Хүүхдүүдийн хичээл сургууль амарлаа... Амрах ч яах вэ, харин намар болоход гэнэт дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, багш сургуулийн ачаалал, боловсролын тогтолцоо яасан ийсэн болцгооно. Атал тэрнээс урьтаад унах унаагүй байж, уургаа алтдах, уух усгүй байж, хувингаа мөнгөлөх, дээврийн цоорхойгоо харахгүй байж, дэрнийхээ торгоныг гайхуулах гэдэг шиг юм болох гээд байна…
Засгийн газар https://mongolia.gov.mn/news/view/27614 "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээг төсвөөс хөрөнгө гаргахгүйгээр хэрэгжүүлэх шийдвэр гаргаад байна. Албан ёсны мэдээллээс үзвэл тогтоол есдүгээр сарын 1-нээс хэрэгжих аж. Харин хэвлэлд дурдсанаар эхний ээлжид ЕБС-уудад 100 мянган ширхэг “Chromebook” зөөврийн компьютер, 5000 ширхэг ухаалаг самбар тараах бол, ирэх оны хоёрдугаар сарын 1 гэхэд мөн тооны компъютер, ухаалаг самбар, 2028 оны есдүгээр сарын 1-нд ахиад “100 мянга болон 5000 харьцаагаар” гурав дах удаагийн нийлүүлэлтийг хийнэ. Үр дүнд нь 300 мянган хүүхэд үнэ төлбөргүйгээр ухаалаг төхөөрөмжтэй болох ажээ.
Гэхдээ “...энэ арга хэмжээнд улсын төсвөөс мөнгө зарцуулахгүй. Хөгжлийн банкны санхүүгийн лизингийн охин компани Google-тэй гэрээ хийж, гурваас таван жилийн хугацаанд санхүүгийн түрээсээр авна” гэж Болосвролын сайд мэдээлсэн юм. “Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкны санхүүгийн лизингийн компани худалдан авч, бид гурваас таван жилийн хугацаанд төлнө” гэж Л.Энх-Амгалан сайд ярив. Тэрбээр нэг төхөөрөмжийг 1,5 сая төгрөгөөр тооцож авахаар төлөвлөж байгаагаа хэвлэлийнхэнд мэдээлсэн. Нийт 450 тэрбум төгрөгийн өртөгтэй гэсэн үг.
Аливаа шийдвэр нийгэм, эдийн засгийн үр өгөөжтэй байвал ач холбогдолтой гэж үздэг. Тэгвэл "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар арга хэмжээг хэрэгжүүлэх тухай тогтоол” ийм байж чадах уу?
Бодъё л доо: зөөврийн, суурин эсэхээс үл хамаарч компьютер бол технологийн хэрэгсэл. Ердийн хэрэглээний цахим төхөөрөмжүүд төрлөөсөө хамаараад 4-6 жил ашиглах хугацаатай байдаг ч, технологийн хурдтай хөгжлөөс шалтгаалан 3-5 жилийн хугацаанд хуучирдаг болохыг ResearchGate https://www.researchgate.net/ сайтад дурджээ.
Тэгтэл Боловсролын сайд Л.Энх-Амгалан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө PISA олон улсын үнэлгээгээр монгол хүүхэд дэлхийн бусад орны үе тэнгийн хүүхдээс унших, бичих чадварын хувьд таван жилээр хоцрогдолтойг дурдсан. “Хот, хөдөөгийн ялгаа 2-2.5 жил” гэсэн. Тиймээс хүүхдүүдийг үнэгүй компьютертай болгож, “Pearson”, “Eduten”, “Medle” зэрэг хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлнэ гэж тайлбарлав. Хөтөлбөрүүдийн тухайд, англи хэл, математик, цахим боловсролын цогц хөтөлбөр, платформ аж.
Гэхдээ нэг асуулт байна. Унших, бичих чадварыг хөгжүүлэхэд цахимд суурилсан хөтөлбөр, платформ ашиглах нь оновчтой гаргалгаа мөн үү?Технологи нь 3-5 жилд хуучирч байхад компьютертай болгоод уншуулж, бичүүлж, сэтгэн бодох чадварыг сайжруулна гэдэг нь урт хугацааны, тогтвортой хөгжлийн шийдэл байж чадах уу? дэлгэцийн донтолт яах вэ?
Зарим сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн эдгээр цахим хөтөлбөр дэлгэцийн донтолтод хүргэхгүй гэсэн утгатай тайлбарыг өнөөгийн Боловсролын сайд өмнөх сайдынхаа адилаар хэлж буй. Үүнийг тусдаа асуудал гэж үзэхэд, Засгийн газрын шийдвэр бодит ажил хэрэг болоход эдийн засгийн үр өгөөж гарах уу гэдэг нь анх дэвшүүлсэн үндсэн хоёр асуултын нэг.
Ингэж асуух шалтгаан байна. 2017 онд батлагдан, хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Хөгжлийн банкны стратеги төлөвлөгөө, стратегийн зорилго, хөгжлийн гол чиглэлэлд стратегийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх замаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, дунд, урт хугацаанд тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа явуулна гэж заасан байдаг. Тэгээд ч энэ арга хэмжээг хэрэгжүүлэх санхүүгийн лизингийн “Ди Би Эм Лизинг” ХХК үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудын төсөл, хөтөлбөрүүд болон импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээний техник, тоног, төхөөрөмжинд санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлнэ гэжээ.
Өөрөөр хэлбэл, импортыг орлох үйлдвэрлэл, экспортыг дэмжих уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хүнд даацын машин, механизм, техник, тоног төхөөрөмжийг худалдан авахад санхүүгийн түрээс, дэмжлэг үзүүлдэг гэсэн байна.
Түрээсийн үйлчилгээ үзүүлэх шаардлага нь ч “нарийн”. Санхүүгийн түрээс төлөх эх үүсвэр нь тодорхой, эргэн төлөх боломжтой байх, зах зээлийн судалгаа, шинжилгээ хийгдсэн, борлуулалтын нэгдсэн төлөвлөгөөтэй байх гэх мэт.
Ерөнхийдөө 450 тэрбум төгрөг гэдэг бага тоо биш. Арилжааны томоохон банкуудын жилийн цэвэр ашиг 300-400 тэрбум төгрөг гэдэг. Мөн хүүхдийн мөнгөнд нэг жилд зарцуулах төсвийн 30 гаруй хувьтай тэнцэх энэ мөнгийг 3-5 жилд хуучрах төхөөрөмжинд зарцуулна, тэр нь эргээд зээлээ төлөх ямар нэг бизнесийн үйл ажиллагаа биш гэхээр стратегийн хувьд хэр сонсогдож байна вэ?
Дээр нь алслагдсан бүс нутагт өндөр хурдны интернэт, тог цахилгааны найдвартай эх үүсвэр байхгүй бол тэр төхөөрөмжүүд үнэ цэнгүй төмөр болон хувирах биш үү?
Үнэхээр ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулах боломж байгаа бол эрэмбийн хувьд цэцэрлэг сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, анги танхимыг өргөтгөх ажлууд тэргүүн ээлжид байх ёстой баймаар. Бүр цаашлаад дэлхийн улс орнуудад One Laptop per Child хөтөлбөр хэрэгжүүлж үзээд бүтэлгүйтсэн түүх нэг бус. Перу улсад ийм хөтөлбөрийг 10 жил хэрэгжүүлсний дараа сурагчдын математик, хэл болон танин мэдэхүйн чадварт ямар нэгэн эерэг нөлөө үзүүлээгүй нь судалгаагаар https://www.ictworks.org/olpc-predictable-failure/ тогтоогдсон байна. Судалгааг 10 гаруй жилийн турш 531 сургуульд явуулсан аж.
Тус хөтөлбөрийг заавал бүтэлгүйтүүлж харлуулахыг зорьсонгүй. Гэхдээ стратеги, үр өгөөжийн хувьд эрсдэлтэй, өртгөө өөрөө нөхөх боломжгүй хэрэглээний шинжтэй хөтөлбөр л харагдаад байна. Бодит орлого нь “хариугүй”, үндсэн асуудлуудаа шийдээгүй мөртлөө iPhone-ий “нэн шинэ” хувилбарыг аваад барьчихсантай л адил болох вий дээ.
Хичээл эхлэх дөхөхөөр л энэ сэдэв дахин олны анхааралд өртөх биз ээ. Гэхдээ ард түмэн “үнэгүй юманд нугасгүй” биш гэдгийг эрх баригчид маань ойлгох цаг иржээ.





