БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Игийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилсэн айлчлалын хүрээнд талууд улс төрийн харилцан итгэлцэл, бүс нутгийн хамтын ажиллагаа, дэд бүтэц, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Ван И нь БНХАУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэгч сайд төдийгүй Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүний хувиар Бээжингийн бодлого боловсруулах түвшний гол төлөөлөгчдийн нэг юм. Тиймээс түүний гадаад айлчлал бүр тодорхой улс төрийн агуулга, мессеж агуулдаг.
Айлчлалын хүрээнд Ван И Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, Ерөнхий сайд Н.Учралтай уулзан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.

Хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдээлэлд талууд төрийн тэргүүн нарын хүрсэн нийтлэг ойлголтыг удирдлага болгон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэхээ нотолсон байна. Мөн бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, дотоод хэрэгт үл оролцох зарчмыг хүндэтгэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхээр тохиролцжээ.
Монголын тал “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталж буйгаа дахин нотолж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын дотоод хэрэг гэж үздэг байр сууриа илэрхийлэв.
Харин Хятадын тал Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг өндрөөр үнэлж, гадаад бодлогын яриа хэлэлцээг улам эрчимжүүлэхээр болов.
Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд талууд хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарахаар тохиролцжээ. Үүний хүрээнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, газрын тосны олборлолт, эрчим хүч, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслүүдийн явцыг урагшлуулах асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна.
Мөн “Бүс ба зам” болон “Талын зам” санаачилгын уялдаа холбоог бэхжүүлэх, Засгийн газар хоорондын “гурвыг цогцоор” хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хил дамнасан төмөр зам болон бусад томоохон төслүүдийг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв. Үүнээс гадна уул уурхай, аж үйлдвэр, ногоон хөгжил, дижитал эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцсон нь анхаарал татаж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай хийсэн уулзалтын үеэр мөн хоёр улсын харилцааг цаашид тогтвортой өргөжүүлэх асуудал яригдсан бөгөөд Ерөнхий сайд БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл хэвээр байгааг онцолсон юм.
2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлээс Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн нь хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээсэн гэж үздэг. Түүнээс хойш хоёр улсын төрийн тэргүүнүүд тогтмол уулзаж, 2022 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бээжингийн өвлийн олимпын үеэр Ши Жиньпинтэй уулзсан бол 2024 онд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтран тэмдэглэсэн юм.

Харин энэ удаагийн Ван Игийн айлчлал өмнөх өндөр түвшний уулзалтуудаас нэг зүйлээр ялгарч байна. Өмнөх жилүүдэд улс төрийн итгэлцэл, стратегийн түншлэлийн асуудал давамгайлж байсан бол энэ удаагийн хэлэлцээний төвд худалдаа, логистик, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, харилцан холболтын төслүүдийн хэрэгжилт илүү тодорхой тавигдав.
Өөрөөр хэлбэл, харилцааны суурь зарчмууд хэдийнэ тогтож, хамтын ажиллагааг бодит эдийн засгийн үр өгөөж болгон хувиргах шат руу шилжиж буйг энэхүү айлчлал харууллаа.
Мөн Ван Игийн айлчлалын үеэр талууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс зохион байгуулахад Хятадын тал дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн нь бүс нутгийн асуудал дахь Монгол Улсын оролцоог Бээжин анхааралтай ажиглаж буйн дохио болов.
Харин Хятадын хэвлэлүүд Монголын талаас “Нэг Хятад”-ын бодлогыг дахин нотолсныг онцгойлон мэдээлжээ. Монгол, Хятадын хамтарсан мэдэгдэлд Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын дотоод хэрэг гэж үзэж буйг тусгасан нь Бээжингийн хувьд улс төрийн чухал үр дүн юм.
Сүүлийн жилүүдэд Тайванийн асуудал Хятадын гадаад бодлогын хамгийн мэдрэмтгий сэдэв болсон тул хөрш орнуудаас ийм баталгааг тогтмол авч байх нь Бээжингийн үндсэн зорилтын нэг байдаг.
Түүнчлэн Хятадын зарим ажиглагчид, тухайлбал “South China Morning Post"-д гарсан тайлбарт Ван Игийн айлчлал нь Монголын шинэ Засгийн газартай эртнээс ажиллаж, Монголыг Хятадын эдийн засгийн орон зайд улам ойр байлгах зорилготой гэж тайлбарласан байна.
Энэ нь Бээжин Улаанбаатар дахь бодлогын залгамж чанар, томоохон төслүүдийн хэрэгжилтэд тодорхой байдлыг хүсэж байгааг илэрхийлж байгаа хэрэг.
Харилцааны эдийн засгийн хэмжүүр
Улс төрийн харилцааны энэхүү идэвхжил нь эдийн засгийн харилцааны тэлэлтээр баталгаажиж байна. Монгол, Хятадын худалдааны эргэлт 2015 онд 5.3 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 18.6 тэрбум ам.долларт хүрч, сүүлийн арван жилийн хугацаанд 3.5 дахин өсжээ.
Монголын экспорт мөн хугацаанд 3.9 тэрбум ам.доллараас 14 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс гадна БНХАУ нь Монголын экспортын гол зах зээл хэвээр байгаа бөгөөд 2026 оны эхний таван сарын байдлаар нийт экспортын 93.5 хувийг дангаараа шингээжээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын нийт импортын 38.6 хувийг БНХАУ дангаараа бүрдүүлж байгаа бол ОХУ 29.7 хувийг эзэлж байна. Япон 8.7 хувь, БНСУ 3.7 хувь, АНУ 3.3 хувийн жинтэй байгаа нь Хятад улс Монголын хамгийн том худалдааны түнш, хамгийн том импортын эх үүсвэр хэвээр байгааг харуулж байна. Түүнчлэн БНХАУ нь Монголын экспортын хамгийн том зах зээл хэвээр байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд нийт экспортын 90 орчим хувийг шингээж байна. 2025 оны эхний таван сард нийт экспортын 91.8 хувь нь БНХАУ-д ногдож байсан бол 2026 оны мөн үеийн үзүүлэлт 93.5 хувьд хүрсэн.

Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нарын дэвшүүлсэн худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхэд ердөө 1.4 тэрбум ам.долларын зөрүү үлдээд байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж ойртсоныг харуулж байна.
Ийнхүү Ван Игийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг бататгахаас гадна худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааны дараагийн зорилтуудыг тодорхойлсон улс төр, эдийн засгийн чухал үйл явдал болж өндөрлөлөө.

