Тэнд дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлж, эзэнт гүрнийхээ хил хязгаарыг Орхон голын сав хөндийгөөс олон улс орны хилийг эрхшээлдээ оруулсан оломгүй их түүхийн эзэд Билгэ хаан, жанжин Культегин нар хүлээж байгаа. Тэд ярьж чадахгүй ч эзэнт гүрнээ хэрхэн байгуулсан тухайгаа 3.3 метр өндөр, 1.3 метр өргөн хөшөөндөө мөнхлөн үлдээжээ. Дэлхийн шинжлэх ухаанд Орхоны бичээс хэмээн алдаршсан энэхүү бичиг нь 68 мөр бөгөөд хүн төрөлхтөний үнэнхүү гайхалтай бүтээл болон Төв Монголын энэ л хөндийд мөнхөрсөн аж.

Энэ бол Орхоны хөндийн түүх соёлын дурсгалт газарт Монголын эзэнт их гүрнээс өмнө Түрэгийн их эзэн гүрэн байсны нотолгоо юм. Энэхүү Орхоны хөндийгөөс Түрэгийн хаан Билгэ, их жанжин Культегиний чулуун хөшөөнөөс гадна алт мөнгөн чимэглэл, ваар сав гээд 4000 орчим эд зүйлс олдсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын 2002 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор  Билгэ хаан, их жанжин Культегиний хөшөөний хамгаалалтын бүсийг тодорхойлон улс хамгаалалтдаа авсан байна.  

Улмаар Засгийн газрын 2010 оны 32-р тоот тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэр дээр оршиж байсан Түрэгийн хаант улсын түүх, соёлтой холбогдол бүхий хосгүй үнэт эд өлгийн зүйл, олдворыг хадгалж хамгаалах, судлах, сурталчлах зорилготойгоор Хөшөө Цайдмын музейг байгуулж, 2011 оны зургаадугаар 28-ны өдөр нээлтийг хийжээ.

Түрэг угсаатны түүхэнд холбогдох 170 гаруй үзмэр, үзүүлэнгийн гурван танхимтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй. Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө энэхүү музей бий. Би өөрийгөө аялал жуулчлалын сэтгүүлч гэж хэлэх дуртай ч Хөшөө цайдмын музейг өнөөг хүртэл үзээгүй л байсан байгаа юм. Хархорин хотоос Хөшөө цайдмын музей ороход 45 км автозамтай. Туркүүд тал нутагт барьсан энэ бүх байгууламжийг санхүүжүүлэн дэмжсэн юм байна. Тиймээс Туркуудын зам гэж ч ярьдаг байх нь.

Талын Монголын домогт хөндийд байрлах энэхүү хөшөөг гадаадын жуулчид тэр дундаа Турк улсын иргэд зорин очиж Билгэ хаан, Культегин жанжны хөшөөг үзэж, сонирхож, мөргөж сөгдөж, нулимс унаган хүндэтгэл үзүүлдэг тухай музейн тайлбарлагч ярьж байв. “Би өөрөө ч өглөө бүр мөргөж, баярлаж талархсанаа илэрхийлдэг” хэмээн Хөшөө цайдмын музейн тайлбарлагч ярив. Тэрбээр үнэт олдвороо тайлбарлахдаа үнэхээр баяр жаргалтай, нүд нь гэрэлтэж, царай нь гийж байлаа.

1889 онд Оросын эрдэмтэн Н.М Ядринцев Орхон голын хөндийд орших аварга том хөшөөдийг нутгийн ардын тусламжтайгаар илрүүлэн олж дэлхийн эрдэмтдийн сонорт хүргэжээ. 1997-2007 онд Монгол Туркийн хамтарсан “Монгол дахь Түрэгийн үеийн зарим хөшөө дурсгалыг хадгалж хамгаалах, судлах сэргээн засварлах” төслийн үр дүнд Монгол орны төв нутагт буй VIII зууны Түрэг улсын алдар цуут хаад, язгууртны дурсгал болох Билгэ хаан, Культегин жанжны тахилын онгонуудыг судлан шинжлэх хайгуул малтлагын ажил хийж, дагалдах соёлын олон биет өвийг илрүүлэн бүртгэжээ. 

Дээрх олдворууд нь 30 см зузаан, 40*80 см талбайд хоорондоо сул хөрс бараг байхгүй, дээр дээрээсээ зайгүй давхралдсан байдалтай олджээ. Мөн есөн ширхэг хүн чулуу, хоёр мэлхий чулуу, чулуун арслан нэг, чулуун хонь тав, гэрэлт хөшөө зэрэг эртний олдворыг малтан гаргажээ. 

Билгэ хааны эрдэнийн шигтгээтэй алтан титэм нь археологийн хамгийн нандин үнэт олдвор юм байна. Алдарт хааны алтан титэм бүтнээрээ байгаад энэ зууны хүмүүст хүрч байна гэдэг нь Орхон голын сав газрын аргагүй л ариун нандин хишиг юм аа.

Билгэ хааны эрдэнийн шигтгээтэй алтан титэм

Түрэг улс 552-745 он

Монголын төв нутаг Орхон голын сав газарт МЭ 552 онд Түрэгийн хаант улс байгуулагджээ. Түрэгийн хаант улсын нутаг дэвсгэр нь дорно зүгт Солонгос, өрнө зүгт каслийн тэнгис, өмнө зүгт Алшагийн элсэн цөл, умард зүгт Байгаль нуур хүрч байв. Түрэгийн хаант улсын археологийн дурсгал, тахил тайлгын онгон Монгол орны төв хэсэгт ихэд тархсан байдаг. Түрэг улс Монголын төв хэсэгт төвлөрч, 200 орчим жил оршин тогтнож байгаад 755 онд Уйгар улсын довтолгоонд өртөж мөхсөн түүхтэй.

Билгэ хаан, их жанжин Культегин нар бол ах дүү хоёр юм. Элтерэс хааны хүү Билгэ Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан гэдэг. Түүний дүү Культегин нь маш том цэргийн жанжин байж хаан ахдаа Түрэг эзэнт гүрнийг байгуулахад нь хамгийн том үүрэг гүйцэтгэсэн аж. Культегин жанжин 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин нь ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж ахынхаа төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны наймдугаар сарын 1-нд босгуулжээ.

Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, нэг метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ. 

Эл бичээсийг Культегины ач хүү Йолуг Тегин 20 хоног сийлсэн тухай эх сурвалжуудад дурджээ.Тэрбээр Культегин өвөөгийнхөө Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин жанжныг 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж, ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ хаан яаж эмгэнэн гашуудаж байсан тухай дурдан өгүүлжээ. 

Харин Билгэ хаан дүүгээсээ гурван жилийн дараа буюу 734 оны арваннэгдүгээр сарын 23-нд насан эцэслэсэн байна. Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш нэг км орчим зайд байдаг. 735 оны долдугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг мөн Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан болно.

ЮНЕСКО эдгээр соёлыг өвийг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан аж. 

1893 оны арванхоёрдугаар сарын 15-нд Дани улсын нийслэл Копенгаген хотод болсон хурал дээр Данийн эрдэмтэн Вилем Томсен Культегины тахилын цогцолбор болон Билгэ хааны онгон цогцолборт байгаа гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншсанаа зарласан байдаг. Тус бичээсээс зарим гол агуулгыг сийрүүлэн хүргэе.

“Би эд малаар баян улсын хаан болсонгүй, аманд хоолгүй, мөрөнд хувцасгүй буурай ядуу улсын хаан боллоо.Дүү Культегин бид хоёул өвөг дээдсийн мандуулсан улсын алдар нэр мөхөн сөнөвөөс зохихгүй хэмээн хэлэлцэж Түрэг улсын төлөө шөнө үл унтан, өдөр сул үл суун шүд зуун үхэн цуцтал зүтгэн оролдож их улсыг бий болголоо. Ийнхүү зүтгэн байлдахад улсыг гал, ус үл болгон, сарнин тархаж цуцан ядуурагсад хуран чуулсныг тэнхрүүлэхийн учир умраад Огус, зүүнш Хятан, Татаби өмнөдөд Нанхиадыг байлдахаар аялж хорин хоёр удаа байлдвай. Тэнгэрээс ивээж өлзий хутаг соёрхсонд би мөхөхөд хүрсэн улсыг өргөн тэнхрүүлж нүцгэн улсыг хувцастай, ядуу улсыг баян, өнчин улсыг өнөр болгож, эл улсын элдэв зүйлсийг засан хаан алдрыг бататгавай.

Дөрвөн зүгийн улсыг хүчээр номхотговой. Миний олон хаад намайг харшлах сэтгэлгүй дагажээ”. Түрэгийн эзэнт гүрний 19 дэх Билгэ хааны хэлсэн энэ үг яг л манай Эзэн богд Чингис хааны маань хэлсэн үгстэй утга агуулга нэг ажгуу. Эзэн чингис хаан маань бас л тарж бутарсан хоорондоо танхилалдан муудалцсан ядуу улсыг төвхнүүлсэн баатар билээ. 

“Алтан бие минь алжааваас алжаатугай, 

Ахуй төр минь бүү алдартугай, 

Бүтэн бие минь зовбоос зовтугай 

Бүрэн улс минь бүү самтартугай” хэмээн Чингис хаан маань алтан сургаалаа айлдсан байдаг. 

Түрэгийн эзэнт гүрнээр аялж, нүдээр үзэж, уншихуйц тод томруун эд зүйлсийг харж баяссан би нэгийг бодсоор Цайдамын тал хөндийгөөс эгц хойшоо Өгуу нуур руу явлаа. Нэг км гаруйхан яваад шороон замтай тулж, тал нутгийн хөрс шороонд донсолгон явахдаа ч Орхоны хөндийн бичээс, ах дүү хоёр алдартны үүх түүхийг бодоостой. 

Машин тэрэг ховорхон явах энэ хөндийд буурал түүхийн ямар том эзэд хөшөөнд мөнхрөн байна вэ.

Тухайн үедээ дэлхийг эзэлж явсан Түрэгүүдийн өв соёл ямар агуу юм бэ. Бид энэхүү өв соёлоор дамжуулан юуг дэлхийд харуулж чадах вэ. Улс орныхоо хөгжил, аялал жуулчлалын чиг хандлагад шинэчлэл авчрахуйц төслийг хэрэгжүүлж, гадаадын жуулчдыг Орхоны хөндийдөө урин дуудах юмсан. Дэлхий даяар 200 сая орчим түрэг үндэстэн байдаг гэсэн. Тэдгээр хүмүүсийг Орхон голдоо онцлон татаж, эцэг өвгөдийнх нь онгод, хөшөө, дурсгалыг үзүүлэх юмсан. Үүний тулд энэхүү музейг дахин сайжруулан засч, өргөжүүлэн түүхэн байгууламжуудыг илүү олныг сүндэрлүүлэх хэрэгтэй юм байна даа гэх мэт бодолд дарагдав. Арван зуунаас ч цааших их гүрний ертөнцөд ийн уусан умбаж явах зуур Өгий нуурт 30 гаруй км давхиад иржээ. Зөөлөн шивэрсэн бороо, үүлтэй өдрийн Өгий нуурын үзэсгэлэн болоод жаахан хүчтэй нуурын давлагаа тэртээ холын бодлыг минь сарниулж энэ зуундаа, энэ өдөртөө ороход минь туслав. Өнөөдөр бол 21-р зуун, энэ өдөр бол 2026 оны долдугаар сарын 25 байлаа.

Mongoilan Economy сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр