Ертөнц

Оросын цахиурын хөндий буюу Сколково 2017-09-15 12:56

С.Отгонцэцэг

Дэлхийн анхны технопарк буюу технологийн парк нь үсрэнгүй технологийн өлгий нутаг АНУ-ын Цахиурын хөндийд анх үүсжээ. 1950-аад оны үед Стэнфордын их сургууль санхүүгийн хүндрэлээс гарахын тулд 32 ам км талбай бүхий эзэмшил газраараа мөнгө олохоор шийдвэрлэснээр энэхүү түүх эхэлдэг. Хэдийгээр энэ газар Их сургуулийн өмч байсан ч түүнийг худалдах эрх тус сургуульд байсангүй. Тиймээс эл газарт Стэнфордын аж үйлдвэрийн парк байгуулах, байр саваа түрээслүүлэхээр шийдвэрлэхдээ зөвхөн технологийн компаниудад л түрээслүүлнэ гэдэг нэг чухал болзол тавьжээ. Түүнээс хойш Стэнфорд төгсөгчид ажилгүй хоцрох, тус сургууль чадварлаг мэргэжилтнээр дутагдахын зовлон үгүй болсон гэдэг. 

Судлаачдын үзэж байгаагаар авьяас чадвартай хүмүүс нэг  дор цуглаж, эрдэм  шинжилгээний  төвтэйгөө ойр байсан нь алс хэтдээ энэхүү хөндийд Google, Apple зэрэг технологийн аваргууд үүсэх урьдач нөхцөл болсон аж. Дэлхий дээрх технологийн компаниудын хамгийн цул нягтралтай газар өнөө хүртэл чухам энд л байгаа билээ. 2015 онд Массачусетсийн технологийн дээд сургуулийн дэргэдэх менежментийн Sloan сургуулийн профессор Мэтт Маркс нэгэн судалгааныхаа дүнг танилцуулсан бөгөөд түүний дүгнэснээр дэлхийн энэхэн хэсэгт технологийн тэсрэлт болсон нь хууль тогтоомжтой ч холбоотой болж таарав. Тухайлбал, Калифорни нь Өрсөлдөөнөөс татгалзах тухай хэлэлцээр үйлчилдэггүй АНУ-ын цорын ганц муж аж. 
Энэхүү хэлэлцээрээр аливаа хүн ажлаасаа халагдсан тохиолдолд өмнө нь эрхэлж байсан ажил, бизнестэй нь адилхан ажлын санал ирвэл  хүлээж авах эрхгүй байдаг байна. Уг хуулийг зөрчвөл шүүхээс хариуцлага хүлээлгэдэг аж. Харин эл хязгаарлалтаас татгалзсанаар тус муж улс ажил албаа сонгох эрх чөлөөг эрж хайсан авьяастнуудыг татах гол төв нь болжээ.  
 
Оросын шинэчлэлийн өргүүр шат 
 
Өнөөдөр дэлхий даяар 700 гаруй технопарк байгаа бөгөөд Оросын хувьд АНУ-ын дараа өөрийн технопаркуудыг инновацийн бизнесийн экосистемд нэгтгэх ажлыг төрийн түвшинд эхлүүлсэн орнуудын нэг гэгддэг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх үүрэгтэй Сколковогийн багийнхан технопаркаа байгуулахдаа Сингапур, Солонгос, Хятад зэрэг олон орны алдаа оноог судалж,  тэдний мэдлэг, туршлагаар зэвсэглэснээр дэлхийн технопаркуудын даацтай өрсөлдөгч болохоор зорьж байгаа аж. Тэд технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд болох био-анагаах ухаан, эрчим хүчний хэмнэлт, мэдээллийн технологи, телекоммуникац, сансрын технологи болон цөмийн эрчим хүчний чиглэлээрх инновацийг  дэмжин ажиллах юм.  
 

“Орос орон өндөр хөгжсөн их, дээд сургуультай, академик шинжлэх  ухаантай орон байсан,байсаар ч байх болно”. 

 

 

“Сколково” сангийн ерөнхийлөгч Виктор Вексельберг

  
 
Инновацийн төвийн төслийн талаар тухайн үед Ерөнхийлөгч байсан Дмитрий Медведев 2010 онд анх мэдэгджээ. Тэрбээр “Сколково”-г эдийн засгийн шинэ бодлогынхоо туршилтын томоохон талбар, АНУ-ын Цахиурын хөндийтэй адил ирээдүйн хотын загвар хэмээн харж байв. “Сколково” төслийг Оросын эдийн засгийг өндөр түвшинд гаргах шинэчлэлийн өргүүр шат /лифт/ байхаар тооцон боловсруулсан гэдэг. “Орос оронд эдийн засгаа төдийгүй эдийн засгийнхаа технологийн хөгжлийг ч шинэ шатанд гаргах инновацийн лифт зайлшгүй шаардлагатай бө­гөөд Оросын шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаантай интеграцчилагдах ёстой” гэж Скол­ковогийн сайтад төслийнхөө зорилтыг тодор­хойлсон байна. Харин Д.Медведев эл зорилтыг илүү тодорхой болгож “шинэ арга, технологи боловсруулах, тэдгээрийн үр дүнг арилжин борлуулах нөхцөл бүрдүүлэх” хэмээн томьёолжээ. Онолын хувьд Сколково нь Оросын шилдэг оюун ухаан гадагшлах урс­галыг хаах, хилийн ча­над дахь гадаад, дотоо­дын өндөр түвш­ний мэргэжилт­нүүдийг дал­лан дуудах иж бүрэн цогцолбор болох ёстой аж. Эндхийн ажилт­нуудад Сколковод гэр бүлийнхээ хамт удаан хугацаагаар аж төрөх таатай орчин бүрдүүлэхийн тулд гааль, татвар, визийн гэхчлэн олон төрлийн хөнгөлөлт үзүүлж, орон сууц, нийгмийн цогц үйлчилээгээр хангах юм. 
 
Ирээдүйн ухаалаг хот
 
Манай сэтгүүлийн сурвалжлах багийг Сколковод очих үеэр Оросын эв нэгдлийн баяр таарч орон даяар амарч байсан тул шинэ хотын өдөр тутмын амьдралын хэмнэлийг мэдрэх завшаан бидэнд тохиогоогүй билээ. Их хотоос зайдуу, ой мод, нуур усандаа ойр хөдөөрхүү нам гүм орчинд өвөрмөц хэлбэрийн хоёр барилга торойж харагдах бөгөөд ойр хавьд нь баригдаж буй барилгууд нь орон сууцны хороолол, цэцэрлэг, харин хоёр том барилга нь “Гиперкуб”, “Матрёшка” хэмээх хөгжилтэй нэртэй болохыг Сколковогийн Шинжлэх ухаан, технологийн институтийн гадаад харилцааны ахлах менежер Александр Золотарев бидэнд тайлбарласан юм.
 
Москва орчмын Можайск районы 400 орчим га талбай бүхий энэхүү нутаг дэвсгэрт цогцлох шинэ хотын бүтээн байгуулалт өнөөдөр эхлэлийн шатандаа л явж байгаа аж. Энд 15 мянга орчим  хүн оршин суухаар төлөвлөсөн бөгөөд үүн дээр 7000 хүн өдөр бүр Инновацийн төв дэх ажилдаа ирж байх юм.  2020 он гэхэд хоёр сая гаруй ам метр талбайд үйлдвэр, үйлчилгээ, оффисын болон орон сууцны барилга баригдаж, Инновацын төвд 35 мянган хүн ажиллана хэмээн тооцоолж байна.  
 
Ирээдүйн хотыг төлөвлөхдөө оршин суугчдынх нь ажиллаж амьдрах орчин, сургууль, цэцэрлэг, дэлгүүр, эмнэлэг зэрэг үйлчилгээний газрууд хоорондоо хэдхэн алхмын зайтай, хүмүүс нь ихэвчлэн явган эсвэл дугуйгаар зорчихоор тооцоолжээ. Барилга байгууламжийн хувьд олон давхар бус, авсаархан ч хэд хэдэн үүрэг зэрэг гүйцэтгэхүйц нягтрал сайтай, “ухаалаг”, ашигтай талбай ихтэй байх тул сколковочууд хоногийн цаг хугацаанаас үл хамааран идэвхтэй амьдрах бүхий л боломж бүрдэх аж. 
 
Олон үндэстэн сүлэлдсэн орчин
 
Сколковогийн Инновацийн төвийн бүрэлдэхүүнд багтдаг Технопарк нь 96300 ам метр буюу хөл бөмбөгийн 12 талбайтай тэнцэхүйц  хэмжээний талбайтай аж. Александр биднийг “Сколково” төсөл хэрэгжих уудам нутаг дэвсгэрээр машинаараа аялуулсны дараа эндхийн хамгийн анхны барилга - “Гиперкуб” хэмээх нэрэндээ таарсан шоо хэлбэрийн долоон давхар байшин дотуур дагуулан явлаа. Гиперкубд Сколковогийн түнш дэлхийн том том корпорацийн менежерүүд, төсөлд оролцогч стартап компаниудын төлөөлөгчид, Технопаркийн ажилтнууд ажилладаг бөгөөд энд зохиогддог арга хэмжээнд оролцогчдод Оросын инновацын орчны хөгжил, шинэ экосистем, түүний бүхий л элемент хэрхэн төрж, төлжиж байгааг нүдээр үзэх боломж олддог аж. 
 
Амралтын өдөр Гиберкуб эл хульхан байсан ч эрдмийн ажилдаа шимтсэн гадаад, дотоодын цөөнгүй мэргэжилтэн ажиллаж байгаа харагдана. Эндхийн коридор, танхимуудыг дээрээс буулгадаг дэлгэцэн хананууд ашиглан тухайн арга хэмжээндээ зохицуулж томсгож багасгах боломжтой аж. Олон нийтийн арга хэмжээ зохиож болох томоохон талбай хэдхэн хормын дотор дэлгэцэн ханаар тусгаарлагдсан хичээлийн танхимууд болж хувирахыг харав. Энэ танхимыг дахиад хэд ч хувааж, хэдэнтээ ч тэлэх боломжтой аж. Нэг  лабораторийн шилэн хананы цаана баахан зөөлөн дэвсгэр  давхарлаад тавьчихсан байхаар нь эндхийн ажилтнууд бас йогоор хичээллэдэг юм болов уу гэтэл энэ нь дрон туршдаг лаборатори бөгөөд дээрээс унасан дрон эвдэрч гэмтэхээс сэргийлж тэдгээрийг  зөөлөвч болгон тавьжээ. 
 
Өөр нэг лабораторид хүн гэж андуурмаар хүүхэлдэйн толгой байх бөгөөд түүний нүүрийг тэмтэрч үзтэл хүнийхээс бараг ялгагдамгүй арьстай аж. Техник технологи галзуу хурдтай хөгжиж буй өнөө үед гаднах дүр төрхөөрөө хүнтэй адилхан төдийгүй хүний бүхий л сэтгэл хөдлөлийг илэрхийлэн, жүжгийн гол дүрд тоглодог жүжигчин, олон хэлээр ТВ-ийн мэдээ уншдаг нэвтрүүлэгч андроид хүүхэлдэйнүүд бий болж байна. 
 
Сколковогийн андроидууд одоо­­гоор Япон, Хятадын тэдгээр хүү­хэлдэйн энд хараахан хүрэхгүй ч орчин үеийн технологийн нэг гол чиглэл болох хиймэл оюун ухаан, робот техникийн салбарт тэд чамлахааргүй үр дүнд хүрчээ. Тухайлбал, саяхан “Промобот” компани гурав дахь үеийн үйлчилгээний роботуудаа танилцуулсны дараа зөвхөн Сколковод хагас цагийн дотор 35 робот худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан аж. Био-анагаах ухааны чиглэлээр л гэхэд хүний бичил хиймэл бөөр бүтээх туршилт нь амжилттай болсон, алсдаа нийтийн зорчигч тээвэрт ашиглах Оросын анхны жолоочгүй автобус “Матрешка”-г зохион бүтээсэн зэрэг нийгэмд чиглэсэн олон эхлэл энд тавигдаж байна.
 
Сколково үүсэн байгуулагдаад зургаахан жил болоход Сколковогийн шинжлэх ухаан, технологийн дээд сургууль “Сколтех” хэдийнэ нээгдэж, эндхийн олон стартап компани хөрөнгө оруулалт, тэтгэлэг хүртжээ. 2011 онд байгуулагдсан энэ сургууль нь бол технологийн стартапууд төрөн бойждог газар төдийгүй уг сургууль өөрөө ч нэгэн төрлийн стартап болж буй аж. Хамгийн шилдэг залуусыг Сколковогийнхоо тусгай шүүлтүүрээр шүүн элсүүлж, тэднийг технологийн стартапаар сэдэлжүүлэх, инно­вацийн үйл ажиллагааны дадал хэвшилтэй болгоход эндхийн багш нар онцгой анхаардаг байна. Инновацийн төвд ажиллаж амьдрах гол шалгуур нь англи хэлний мэдлэг бөгөөд Сколково нь зөвхөн технологийн хөгжил, шинэчлэлийн төв төдийгүй газар газрын эрдэмтэн мэргэжилтнүүд нэгэн дээвэр дор хуран цугласнаар олон үндэстний соёл, уламжлал сүлэлдэн нийлсэн өвөрмөц ертөнц болж  байна. 
 

 "Mongolian Economy" сэтгүүл. 2016.12 №20, 21

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД