Эдийн засаг

Тун удахгүй 2017-10-04 15:50

Монгол Улс, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан бэлтгэсэн Монгол, Япон ард түмэн өнгөрсөн хагас зуун жилийн дотор хэрхэн ойрхон нөхөрлөж, атаат дайснаас амраг садан болж дотноссон тухай өгүүлэх шинэ дугаар маань уншигч таны гарт тун удахгүй хүрэх гэж байна.

Япон Улс бол зах зээлийн эдийн засагт эргэлт буцалтгүйгээр шилжиж, эдийн засгийн хүчтэй уналт, хэдэн зуун хувийн инфляцитай нүүр тулж, хөл алдсан Монгол Улсад хамгийн түрүүнд гараа сунгаж, хөл дээрээ тэнцэхэд түшиж тулсан орон юм. Өнөө ч энэхүү дэмжлэг .

1991 оноос хойш Монголд 286 тэрбум иенийн зээл тусламж Япон Улсан Засгийн газраас олгосны дотор 130 тэрбум нь буцалтгүй тусламж юм. Энэ хөрөнгөөр барьсан “Нарны зам”, “Нарны гүүр”-ээр Улаанбаатарчууд төдийгүй, монголчууд даяараа зорчиж байгаа. Түүнчлэн Монгол Улсын хамгийн том эрчим хүчний эх үүсвэр Дулааны IV цахилгаан станц өнөөдөр бүрэн бүтэн, хэвийн ажиллаж байгаа нь Япончуудын ач гавьяа.

Зөвхөн сүүлийн долоон жилийн хугацаанд Японы хөрөнгө оруулалт 470 сая ам.доллар хүрсэн. Өнөөдөр ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хамгийн өндөр дүнтэй хөнгөлөлттэй зээл олгож буй түнш нь мөн л Япон Улс. Төсөвт нийт 850 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх юм.

Засгийн газар, төрийн түвшний энэ найрсаг харилцаа нь хоёр орны ард түмний ойртон нөхөрлөх таатай хөрс болсон нь гарцаагүй. Мөн арлын оронд Монгол эх орныхоо нэрийг дуурсгаж яваа сумочдынхоо гавьяаг заавал дурдах ёстой. Элчин сайд Масато Такаока хэлэхдээ “Японд Монголыг мэдэхгүй хүн бараг байхгүй” гэсэн юм. Түүнчлэн “Би монгол хүн” гэж хэлбэл япончууд их найрсаг хүлээн авч, хүндэтгэлтэй харьцдаг тухай Япон дахь Монголчуудын нэгдсэн холбооны тэргүүн А.Долгион ярьсан юм. Үнэхээр ч манай сурвалжлах баг Япон Улсад ажиллах үеэрээ тэрхүү элгэмсэг сэтгэлийг Наритагийн нисэх онгоцны буудалд газардахаас эхлээд буцан хөөрөх хүртлээ мэдэрсэн билээ.

Өнөөдөр Япон Монгол улсын худалдааны эргэлт 233.8 сая ам.доллар байгаа нь өмнөд, умард хөршийн дараа орох үзүүлэлт. Хоёр улсын найрсаг харилцааны таатай нөлөөнд худалдаа арилжаа идэвхтэй хийгдэж байгаа ч үүнээс ч илүү орон зай бий. Эдийн засгийн өндөр идэвхэжилтэй жилүүдэд худалдааны нийт эргэлт 500 сая ам.доллар орчим байсан. Харин Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр худалдааны эргэлт ганц жилийн дотор 18 хувиар өсөөд байна.

Гэвч, Монгол Улсаас Япон улс руу хийж буй экспорт дөнгөж 5.4 сая ам.долларт багтаж байгаа нь чамлалттай тоо. Тэр бүү хэл Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжсэн нэг жилийн хугацаад экспорт буурсан нь Монголын аж ахуй нэгжүүд мэдээлэл дутмаг, бэлтгэл тааруу хангасан байгаагийн илрэл болж байна. Япончууд Монголын, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг цэвэр, сайн гэж үздэг аж. Гүнма аймаг дахь нэгэн шөлний газарт ороход гоймонгийн гурилаа Монголд тарьсан үр тариагаар хийдэг гэж байв. Тус зах зээлийг сайтар судалж, таниж мэдсэний үндсэн дээр чанар стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн нийлүүлбэл маш их боломж байгааг албаны хүрээнд ч, бизнесийн хүрээнд ч, хэрэглэгчдийн хувьд ч хэлж байлаа.

Энэ нөхцөл байдлыг Японы Засгийн газар маш соргогоор мэдэрч Монголын аж ахуйн нэгжүүдэд Японы зах зээлд гарахад зөвлөгөө өгөх зорилгоор олон удаагийн сургалт зохион байгуулахаар тогтоод буй аж. Түүнээс гадна монгол компаниуд Японы зах зээлд амжилттай нэвтрэхийн тулд газар дээр нь очиж мэдрэх хэрэгтэй хэмээн Монгол-Японы эдийн засгийн хорооны ерөнхийлөгч, Иточү корпорацийн ТУЗ-ийн дарга Ёйчи Кобаяаши зөвлөж байна.

Бидний сэтгэл зүрхээ шингээж бэлтгэсэн шинэ дугаараас маань илүү дэлгэрэнгүй мэдээлэл, сонирхолтой ярилцлага, сурвалжилга, нийтлэлүүдээ хүлээн авч уншаарай.

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД