Инноваци

Агуулахад хөрөнгө оруулбал ашигтай 2017-08-24 09:56

Роботууд, дронууд хөдөлмөрийн зах зээлээс гадна үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг өөрчилнө гэж ажиглагчид үзэх болов. Дэлгүүр явах хэрэгцээ буурч, харин агуулахын эрэлт нэмэгдэнэ. 10-15 жилийн дараа арилжааны зах зээл өнөөдрөөс өөр болно.
 
Агуулахад хөрөнгө оруулсан хүн ирээдүйд алдахгүй. Яагаад гэвэл агуулах хамгийн их орлоготой. Орлогын хэмжээ дунджаар 6-7%. Дэлгүүрийнх 5-6%, офисынх 4-5%. Түүнээс гадна агуулахын зах зээлд 5-15 жилийн урт хугацааны гэрээ байгуулж болно.
 
Технологи хөгжих тусам үл хөдлөхийн зах зээл улам сонирхолтой болох нь. Хүргэлтийн үйлчилгээг бүрэн автоматжуулснаар ойрын 10-15 жилд энгийн дэлгүүрийн эрэлт буурч, агуулахынх өснө.
 
13 минутад хүргээд өгье
Тээвэр ложистикийн сүлжээний компани зардлынхаа 50 хувийг цалинд зарцуулдаг. Өөрийгөө жолооддог ачааны машин, дрон, аж үйлдвэрийн робот амьдралд нэвтэрснээр ложистикийн зардал хэд дахин буурна. Ийм роботуудыг хэдийнэ туршаад эхэлжээ.
 
2016 оны дөрөвдүгээр сард Нидерландын Дэд бүтэц, Хүрээлэн буй орчны яам жолоочгүй 12 ачааны машин туршиж тэдгээр нь Европын дөрвөн улсыг дайрч 3000 гаруй км явжээ.
 
Мөн оны 12 дугаар сард “Amazon” компани анх удаа 2.3 кг ачааг дроноор хүргүүлж худалдан авагч 13 минутын дараа бараагаа авчээ.
 
Хятадын “South China Morning Post” сонинд бичсэнээр “Shentong Express” гэх компани Ханжоугийн агуулахдаа 24 цаг ажилладаг, өдөрт 200 000 хүртэлх бараа ялгадаг роботууд ажиллуулж эхэлжээ. Компани үйл ажиллагааны зардлаа хоёр дахин бууруулж, ажлын бүтээмжээ 30 хувиар өсгөжээ.
 
“Boston Consulting Group” судалгааны байгууллагын таамгаар 2025 он гэхэд ложистик дахь роботуудын оролцоо 25 хүртэл хувиар өсөх аж. Харин Өмнөд Солонгос, Хятад, Герман, Япон, АНУ зэрэг улсад цалингийн зардал 20-30 хувь буурах юм байна.
Хүргэлт хурдасч хямдарснаар цахим худалдаа хүчээ авна. “Savills” судалгааны байгууллагын тооцоолсноор 2025-2030 онд шууд худалдааны салбарт цахим худалдааны эзлэх хувь 20-30 хувь болно.
 
Түрээсийн төлбөр, ачигчдын цалин, маркетингийн зардал нь худалдааны төв дэх барааны өртгийн 20-30% байдаг. Харин бараа өөрөө хэрэглэгчид очдог болсноор дэлгүүр явах шаардлагагүй болно.
 
Цахим орчин дахь шууд худалдаа сүүлийн жилүүдэд тогтмол 20 хувиар өсч байгаа. 2016 онд 2.6 их наяд ам.доллар болжээ. Хэрэв энэ эрчээрээ өсвөл 2020 он гэхэд 5.4 их наяд ам.доллар болно.
 
Үл хөдлөхийн зах зээлийн шинэ шаардлага
Технологийн хөгжил, цахим худалдааны тэлэлт агуулахын барилгын уламжлалт хэв маягийг өөрчилж байна.
 
1. Хувиарлах цэгүүдийн талбай томорно. Жолоочгүй ачааны машинууд амьдралд нэвтэрснээр илүү том агуулахыг нэг нэгнээс нь хол, хүн амьдардаг газраас зайтай барих шаардлагатай болно.
 
Барилгын зах зээлийн түүхээс харахад сүүлийн 5-10 жилд 45 500 м2 агуулахыг хамгийн том гэж үздэг байж. Одоо цахим худалдаа тэлэхийн хэрээр 92 900 м2 хэмжээтэй асар том агуулахууд баригдаж эхлэв. Жишээ нь “Amazon” компанийн Европ дахь агуулахуудын гуравны нэг нь 90 000 м2 – аас дээш хэмжээтэй. Харин Хятадын агуулахын дундаж хэмжээ 150 000 м² байна.
 
2. Олон давхар агуулахууд баригдана
“CBRE” байгууллагын судалснаар хэрэв газрын өртөг агуулахын өртгийн 50% байвал үл хөдлөх хөрөнгө борлуулагчийн хувьд олон давхар барилга барих нь ашигтай. Хүнээс ялгаатай нь роботууд олон давхар агуулахад бараа хураах, ачих, буулгах, баглахдаа түүртэхгүй.
 
2006-2015 онд АНУ-д агуулахын таазны өндөр 25 хувиар буюу 11-12 м болтлоо өсчээ. Хонконг, Сингапур, Токио, Өмнөд Солонгос зэрэг газар үнэтэй орнуудад олон түвшинтэй агуулахууд баригдаж байна.
 
Хөрөнгө оруулагчдын шаанс
“Colliers” байгууллагын таамгаар ойрын таван жилд агуулахын эрэлт хамгийн өндөр байх орон нь Хятад бөгөөд жилд 49 сая м2 шинэ талбай хэрэг болно. Хятадын дараа АНУ, Энэтхэг, Их Британи, Ирланд, Австрали, Баруун Европ, Мексик, Турк орж байна.
 
Шинэ технологи арилжааны дүр төрхийг өөрчлөх учраас ирээдүйд худалдааны үл хөдлөх хөрөнгийн зах зээл том сорилтуудтай тулгарна. Одоо агуулахын үнэ дэлгүүрийнхээс доогуур байгаа бол ойрын 10-15 жилд дэлгүүр, худалдааны төвийн үнэтэй ойртож очно.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД