын талаар тогтсон хандлага байх­гүй бөгөөд улс төрийн идэвхгүй төлвийг улс төрийн соёлын хязгаарлагдмал загвар гэж үзэх бөгөөд иргэдийн улс төрийн талаарх ойлголт, төсөөлөл, хандлага маш сул, идэвхгүй байдаг. Улс төрийн соёлын субьектын загварт иргэд улс төрийн тогтолцооны талаар тодорхой ойлголт төсөөлөлтэй байх боловч улс төрийн орцыг тодорхойлох харилцаан дахь оролцоо нь сул, идэвхгүй байна. Харин улс төрийн шийдвэр, үйл ажиллагаа нь нийгмийн харилцаа болон хувь хүмүүст нөлөөлөх шинж чанартай гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл улс төрийн аливаа шийдвэрийн үр дүн, үр нөлөөнд ач холбогдол өгч харин орцод төдийлэн анхаарал хандуулдаггүй байна. Түүнчлэн хувь хүмүүсийн улс төрийн оролцоо харьцангуй сул байдаг.  Улс төрийн соёлын оролцооны загварт иргэдийн дунд улс төрийн тогтолцооны талаар, улс төрийн үйл явц дахь орц, гарцын талаар тодорхой ойлголт, төсөөлөл, хандлага бий болгосон байх бөгөөд тэр хэрээр улс төрийн оролцоо нь өндөр байдаг. Тухайн улсын болон нийгмийн гишүүдийн дунд дан ганц төрлийн улс төрийн соёл бий болж, төлөвшихгүй ч байж болно. Учир нь нийгмийн гишүүд, бүлгүүдийн ялгаатай байдлыг шалгуур болгох аваас дээрх гурван загварын холимог хэлбэрийн улс төрийн соёл бүрэлдэх магадлал бий.    

Удирдлагын академид төрийн удирд­лагаар мэргэшүүлэх дипломын сургалтанд хамрагдаж байгаа суралцагчдад “Улс төрийн соёл” хичээл орох явцдаа дээрх улс төрийн соёлын гурван идеал загвар хэрхэн илэрч байгааг тандах зорилгоор (улс төрийн ойлголт, хандлага, оролцоог тодорхойлох) асуулт тавьж, гурван сонголттой хариулт өгүүлсэн. Судалгаанд  нийт 63 суралцагч хамрагдсан бөгөөд хариултын гурван хувилбараас өөрт тохирох сонголт хийсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүс дараах байдлаар хариулсан. Үүнд:   

•Улс төр миний амьдралд огт нөлөөгүй. Надад улс төрийн талаар ямар нэг ойлголт байхгүй бөгөөд өөрөө ч сонирхож оролцож байгаагүй гэж 4.7 хувь  

•Улс төрийн шийдвэр бидний амьдралд зарим талаар нөлөөлж байдаг. Шаардлагатай тохиолдолд улс төрийн үйл ажиллагаанд оролцдог гэж 71.2 хувь  

• Хүмүүсийг улс төрөөс ангид ойлгох аргагүй. Би улс төрийн үйл явц, үйл ажиллагааг байнга сонирхож, идэвхтэй оролцож байдаг гэж 24 хувь нь тус тус хариулсан. 

Дээрх гурван хариултын хувилбар нь улс төрийн соёлын хязгаарлагдмал, субьектын болон оролцогч хэв шинжийн аль нь тухайн хүнд илэрч байгааг тодорхойлох  бөгөөд судалгаанд хамрагдсан суралцагчдын 71.2 хувь улс төрийн тогтолцооны талаар тодорхой ойлголттой, улс төрийн шийдвэрийг зөв эсхүл буруу гэж үнэлэх хандлагатай байж, шаардлагатай тохиолдолд улс төрийн үйл явцад ямар нэг байдлаар оролцдог боловч улс төрийн орцод тэр бүр ач холбогдол өгдөггүй байна. Тэдний хувьд субьектын загвар бүхий улс төрийн соёлтой гэж тодорхойлж болно. Өөрөөр хэлбэл шаардлагатай гэж үзсэн нөхцөлд улс төрийн үйл явцыг сонирхож байгаа нь ямартай ч улс төрөөс ангид хүмүүс биш болохыг илтгэж байгаа хэрэг. Үүнд үндэслэн дээд боловсролтой, дунд насны Монгол хүмүүсийн дунд улс төрийн субьектын соёл давамгайлах хандлагатай байна гэсэн ерөнхий дүгнэлт хийлээ. Энгийнээр бол дээд боловсролтой, дунд насны Монгол хүмүүс шаардлагатай үедээ улс төрийн идэвхтэй субьект байхыг илүүд үздэг байж болохоор байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан суралцагчдын 24 хувь улс төрийн үйл ажиллагааг байнга сонихрож идэвхтэй оролцож байдаг гэж хариулжээ. Судалгаанд хамрагдсан дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн хувьд маш идэвхтэй иргэд байна. Иймд дундаж насны, дээд боловсролтой Монгол хүмүүсийн 24 хувь нь оролцогч загвар бүхий улс төрийн соёлтой гэсэн ерөнхий дүгнэлт хийж болно. Бүхэлд нь аваад үзвэл энэ төрлийн нийгмийн сегментэд улс төрийн субьектын болон оролцогчын соёл давамгайлж байгаа болно. Харин судалгаанд хамрагдсан суралцагчдын 4.7 хувь нь улс төрийн талаар ямар нэгэн ойлголтгүй хийгээд улс төр тэдний болон нийгмийн амьдралд ямарваа нөлөөгүй гэж хариулсан нь хязгаарлагдмал загварын улс төрийн соёлтой болохыг харуулж байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн дунд субьект-оролцооны загварын шинж чанар давамгайлсан улс төрийн соёл түлхүү илэрч байгаа нь сонирхол татаж байна.    

Улс төрийн соёлын аль ч загварт улс төрийн тогтолцоо, орц, гарцын талаарх ойлголт, хандлага нь эерэг болон сөрөг шинжтэй байж болно. Тухайлбал, улс төрийн тогтолцоог тухайн улсад тохирч байна, тохирохгүй байна, улс төрийн бодлого болгохоор дэвшүүлж байгаа асуудал нь зөв эсхүл буруу, улс төрийн шийдвэр нь алдаатай эсхүл зөв гэх мэтээр үнэлж дүгнэж болно. Хамгийн гол нь тодорхой ойлголт, хандлага байгаа эсэх нь улс төрийн соёлын ямар загвар давамгайлж байгаа эсхүл илэрч байгааг тодорхойлох шинжтэй. Би хувьдаа соёлын талаар өмнө нь тэмдэглэсэн тайлбаруудаас “Соёл бол боловсон харилцаа, харилцааны зөв хандлагатай байх” тухай ойлголт Монгол хүмүүст давамгайлдаг гэж боддог. Учир нь бидэнд улс төрчдийг ёс зүй, ёс суртахууны өндөр шалгуурыг хангасан хүмүүс байх тухай төсөөлөл давамгайлж, түүнтэй уялдсан хүлээлт бий болсон байдаг.

Хэрэв улс төрчид ёс зүйн алдаа гаргавал түүнийг улс төрийн соёлгүй нэгэн гэж үнэлэх нь бий. УИХ-ын чуулганы хуралдааны явцад гишүүд бие биенээ элдвээр хэлэх, дайрах үзэгдлийг улс төрийн соёлгүй байдал буюу боловсон харилцаанд суралцаагүй гэж үздэг нийтлэг хандлага байгаагаас үүдэн улс төрийн соёл бол эерэг шинж чанартай байх учиртай гэсэн төсөөлөл нийгмийн харилцаанд давамгайлдаг гэсэн дүгнэлтэд хүргэнэ. Хэдий тийм боловч арга зүй талаас нь, мөн өргөн хүрээнд тайлбарлах аваас улс төрийн соёлын аливаа хэлбэр Монгол улсын иргэд улс төрийн намуудын үйл ажиллагааг эерэг эсхүл сөрөгөөр үнэлэж байгаагаас, УИХ-ын гаргасан шийдвэр надад хамаатай, хамаагүй эс бөгөөс зөв буруу гэж бодож байгаагаас үл хамааран бий болж, илэрч байдаг. Иймд улс төрийн  соёлыг дан ганц эерэг шинж чанартай улс төрийн үзэгдэл, үйл явц, үнэлэмж, үнэт зүйл гэж явцуу хүрээнд ойлгож болохгүй. Сөрөг шинж чанартай улс төрийн үйл явц, цаашлаад хандлага байх аваас үүнийг ердөө л улс төрийн соёлын нэг хэлбэр, илэрч байгаа хэв шинж гэж ойлгох нь зүйтэй.

Хавар болохтой зэрэгцэн улс төрийн жагсаал, цуглаан болох нь ихсэж хэвлэл мэдээлэл, нийгэм тэр аяараа улс төрөөр амьсгалж байдаг. Үүнийг заримдаа хаврын сиднром буюу хаврын сэтгэл хөөрөл гэж нэрийдэх нь бий. Гэтэл юу гэж нэрлэхээс үл шалтгаалан тухайн тохиолдолд өөрийн онцлогтой улс төрийн соёл бүхий үзэгдэл, үйл явц бий болж байгаа юм. Товчхондоо улс төрийн соёл нь эерэг, сөрөг шинж чанар бүхий ойлголт, хандлага, төсөөлөл, үйл явцын аль алинийг өөртөө агуулна.  

Улс төрийн соёл хувь хүн, нийгмийн зан үйлтэй холбоотой юу? гэсэн асуултыг судлаачид байнга тавьсаар иржээ. Ялангуяа нийгмийн зан үйл нь улс төрийн соёл ялгаатай илрэх, төлөвших нөхцөл болох уу? Ричард Фаген, Роберт Такер, Стевен Вайт нар социалист системтэй улсуудад хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан улс төрийн соёлыг зан үйлийн онцлогтой шууд холбож ойлгох нь өрөөсгөл гэж үзсэн бөгөөд харин улс төрийн тодорхой соёлыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх замаар нийгмийн зан үйлд нөлөөлөх туршлага байгааг тэмдэглэжээ (Robert Tucker, 1972). Өөрөөр хэлбэл социалист системтэй улсуудад улс төрийн нэг үзэл суртал давамгайлж, түүнтэй уялдсан улс төрийн тогтолцоо, харилцаа хүлээн зөвшөөрөгдсөн байдаг бөгөөд тодорхой хугацаа өнгөрсний дараа нийгмийн гишүүдэд нийтлэг зан үйл хэвшдэг (Stephen White, 1979). 

Миний санаанаас гардаггүй нэг тохиолдол үүнийг зөвтгөөд байх шиг. 2003 онд Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуульд Нээлттэй нийгэм хүрээлэнгийн зохион байгуулсан судалгааны арга зүйн семинарт хамрагдаж билээ. Тэрхүү семинарт хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан улсууд болон Зүүн Европын социалист блокын улсуудын их, дээд сургуулийн багш, судлаачид хамрагдсан юм. Хачирхалтай нь семинарт хамрагдсан багш, судлаачид хэдийгээр эрдэм судлалын туршлага, насны хувьд харилцан адилгүй хүмүүс боловч өөр хоорондоо ямарваа бэрхшээлгүй ойлголцож, харилцан санал солилцож байсны дээр олон зүйл дээр нийтлэг төсөөлөл, ойлголт, хандлагатай байсныг тод санаж байна. Семинар болоогүй үед өөр өөрийн улсад өрнөж байгаа улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинэчлэлийн талаар хөөрөлдөн, дор бүрнээ үнэлэлт дүгнэлт өгч, санал бодлоо хуваалцаж байв. Ярьж байгаа хийгээд асуудлыг үнэлж дүгнэж байгаа нь хүртэл бараг ижил байж билээ. Яг энэ үед ОХУ-ын Дагестанаас ирсэн профессор (нэрийн санахгүй байна) бид чинь ер нь бол бүгд зөвлөлтийн хүмүүс шүү дээ гэдэг байгаа. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудаас ирсэн хүмүүсийн тухайд яах аргагүй зөвлөлтийн хүмүүсийн шинж чанартай байх нь эргэлзээгүй. Харин миний болон Зүүн Европын орнуудын судлаачдын тухайд улс орон нь ЗХУ-ын улс төрийн нөлөөнд байсны хувьд адилтгаж болох олон үнэт зүйлээр холбогдсон байх талтай. Ямартай ч тэрээр барууны их, дээд сургуулийн багш, судлаачдаас бидний ялгааг харин өөр хороондоо ижил байгааг ийнхүү тайлбарласан шиг санагддаг юм. Үндсэндээ улс төрийн ижил үзэл суртал нийгмийн бүхий л хүрээний харилцааг тодорхойлж, зохицуулж ирсэн 40-70 жилийн хугацаанд хүмүүст ижил төстэй үнэт зүйл, үнэлэмж, зан үйл, адилсал аяндаа төлөвшсөн байх л даа. Нийгэм-улс төрийн байгуулал нь ижил байсан нь бидэнд нийтлэг соёл бий болгосон болохыг тэрбээр хэлээд байж л дээ. Түүнээс хойш 14 жил өнгөрсөн тул бидний хооронд тэрхүү ижил төстэй байдал хадгалагдсааар байгаа эсхүл бүдгэрч алга болсон эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч нийгэм-улс төрийн ижил төстэй байгуулал нь улс төрийн ижил төстэй соёл бий болгож улмаар нийтлэг зан үйл бүрэлдэхэд нөлөөлжээ.    

ИХ Британий судлаач Пилип Даниел Консерватив намын улс төрийн үйл ажиллагааг судалсаны үндсэн дээр 80-аад онд тухайн үеийн ерөнхий сайд асан Тичерийн засгийн газрын явуулсан өмч хувьчлал, улсын салбарын шинэ удирдлага, төр-хувийн хэвшлийн түншлэл гэх мэт улс төрийн бодлого, үйл ажиллагаа нь Британий иргэдийн дунд шинэ үнэт зүйл, хандлага угтаа бол нийгмийн зан үйл бий болгосныг тогтоожээ. Британид Консерватив намын хэрэгжүүлсэн улс төрийн бодлого, үйл ажиллагаа нь иргэдийн дунд өмчтэй болох, аливаа зүйлийн үр ашиг, үр нөлөөг зөв тооцох улс төр-нийгмийн шинэ сэдэл, зан төлөв бүрдүүлсэн байна. Үүний нэгэн адил өнгөрсөн 25 жилийн туршид Монголын улс төрд улс төр-эдийн засаг-нийгмийн либералчилал явагдаж, түүний үр нөлөөгөөр улс төрийн шинэ харилцаанууд төлөвшсөн гэдгийг бид бэлхэнээ мэдэж байгаа. Улс төрийн шинэ харилцаа нь мөн адил шинэ зохион байгуулалт, институцчилалыг араасаа дагуулсан. Энэ явцад сайн муу, зөв буруу, алдаа оноо аль аль нь байсан. Тэрхүү шинэ институцчилалыг улс төрийн байгууллага, иргэд нийтлэг байдлаар хүлээн авч улс төрийн адилсал бүхий соёлтой болж чадахын зэрэгцээ өөр өөрийн онцлогоос шалтгаалж улс төрийн ялгаатай соёлыг бий болгосон байх талтай. 

Манай улс төрийн  томоохон хоёр намын тухайд байгууллагын соёл, угтаа бол улс төрийн соёл нь ялгаатай болохыг судлаачид тэмдэглэдэг. Тийм байдал олон тохиолдолд тодорхой ажиглагддаг. Тухайлбал, хоёр намын хурлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгааг үзэж суухад Арчдилсан Намын хурал халуухан, заримдаа юу л болдог болдоо гэж бодоход хүргэсэн хэлбэрээр зохион байгуулагддаг бол Монгол Ардын Намын хурал тогтсон дэг жаягтай, сахилга баттай, магадгүй уйтгартай юм шиг зохион байгуулагдаж байдаг. Хурлын зохион байгуулалтын хувьд тэр нь зөв энэ нь буруу гэх аргагүй юм. Ердөө л тухайн хоёр намд ялгаатай улс төрийн соёл төлөвшсөн байгааг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Ардчилсан нам дотоод ардчилал сайтай боловч зохион байгуулалтын институцчлал нь сул байдаг. Үүний шалтгааныг олон намын нэгдэл бүхий улс төрийн хүчин гэдэгтэй нь холбож ойлгох нь зүйтэй. Харин Ардын нам дотоод ардчилал нь харьцангуй сул мэт боловч зохион байгуулалтын институцчилал  сайтай байдаг. Үүний шалтгааныг 90 гаран жилийн түүхтэй улс төрийн нам гэдгээр ойлгож болно. Ямартай ч аль алинд нь ялгаатай улс төрийн соёл төлөвшсөн байна.     

Эрхэм уншигч та улс төрийн соёлыг арга зүйн талаас нь тайлбарлан тодорхойлсон судлаачдын байр суурь болон өгүүлэл бичигчийн эмпирик тайлбараар дамжуулж тус ойлголтын талаар тодорхой төсөөлөлтэй болж чадсан байх гэж найдаж байна. Мэдээд байгаа атлаа илэрхий тодорхойлж чадахгүй байсан ойлголт маань улс төрийн харилцаанд төдийгүй нийгмийн амьдралд тодорхойлох, нөлөөлөх шинжтэй үзэгдэл, үйл явцын агуулж байгааг судлаачдын байр суурь илтгэж байна. 

Улс төрийн соёлыг хувь хүний, нийгмийн бүлгийн, тухайн улс үндэстний хувьд улс төрийн тогтолцоо, түүний бүрдэл болж байгаа институт, субьект, үзэгдэл, үйл явцын талаарх ойлголт, мэдлэг, төсөөлөл, үнэлэмж, хандлага гэж нэгтгэн дүгнэх байна. Улс төрийн соёл нь тухайн хувь хүн, нийгмийн бүлэг, улс үндэстний зохион байгуулалт, нийтлэг үнэт зүйл, онцлог, хүлээн зөвшөөрөгдсөн үзэл суртал, улс төрийн орчноос үүдэн ялгаатай эсхүл ижил төстэй байж болохын дээр цаг хугацааны өөрчлөлттэй уялдан шинэчлэгдэх шинж чанартай. Эмпирик судалгааны үр дүн нийгмийн харилцаанд бий болсон улс төрийн соёл нь нийгмийн нийтлэг зан үйлд нөлөөлж, түүнийг тодорхойлох шинж чанартай байж болохыг дэлгэн харууллаа.

Гагцхүү улс төр судлалын бусад судлагдахуунтай харьцуулахад улс төрийн соёлын талаарх тухайлсан судалгаа харьцангуй цөөн, ялангуяа Монголын нийгэмд бий болсон улс төрийн соёлыг судалсан онолын болон эмпирик судалгааны үр дүн хангалтгүй байгаа  юм. Харин улс төрийн үзэгдэл, үйл явцыг тайлбарлах үл хамаарах болон хамаарах хувьсагч болох талаас нь авч үзвэл улс төрийн соёл нь аливаа зүй тогтолд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, цаашлаад учир шалтгааны зүй тогтолд нь тулгуурлан шийдэл хайх арга хэрэгсэл байж болохоор байна. Иймд нийгмийн улс төрийн хүрээнд бий болсон аливаа үзэгдэл, үйл явцад тухайлсан үнэлэлт дүгнэлт өгч, гаргалаа хайх үүднээс улс төрийн соёлын судалгааг өргөжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгааг улс төр судлаачдад үүгээр дамжуулан уламжилж байна. 

С.Зүльфикар (Монгол Улсын Удирдлагын Академийн захирал, доктор)

 Mongolian Economy сэтгүүл 2016 оны гуравдугаар сар №06 /108/ дугаараас

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД