Хүний хөгжил

Дэлхийн орнуудын цэргийн баярын өдөр 2017-03-18 16:09

Өнөөдөр, гуравдугаар сарын 18-нд Монгол цэргийн баярын өдөр тохиож байна. 1921 оны 3-р сарын 18-нд Д.Сүхбаатараар удирдуулсан Ардын цэрэг хүчээр хэд дахин давуу Хятадын гамин цэргийн хүчийг бут цохин Хиагтыг чөлөөлжээ. 2011 онд уг өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон хуульчилсан юм.

Тэгвэл бусад улс оронд цэргийн баярын ямар өдрүүд байдаг бол?

ОХУ. Хоёрдугаар сарын 23. 1922 онд уг өдрийг Улаан армийн өдөр, 1946 онд Зөвлөлтийн арми болон Тэнгисийн цэргийн флотын өдөр, харин 1995 онд Төрийн дум хууль баталж Эх орноо хамгаалагчдын өдөр болгожээ.

Австрали. Дөрөвдүгээр сарын 25. ANZAC-ын өдөр буюу Австрали, Шинэ Зеландын цэргийн корпусын өдөр. Энэ өдөр дайнд үрэгдэгсэдийг хүндэтгэн ёслолын арга хэмжээ зохиодог бөгөөд орон даяараа амардаг. 1916 оноос мөрдөж ирсэн уламжлалаар сүмд мөргөл үйлдэж, “галт ундаа” нэртэй ром дарс, кофе хольсон ундаагаар хүмүүсийг дайлдаг. Улс даяар ахмад дайчдын цуглаан, ёслолын парад болдог. Тиймээс ANZAC-ын өдөр нь Австралийн өдрөөс ч илүү ач холбогдолтой гэж болно.

Болгари. Тавдугаар сарын 6. Болгарийн армийн баярын өдөр. 1926 оноос эхлээд энэ өдөр хоёр баяр зэрэг тэмдэглэдэг болжээ. Нэг нь Эр зоригийн өдөр, нөгөө нь Зэвсэгт хүчний өдөр. Түүнчлэн, эртнээс цэрэг эрсийг ивээгч гэж үзэх болсон Ялгуусан ялагч Гэгээн Георгийн өдөртэй давхцдаг байна. Энэ өдөр цэргийн техник оролцуулсан ёслолын парад болдог.

АНУ. Тавдугаар сарын 16. Зэвсэгт хүчний өдөр. Энэ өдөрт тийм ч их ач холбогдол өгдөггүй. Вьетнамын дайны ахмад дайчдын өдөр, Нэгдүгээр дайны өдөр, Эх орон дуудах өдөр, Ерөнхийлөгчдийн өдөр, Эргийн хамгаалалтын өдөр зэргийг үүнээс сүртэй тэмдэглэдэг байна.

Испани. Тавдугаар сар. Испаничууд Зэвсэгт хүчнийхээ баярыг бүтэн долоо хоног тэмдэглэдэг. Эртнээс тогтсон заншил ёсоор томоохон хотуудад ёслолын парад болдог. Өнөөдөр, Испанийн залуучууд цэрэгт явах дургүй, арми хүн хүчээр дутмаг учир баярын өдрүүдийн гол зорилго нь залууст цэргийн албанд явах сонирхол төрүүлэхэд оршдог.  

Финлянд. Зургадугаар сарын 4. Маршал Карл Густав Эмиль Маннергеймын төрсөн өдөр буюу Батлан хамгаалах хүчний өдөр. Тогтсон уламжлалаар үндэсний хэмжээний баяр болсон энэ өдөр цэргийнхэнд шагнал гардуулж, шинэ цол олгодог.

Их Британи. Зургадугаар сарын 27. Их Британийн Зэвсэгт хүчний өдөр. Өмнө нь энэ өдөр зөвхөн ахмад дайчдыг хүндэтгэдэг байсан бол хожим нь өнөөгийн болон ирээдүйн дайчдын өдөр болгожээ. Зэвсэгт хүчний өдрөөр эх оронч үзлийг сурталчилж, Зэвсэгт хүчин, Хатан хааны гавьяаг магтдаг.

БНХАУ. Наймдугаар сарын 1. Хятадын ардын чөлөөлөх арми /ХАЧА/ байгуулагдсан өдөр. Хятадын цэргийнхний албан ёсны баярын өдөр. ХАЧА нь Тэнгнсийн цэргийн хүч, Агаарын цэргийн хүч, Техникийн хүч, түүнчлэн Хуурай замын армиас бүрддэг. Хятадын арми нь дэлхийн хамгийн том армиудын нэг бөгөөд 2,5 сая хүнтэй. ХАЧА байгуулагдсан өдөр орон даяар ёслолын хурал, цэргийн үзэсгэлэн, баярын концерт, ахмад дайчдыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулдаг.

Польш. Наймдугаар сарын 15. Польшийн армийн өдөр. Гэхдээ өмнө нь Армийн өдрийг 12 дугаар сарын 12 нд тэмдэглэдэг байв. Харин хожим нь 1920 оны наймдугаар сарын 15-ныг цэвэр Армийн өдөр болгожээ. Энэ өдөр Зөвлөлтийн Улаан арми, Польшийн армийн хооронд тулаан болжээ. Тэгэхэд польшууд эзлэн түрэмгийлэгч гэгдсэн Улаан армиас авран хамгаалаыхг гуйж Гэгээн Марияд мөргөл үйлджээ. Армийн өдөр орон даяар амардаг.

Бразиль. Наймдугаар сарын 25. Эр цэргийн өдөр. Энэ өдөр үндэсний баатар, ХIХ зууны хоёрдугаар хагаст Бразилийн армийн ерөнхий командлагч байсан Луис Альвес де Лима э Сильва мэндэлжээ. 1961 онд Армийг ивээгч гэсэн өргөмжлөл нэмжээ. Өнөөгийн байдлаар баярыг өргөн тэмдэглэдэггүй бөгөөд төрийн баяр, олон нийтээр амрах өдөр байхаа больжээ.

Дэлхий. 11 дүгээр сар. Олон улсын эрчүүдийн өдөр. 2000 оноос 11 сарын эхний бямба гарагт Олон улсын эрчүүдийн өдрийг тэмдэглэдэг болжээ.

 

Г.Даваадорж

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД