Дэлхий 2017

Цөмийн доогуур босго 2017-10-02 14:48

Цөмийн зэвсгийг уур хилэндээ, хайр найргүй хэрэглэх магадлал 1945 оноос хойш анх удаа туйлын бага байж ирлээ. Гэвч 2017 онд ийм явдал тохиох магадлал байж боломгүй зүйл биш гэдгийг мартаж болохгүй. Чихэнд чимэггүй үнэн гэвэл цөмийн зэвсэг нь  хүйтэн дайны төгсгөлөөс хойш аль ч цаг үед байгаагүй том аюул болоод байна. Геополитикийн алдаатай тооцооноос аваад төр нь ч бай, алан хядагчид ч бай өөдгүй луйварчдаас үүдэн тэдгээр эрсдэл өдгөө XX зууны үеийнхээс давчихаад байна. 
 
Хүйтэн дайныг тодорхойлж байсан гол шинж нь айдсын тэнцвэртэй байдлын хувьд хоёр талын аль аль нь айдсаасаа салах өндөр сонирхолтой байлаа. Армагеддон буюу эцсийн бөгөөд хамгийн том тулаанд ч хүргэж болзошгүй байсан Кубын цөмийн пуужин мөн хуурамч түгшүүр тэргүүтэй удаа дараагийн цочролын дараа байж болохуйц цөмийн хямрал, ослуудын учрыг олох үйл ажиллагаа (Вашингтон, Москвагийн хоорондох алдарт халуун шугамыг оролцуулан) эцэстээ аюулгүй байдлыг хангахад илүү үр нөлөөтэй хамгаалалт болон хөгжсөн байдаг. Гэвч өдгөө энэ нь асуудал байхаа больчихоод байна. Хүйтэн дайн дуусахад тэдгээр протокол цаашид хэрэгцээгүй болсон учир ашиглагдахаа больсон. Гэсэн ч одоо ч ийм хэвээр гэж үзэх нь Владимир Путиний Орос болон өрнөдийнхний улам илүү  дайсагнасан харилцаанд үндэслэн харвал хэт гэнэн бодол байх болно. 
  
Сүүлийн жилүүдэд Орос улс цөмийн зэвсгийг жинхнээсээ хэрэглэх эсвэл түүгээр айлган сүрдүүлэх хэмжээний нөхцөлүүдэд ичиж халгаад байхгүйгээр стандартаа бууруулж байгаа. Хүчирхэг их гүрэн гэсэн Оросын байр суурийг шинэчлэн сэргээх хүсэлдээ хөтлөгдөн ноён Путин өөрийгөө эрсдэл хүлээж авахад бэлэн гэдэг өнцгөөс харуулсан. 2014 оны Крымийг бүрэлдэхүүндээ багтаасан ба Украины зүүн хэсэгт хийсэн нууц дайралт нь Оросын амин чухал ашиг сонирхол гэдэг талаас  нь Путиний байдлыг харвал, үүнийгээ хамгаалахын тулд хэр хол явж чадах бэлтгэлтэй байгааг мэдрүүлсэн. Түүнчлэн, тэр болон түүний гадаад бодлогыг залдаг бүлэглэл өрнөдийнхөн, ялангуяа Америк нь Оросыг номхтгож эрхэндээ байлгахаар тууштай зүтгэдэг гэсэн хэтэрхий айдаст  автчихсан байдаг. Тэдний энэ айдас нөгөө талаас, томоохон дайралт хийхдээ тулбал Оросын зоримог байдал тус улсад ялалт авчирна гэж итгэдэгтэй нь зөрчилдөөд байдаг.
 
Ноён Путин 2014 оноос хойш л Орос дангаараа Америкийг устгах хэмжээний цөмийн зэвсгийн чадамжтай ба тодорхой нөхцөлд цөмийн зэвсгийн нөөцөө ашиглаж мэднэ гэдгийг боломж гарах бүр дэлхий нийтэд сануулж ирсэн. Оросын цөмийн албан ёсны номлолоор бол тус улсын оршин тогтнолд заналхийлсэн, тийм хэмжээний аливаа нэг дайралтад  орсон аргагүй нөхцөлд л цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн байдаг. Гэсэн ч өдгөө дээрхээс илүү далд утгатай хувилбар хүлээн зөвшөөрөгдсөн бодлого болж харагдаад байна. Орос улсын амин чухал ашиг сонирхлоор дэнчин тавьсан гэж үзсэн нөхцөлтэй  сөргөлдөхөд тус улс  “escalate to de-escalate” стратеги хэрэгжүүлэх буюу цөмийн зэвсэг хэрэглэх магадлалтай болчихоод байгаа. Энэ нь Орос улс эхний ээлжинд дайсны цэрэг армийн эсрэг тактикийн шинжтэй харьцангуй бага хэмжээний цөмийн зэвсэг ашиглаж сануулах ба дийлж гарахын тулд илүү том цөмийн хүчийг хөдөлгөхөд бэлэн байгаагаа үзүүлнэ гэсэн санаа юм. Эндээс урган гарч буй онолоор бол эрсдэлд тэвчээр муутай өрнөдийн орнуудын ардчилал удирдагчдаа ийм нөхцөлд ухралт хийхийг хүчлэх  болно. 
 
Энэ ч утгаараа, бүгд НАТО-гийн гишүүн гэгддэг, орос хэлээр ярьдаг хүн амын тоо нь өндөр хувийг эзэлдэг Оростой хил залгаа Эстони, Латви болон Литва гэсэн улсуудад учирч буй Оросын дарамт ихээхэн заналхийлсэн байдалтай харагдаж буй. Балтийн тэнгисийн эдгээр орны агаарын хамгаалалтыг Оросын цэргийн онгоцууд турших нь ихэсч, кибер халдлага учруулах, албаар тэдний хилийн ойролцоо ээлжит бус сургуулилтууд хийх, Оросын телевизээр зогсоо зайгүй суртал ухуулга цацах зэргээр улс төрийн хорлон сүйтгэх ажиллагаа явуулах нь ихэсч байна. Балти орчмын орнууд Украиныг бодвол Москвад стратегийн онцгой ач холбогдолгүй. Гэвч гишүүн орнуудын аль нэгэнд нь халдвал бусад бүх гишүүн оронд халдсантай адил авч үзнэ гэх үүргийг эвсэлд багтдаг орнуудаар хүлээлгэдэг НАТО-гийн гэрээний 5-р зүйл утгаа хадгалж чадах эсэхийг шалгахад Балтийн орнуудыг оролцуулах нь Кремльд юу юунаас ч илүү баяр баясгалан авчирна. 
 
 
Кремлийн тоглогчийн цөмийн мөргөлдөөнд хүргэхээр буруу тооцоолох магадлал  Дональд Трамп  сонгуульд ялснаас хойш хавьгүй ихэсч байна. Долдугаар сард ноён Трамп НАТО-г шоконд  оруулсан нь тус байгууллага Оросын түрэмгийллээс Балти орчмын улс орнуудыг хамгаалахад бэлэн байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэсэн юм. 
 
Турших цаг
 
Хойд Солонгос бол арай өөр төрлийн цөмийн заналхийлэл үзүүлдэг. 2016 оны эхэнд тус улс дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийсэн. Түүнээс хойш пуужингийн туршилтуудыг урьд нь байгаагүй олон давтамжтай хийсэн билээ. Тэд хэдэн удаагийн бүтэлгүйтлийн дараа буюу наймдугаар сард шумбагч онгоцноос баллистик пуужинг амжилттай харвасан бол есдүгээр сард тав дахь туршилтаа явуулсан бөгөөд туршин дэлбэлсэн энэхүү хамгийн хүчирхэгт тооцогдох цөмийн цэнэгт хошууг пуужинд тааруулан жижигсгэх боломжтойг баталсан хэрэг болов. Япон ба Америкийн хувьд Хойд Солонгосын пуужингуудын хамрах хүрээ өсч байгаад зовниж буй. Гэвч одоо бол үүнээс илүү санаа зовоосон асуудал нь Хойд Солонгосын хувьд өмнөд хөршийнхөө суурилуулсан пуужин эсэргүүцэх хүчийг сөрөх чадвартай  дайралт хийхээр төлөвлөж байж магадгүй юм. 
 
Пуужингийн шинжээчдийн хувьд Хойд Солонгосыг цөмийн цэнэгт хошуунуудаа маш олон тоогоор эзэмшдэг богино зайны пуужингуудынхаа заримд нь байрлуулж мэдэх юм гэж үзэж буй. Ингэвэл нэгэн зэрэг олон пуужин харваж болох бөгөөд тэдний ихэнх нь цөмийн бус байх юм. Гэвч зарим цөмийн пуужингийн хувьд бухал дотор нуусан олон зүү шиг пуужингийн хамгаалалтаас нуугдмал байх болно. Үүнийг үр дүнтэй тактик болгохын тулд тушаал ба хяналт нь фронтын шугаман дээрх хүчнүүдийг давах ёстой.
 
Энэ нь тус улсын дэглэмийн айдас болох удирдагчаа солих бослого дээд цэгтээ хүрэх түгшүүрт үед цөмийн зэвсгийг хэрэглэх босго аюултай доогуур хэмжээнд буюу тушаал өгөхийн тулд ганцхан бухимдуу хээрийн командлагч байхад л хангалттай болгож буй. Хойд Солонгосын махлаг залуу удирдагч Ким Жон Ун юмны учир мэддэг, сэрэмжтэй хүн байх магадлалтай. Гэвч түүнийг дээрх хоёр тодорхойлолтын алинд нь ч нийцэхгүйг хангалттай олон баримт харуулдаг. 
 
Эцэст нь хэлэхэд, хэдийгээр ямар ч алан хядах бүлэглэл одоохондоо цөмийн ямар нэг төрлийн зэвсэгт гараа хүргэж чадаагүй байгаа ч, Harvard’s Belfer Centre-ийн тодорхойлж байгаагаар бол дэлхийг сүйрлийн ирмэгт хүргэхэд цөмийн хүч агуулсан дэлхийн нөөц түүхий эдийн 0.01 хувийг хулгайлахад л хангалттай аж. Түүхэндээ ямар ч алан хядах бүлэг Исламын улс бүлэглэлд (IS) дөхөж очихуйц санхүүгийн нөөц, техникийн чадавхитай байсан удаагүй. IS 2017 онд өрнөдийнхний дэмжлэгтэй хүчнүүдэд илүү их газар нутгаа алдах тусам, онцгой балмад аргаар хамаг хүчээ дайчлан хамгаалах гэсэн оролдлого нь ихэснэ. Тэдний хувьд амжилтад хүрэх магадлал бага ч барууны тагнуул, аюулгүйн албаныхан хараа хяналтаа сулруулахгүй байх хангалттай шалтгаан болсоор байна. 
 
Mongolian Еconomy сэтгүүлийн "Дэлхий 2017" тусгай дугаараас 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД