Бизнес

Инвест Монголиа: Бодит үр дүн хэрэгтэй байна 2017-09-05 16:19

Жил бүрийн “Инвест Монголиа” чуулга уулзалт Засгийн газар, хөрөнгө оруулагчдыг нүүрэлдүүлж, төр бодлогоо тайлбарлаж, Засгийн газрын үйл ажиллагааг хөрөнгө оруулагчид үнэлж дүгнэх, шүүмжлэх боломж олгодог. “Инвест Монголиа-2017” 11 дэх удаагийн чуулга уулзалт өчигдөр эхэлсэн билээ. 

“Монгол Улс бизнестээ иргэн ирлээ” хэмээн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уг чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ цохон дурджээ. Энэ үгийг Засгийн газрын тэргүүн хэлж байгаа хоёр дахь  тохиолдол нь энэ.

Монгол Улс бизнестээ ахин дахин эргэн ирсээр л байна. Харин бизнес эрхлэгчид улс төрчдөөс засаглал, эрх зүй, орчны тогтвортой байдал хүсэмжилсэн хэвээр. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эдийн засаг өндөр өсөлтөөс бараг өсөлтгүй шахам болтол удааширсныг дурдаад тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг сэргээх чиглэлээр тодорхой ажил хийж байгаа хэмээв.

“Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувь хүрсэн, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшилсан” зэрэг давгүй амжилт олсон тухай ч дурдав.

Харин ОУВС-гийн суурин төлөөлөгч Нил Сакер 5.3 хувийн өсөлт бодитой биш гэж үзэж байна. “Энэ бол нүүрсний нөлөө, баярлах болоогүй” гэж тэрбээр хэлсэн юм. Түүнчлэн “Moody's Investors Service”-ийн салбар хариуцсан захирал Грэйм Ноуд “Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлт сэргэж байгаа ч, гадаад валютын албан нөөц хангалтгүй түвшинд хэвээр, засаглал хоорондын зөрчил нь зээлжих зэрэглэл бууруулах суурь шалтгаан болж байна” гэв.

Үргэлжлүүлээд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хөрөнгө оруулагчдад тийм ч таатай сонстохооргүй үгс унагах болов. Ж.Эрдэнэбат “Ямарч нөхцөлд хөрөнгө оруулагчдад бус, баялгийн эздэд илүү боломж, бас ашиг байх ёстой” хэмээжээ. Гэхдээ баялгийн эзэд гэж хэн болох (Засгийн газар уу, ард түмэн үү), илүү ашиг гэдэг нь татварыг оруулж тооцох дүн үү, үгүй зэргийг тодорхойлсонгүй.

Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү “Монголын дэд бүтцийн хөгжил” сэдэвт салбар хэлэлцүүлгийн үеэр сэргээгдэх эрчим хүчний тарифыг бууруулна хэмээн мэдэгдэв. Тухайлбал, Нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчийг 15-18 центээр худалдан авна гэсэн хатуу тарифын доод хязгаарыг үгүй болгох аж. Эрчим хүчний сайд асан Д.Зоригтын тайлбарласнаар өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл  хэрэгжүүлэхээр 80 гаруй зөвшөөрөл олгоод байгаа нь одоогийн хүчин чадлаас ч давсан учир өрсөлдөөнт зарчим руу чиглүүлж хатуу тарифыг уян хатан болгох хэрэгтэй хэмээн нэмж тайлбарлав.

Гэвч өнөөдөр эрчим хүчний салбарт бүрэн хэрэгжсэн төсөл ердөө дөрөв бий. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор тогтоосон тариф нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг дөнгөж татаж байхад бууруулах асуудал ярьж байгаа нь зохисгүй гэж үзэж байгаагаа нэгэн сонсогч илэрхийлж байв.

Мөн Ерөнхий сайд Эрдэнэбат “Уул уурхайн баялаг боловсруулах үйлдвэр болон авто, төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах хэрэгтэй” талаар өгүүлсэн. Дэд бүтцийн салбар бол төр хувийн хэвшлийн түншлэх хамгийн боломжит талбар болохыг ОУСК-ийн Төр хувийн хэвшлийн түншлэл хариуцсан Ази, Номхон далайн бүсийн менежер Изабел Чаттертон илтгэлдээ дурдсан юм. Гэхдээ нэг зүйлийг онцолсон нь “Барих-шилжүүлэх” нөхцөлтэй концессын гэрээ нь төр хувийн хэвшлийн түншлэл биш гэдгийг маш тодорхой хэллээ. Энэ утгаар “Салхитын паркийг эс тооцвол сүүлийн 10 жилийн хугацаанд нэг ч төр хувийн хэвшлийн түншлэл хэрэгжээгүй” хэмээн Д.Зоригт өгүүлэв.

Ерөнхий сайдын үгнээс ахин иш татахад тэрбээр “Монгол Улсад хөрөнгө оруулах чуулганыг янз бүрийн нэршил дор олон жил хийлээ, ирээдүй цаг дээр их ярилаа. Одоо үр дүн, бодит ажил чухал байна” хэмээсэн. Үүнийг ч хөрөнгө оруулагчид хүсэж байгаа нь чуулганы уур амьсгалаас мэдрэгдэж байлаа. Гэхдээ бодит үр дүнд хүрэхийн тулд түүнээс хамаарах зүйл их билээ. 


Ц.Элбэгсайхан

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД