Нэгэн цагт Монгол Улс Оюутолгой, Тавантолгой, нүүрсний экспорт, хоёр оронтой тоогоор хэмжигдсэн эдийн засгийн өсөлтөөрөө олон улсын хэвлэлүүдийн эхний нүүрт заларч байсан үе саяхан мэт. Харин өнөөдөр дэлхийн анхаарал Монголын газрын хөрсөн дээрх өөр нэг баялаг руу чиглэж байна. Тэр нь тал хээр, бэлчээрийн экосистем юм.

Уур амьсгалын өөрчлөлт эрчимжиж, ган гачиг ихсэж, хөрсний доройтол дэлхий нийтийн өмнө тулгарсан томоохон эрсдэл болоод буй өнөө үед улс орнууд газрын үнэ цэнийг шинээр “харж” эхэлжээ. Хүн төрөлхтөн технологи, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилтийн тухай ярьж байгаа ч үүний суурь нь эрүүл хөрс, ус, экосистем хэвээр байна. 

НҮБ-ын тооцоолсноор газрын доройтол дэлхийн хуурай газрын 40 орчим хувьд нөлөөлж, бараг дөрвөн тэрбум хүний амьжиргаа, хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна. Хөрс доройтох тусам ургац буурч, усны нөөц хомсдож, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн, улмаар нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал үүсэх эрсдэл нэмэгддэг.  Тиймээс газрын асуудал өнөөдөр зөвхөн байгаль хамгааллын асуудал байхаа больжээ. Энэ нь хүнсний бодлого, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхийн тэмцлийн салшгүй хэсэг болсон байна.

Монгол Улс 2026 оны наймдугаар сарын 17-28-нд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг буюу СOP17-г Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байгаа. Энэхүү арга хэмжээнд конвенцын 197 улсын төлөөлөгчид, төрийн тэргүүнүүд, сайд нар, эрдэмтэн судлаачид, бизнесийн байгууллагууд, иргэний нийгмийн төлөөлөл оролцохоор төлөвлөжээ. Уур амьсгалын асуудлаар зохион байгуулагддаг хурлуудын дундаас COP17 нь газрын доройтол, цөлжилт, гангийн асуудалд төвлөрдгөөрөө онцлог.

COP17-ийн бэлтгэл ажил ч эрчимтэй өрнөж байна. Зургаадугаар сарын 6-нд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Зам, тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон холбогдох дэд хороодын төлөөлөл хурлын талбайд ажиллаж, дэд бүтэц, эрчим хүчний хангамж, харилцаа холбооны сүлжээ, үзэсгэлэнгийн талбай, аюулгүй байдал, тээврийн зохион байгуулалтын бэлтгэлтэй газар дээр нь танилцжээ.

Одоогоор эцэслэгдээгүй урьдчилсан мэдээллээр COP17-д 16 мянга гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа бөгөөд тэдгээрийн 150 гаруй нь төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид байх аж.

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнайгийн мэдээлснээр төлөөлөгчдийг 48-50 зочид буудалд байрлуулах урьдчилсан зохицуулалт хийгдэж, нисэх буудал болон хурлын бүсүүдийн хооронд үйлчлэх тээврийн төлөвлөлтийг боловсруулж байна. Тээвэр, ложистикийн бэлтгэл ажил 60-70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа аж.

Хуралтай холбоотойгоор Улаанбаатар хотын өнгө төрхийг шинэчлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажил мөн өрнөж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын мэдээлснээр хот тохижилтын хүрээнд 5000 орчим мод, бут, сөөг тарихаар төлөвлөж, тэдгээрийг тогтмол арчлах усалгааны системийг хамтад нь шийдвэрлэж байгаа юм. Мөн хурлын бүсүүдийн гадна фасад, дотоод интерьерийн шийдлийг Монголын нүүдэлчин өв, соёл, ахуйг илэрхийлэх үзэл баримтлалд тулгуурлан боловсруулах ажил үргэлжилж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлснээр COP17-ийн бэлтгэлийг хариуцсан 12 дэд хороо нийт 806 ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэгжилт нь одоогоор 55 хувьтай байна. Бэлтгэл ажлын хамгийн чухал төслүүдийн нэг болох Ногоон бүсийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, хувийн хэвшлийн байгууллагатай гэрээ байгуулан хэрэгжилтийг эхлүүлээд байгаа аж. Түүнчлэн Цэнхэр бүсэд түр ашиглах 12 байгууламж барихаар төлөвлөснөөс 11 нь хэдийнэ босоод байна.

Эдгээр бүтээн байгуулалт зөвхөн хурлын өдрүүдээр хязгаарлагдахгүй.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт хэрэгжиж буй парк, тохижилт, инженерийн дэд бүтцийн ажлууд COP17 өндөрлөсний дараа ч иргэдэд үйлчлэх ногоон орон зай болон үлдэхээр төлөвлөгджээ. Ийнхүү олон улсын хурлын бэлтгэл нь Монголын бэлчээр, газрын доройтол, цөлжилтийн асуудлыг дэлхийд таниулахаас гадна нийслэлийн орчин, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн дэд бүтцэд урт хугацааны хөрөнгө оруулалт болж байна.

Цөлжилтийн фронтын шугам дээр 

НҮБ-ын мэдээллээр Монгол Улсын нийт газар нутгийн бараг 77 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтолд өртөөд байна. Гэхдээ нөгөө талаас Монголыг дэлхийн хэмжээний туршлага, шийдлийн талбар болгох боломж юм. Бид ой модыг нүүрстөрөгч шингээдэг гэж ярьдаг. Гэвч судлаачид сүүлийн жилүүдэд бэлчээрийн экосистемийн ач холбогдлыг улам хүчтэй онцолж эхэлсэн. Дэлхийн хуурай газрын талаас илүү хувь нь бэлчээрийн экосистемээс бүрддэг. Эдгээр газар нутаг асар их хэмжээний нүүрстөрөгчийг хөрсөндөө хадгалж байдаг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгалийн хамгийн том хамгаалалтын шугамуудын нэг гэж үздэг болжээ. Өөрөөр хэлбэл, бидний нүдэнд “энгийн” мэт харагддаг тал хээр нь дэлхийн  нүүрстөрөгчийн “хадгаламжийн сан” гэсэн үг. Хэрэв энэхүү экосистем доройтвол олон зуун жилийн турш хөрсөнд хадгалагдсан нүүрстөрөгч агаар мандалд буцаж ялгарна. Харин хамгаалж, нөхөн сэргээж чадвал дэлхийн дулаарлыг сааруулах байгалийн хамгийн хямд бөгөөд үр ашигтай арга хэрэгслийн нэг болж чадна.

Нүүдлийн мал аж ахуйн үнэд орох цаг айсуй 

XX зууны хөгжлийн загвар нь суурин иргэншил, эрчимжсэн аж үйлдвэрлэлд тулгуурлаж байсан бол XXI зуун байгалийн тэнцвэртэй харилцааг дахин үнэлж эхэлжээ. Энэ өөрчлөлтийн төвд Монголын нүүдлийн мал аж ахуй ороод буй.  Мянга мянган жилийн турш нүүдэллэж, бэлчээрийн даац, ачааллыг зүй зохистой ашиглаж ирсэн монголчуудын уламжлал нь өнөөдөр тогтвортой газрын менежментийн сайн жишээ болж олон улсын судлаачдын анхаарлыг татаж байна. НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан нь ч учиртай.

Энэхүү санаачилгыг Монгол Улс идэвхтэй дэмжиж, дэлхийн хэмжээнд манлайлсан бөгөөд COP17 энэ жилтэй давхцаж байгаа нь бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлогын төвд авчрах том боломж болж байна. Өөрөөр хэлбэл, дэлхий нийт Монголын бэлчээрийг зөвхөн мал бэлчдэг газар гэж харахаа больж,  экосистемийн үйлчилгээ үзүүлэгч, нүүрстөрөгч хадгалагч, биологийн олон янз байдлыг хамгаалагч, уур амьсгалын шийдлийн нэг хэсэг гэж үзэж эхэлж байна.

Монгол Улсын өмнө тулгарч буй сорилтууд зөвхөн үндэсний хэмжээнд хязгаарлагдахгүй.

Сүүлийн жилүүдэд Монгол, Хятад, БНСУ, Япон зэрэг Зүүн хойд Азийн орнуудад шар шороон шуурганы давтамж, эрчим нэмэгдэж байна. Тиймээс Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын хүрээнд бүс нутгийн ажиглалтын нэгдсэн сүлжээ байгуулах, эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлэх санаачилга гаргаад байна. Учир нь цөлжилт, ган, тоосжилт хил хязгаар дагадаггүй. Нэг улсын газрын доройтол хөрш орнуудын агаарын чанар, хүнсний тогтолцоо, усны нөөцөд нөлөөлөх болсон.

COP17 хурлын үеэр Монгол Улс дэлхийн дахинаа газрын тогтвортой менежмент, бэлчээрийн хамгаалал, уур амьсгалын шийдлийн асуудлаар өөрийн байр сууриа тодорхойлох боломжтой болох юм. Нэгэн цагт дэлхий Монголын газрын хэвлий рүү харж байсан бол өнөөдөр газрын хөрсөн дээрх тал хээр рүү нь харж буй. Магадгүй Монголын дараагийн стратегийн үнэ цэн нүүрсний давхаргын гүнд бус, өвс ногоо халиурсан, өргөн уудам тал нутагт оршиж байж мэднэ.