Уул уурхай

“Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхыг сайжруулах нь” сургалт болж байна 2017-03-20 13:12

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хүрээлэн хамтран “Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллагын дэмжлэгтэйгээр “Монгол Улсад уул уурхайн салбарын бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” сургалтыг энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Сургалтад уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлох, түүний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргааны уул уурхай хариуцсан удирдах ажилтан, судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл оролцож байна.
 
Өнөөдөр “Санхүүгийн үр ашгийг сайжруулах нь" сэдвээр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд эхэлсэн сургалтыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал нээж, оролцогчдод амжилт хүслээ. Энэ удаагийн сургалтаар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтад ногдуулах татварын орлогын санхүүгийн үр ашгийг зөв тодорхойлж, баталгаажуулах бодлогын зарчмууд, шилдэг туршлагуудыг танилцуулсан юм.
 
Тухайлбал, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан корпорациудтай ажиллахад татварын асуудлыг гэрээгээр зохицуулдаг тул гэрээг байгуулахдаа зүйл зүйл, үг, өгүүлбэр бүрт анхаарах ёстой аж. Үндэстэн дамнасан компаниуд татварын хамгийн бага түвшинд ажиллах сонирхолтой байдаг учир манай улстай давхар татварын гэрээтэй улс орнуудаас хамгийн таатай нөхцөлтэй оронд өөрсдийн хөрөнгө оруулалтын компаниа бүртгүүлж татвараас зугтах боломж их байдаг ажээ.
 
Дөрвөн өдрийн сургалтыг олон улсад нэр хүнд бүхий зөвлөх мэргэжилтнүүд болох “Ди Эл Эй Пайпер” олон улсын татварын компанийн Мэдлэгийн хэлтсийн дарга Ши Бүүн По, Тогтвортой хегжлийн стратеги группын ерөнхийлөгч Люк Даниелсон, Олон улсын эрдэс баялгийн эрх зүй, бодлогын асуудлаар мэргэшсэн хуульч Кристи Брюкнер, “Ин Эдү” компанийн гүйцэтгэх захирал Д.Бямбажав нар удирдаж байна.
 
“Уул уурхай, ашигт малтмал, метал, тогтвортой хөгжлийн засгийн газар хоорондын форум” байгууллага нь 2016 онд Монгол Улсын Засгийн газрын хусэлтийн дагуу Монголын уул уурхайн салбарын бодлогын унэлгээг хийсэн бөгөөд түүндээ үндэслэн энэхүү сургалтыг хийж байгаа юм.
 
Сургалт лхагва гаригт “Уурхайн хаалт" сэдвээр “Пума Империал” зочид буудлын хурлын танхимд, пүрэв гаригт “Нийгэм, эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх нь” сэдвээр Нээлттэй нийгэм форум дээр үргэлжлэх аж.
 

Ц.Элбэгсайхан

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД