Дэд бүтэц

Шахмал түлшний үйлдвэр ирэх сард ашиглалтад орно 2012-11-01 16:06

Нийслэлийн утааг багасгах, арилгахын тулд утаагүй зуух, шахмал түлш, коксжсон нүүрс, цахилгаанаар халдаг шал, хана, дээвэр туурга гээд боломжит бүх аргыг хэрэглэж байгаа. Нүүрс тэгтэл түлэх хэмжээнд хүрээгүй байгаа ч нийслэл хот утаандаа “баригдаж” эхэллээ. Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Зурагт, Баянбүрдийн тойрог, Хархорин захын орчмоор машин, техник битгий хэл хүн явахын аргагүй болтол утаа манантаж эхэлжээ. Хуучнаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам 2010 онд хагас коксжуулсан шахмал түлшний үйлдвэрийн цогцолборыг “Аморе интернэшнл” компаниар бариулж, нийслэлчүүдийг энэ онд утаанаас салгах амлалт өгч байсан. Жилд 210 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий уг цогцолбор өнгөрсөн есдүгээр сарын 30-нд ашиглалтад орох ёстой байсан ч хугацаандаа ашиглалтад орж амжсангүй.

НЗДТГ болон Нийслэлийн агаарын чанарын газраас 16.8 тэрбум төгрөгийн төсвөөр босож буй уг цогцолбор ямар учраас хугацаандаа ашиглалтад орж чадаагүйг өнөөдөр шалгалаа. Энэ талаар “Аморе интернэшнл” компанийн инженер О.Болдбаатараас зарим асуултад  хариулт авлаа.  

-Утаагүй түлшээр нийслэлчүүдийг хангах цогцолборын хувийг гүйцэтгээд байна вэ?

- Утаагүй түлшний үйлдвэрийн цогцолбор барих төслийн хүрээнд үндсэн дөрвөн ажил хийхээр төлөвлөсөн. Нэгдүгээрт, жилд 210 мянган тонн хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж суурилуулах, туршилт тохируулга хийх. Хоёрдугаарт, хийсэн шахмал түлшээ хадгалах агуулах барих. Гуравдугаарт, “ДЦС-2”-ын зууханд өөрчлөлт хийх ёстой. Төсөл хэрэгжсэнээр станцын хэрэглэх нүүрсний хэмжээ ихэснэ. Тиймээс нүүрс буулгах талбайг томсгох, шинэчилсэн зууханд шаардлагатай нүүрсээр хангахын тулд бутлагчийг шинээр солих, өөрчлөх, дээр нь зуух руу өгч буй нүүрсний дамжуулагчийг өөрчлөх цогц ажил хийх юм. Эдгээр ажлын төсөвт өртөг нь 16.8 тэрбум төгрөг. Үүнээс 2011 онд 83 хувийн санхүүжилт авч, 14 тэрбумыг барилга байгууламж барихад зарцуулсан. Харин 2012 онд нэг ч төгрөг аваагүй. Яагаад гэвэл өмнөх санхүүжилтээр хийх ажил гүйцээгүй байна. Түүнчлэн үүний хажуугаар коксыг барьцалдуулагч түүхий эд болох шингэн шилний үйлдвэр барьж, ашиглалтад орууллаа. Гүйцэтгэлийн ажил 90 хувьтай явж байна. Шинэчилсэн нэг зуухаараа кокс үйлдвэрлээд эхэлсэн.

-Хэдийгээр иргэдийн гэрт шахмал түлш  очих вэ?

-Шинэ зууханд нүүрс түлэхэд уур, кокс гардаг хосолмол үйлчилгээтэй.  Коксоор нь шахмал түлш, өндөр даралттай уурын хүчээр эрчим хүч үйлдвэрлэнэ. Энэ зуух 6200 ккал илчлэгтэй кокс үйлдвэрлэж байна. Станцын зууханд үйлдвэрлэсэн коксыг дамжуулагч шугамаар шахмал түлшний үйлдвэр рүү шилжүүлэх, шахмал түлшний орц найрлагыг тохируулан холих, хэвлэх, хатаах, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг хийж гүйцэтгээд, туршилтын бүтээгдэхүүнээ гаргаад байна. Туршилтын түлшний асалт удаан, утаа тортоггүй, илчлэг өндөртэй учраас хэрэглэгчдэд таалагдана. Худалдаанд гаргах хараахан болоогүй. Энэ сард багтаж үйлдвэрээ ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

-Гэрээний дагуу бол энэ жил нийслэлчүүдэд 19 мянган тонн шахмал түлш нийлүүлэх ёстой. Шахмал түлш хүлээж, нүүрсээ базаагаагүй олон өрх байгаа гэсэн?

-Нийлүүлэхийн төлөө ажиллаж байна. 30 гаруй тоноглол, төхөөрөмжтэй том хэмжээний үйлдвэрийн тоног төхөөрөмжийг турших, тохируулах, зүгшрүүлэх цаашлаад бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд цаг хугацаа их шаарддаг юм байна. Энэ бол Монголд хэрэгжиж байгаа анхны томоохон төсөл. Өмнө нь ийм хэмжээний үйлдвэр ажиллаж байсан бол тэднээс цаг хугацаа болоод бусад талын туршлага судлах байсан. Нэг ч цаг сааталгүй ажиллаж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй.



Х.Ананд


 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД