Манай улсын хувьд нэн чухал гуравдагч хөршийн нэг яахын аргагүй болоод буй тус улстай хамтын ажиллагааг бүхий л түвшинд өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Франц дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж буй түүнтэй бид онцлох гол сэдвүүдийн хүрээнд илэн далангүй ярилцсан юм.
Та 2022 онд Ерөнхийлөгч Э.Макронд итгэмжлэх жуух бичгээ барьсан. Тэр цагаас хойш хоёр орны харилцаанд томоохон ахиц гарсан олон үйл явдал боллоо. Та тэдгээрээс алийг нь онцлон тэмдэглэх вэ?
Миний хувьд энэ хугацааг Монгол, Францын харилцаа чанарын шинэ түвшинд гарсан үе гэж дүгнэнэ. Өмнө нь хоёр орны харилцаа улс төр, соёл, боловсролын уламжлалт хүрээнд түлхүү хөгжиж ирсэн бол сүүлийн жилүүдэд эдийн засаг, хөрөнгө оруулалт, стратегийн төсөл, хөгжлийн санхүүжилт, өндөр технологи зэрэг илүү бодит агуулгатай болж өргөжиж байна.
Үүнд 2023 онд хоёр орны Төрийн тэргүүн нарын хэрэгжүүлсэн төрийн айлчлал чухал түлхэц болж, харилцааны оргил цэг болсон. Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж, удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад төрийн айлчлал хийсэн нь хоёр улсын улс төрийн итгэлцлийг шинэ шатанд гаргасан түүхэн үйл явдал байлаа.
Гэхдээ би зөвхөн айлчлал болсон гэдгээр нь бус, тэдгээр айлчлалын дараа бий болсон үргэлжлэх механизм, бодит үр дүнг илүү чухал гэж хардаг. Монгол, Францын 2023–2028 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө, мөн олон жил завсарлаад байсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийг сэргээсэн нь өндөр түвшний улс төрийн тохиролцоог хэрэгжүүлэх институцийн суурь болсон.
Өөрөөр хэлбэл, энэ хугацааны гол ахиц бол хоёр орны харилцаа “найрсаг харилцаа”-ны түвшнээс “бодит төсөл хэрэгжүүлдэг, хөрөнгө оруулалт татдаг, технологи дамжуулдаг, хөгжлийн санхүүжилт нээдэг түншлэл” рүү шилжиж эхэлсэн явдал юм.
Түүнчлэн, Францын Хөгжлийн агентлагийг Монгол Улсад үүсгэн байгуулах, үйл ажиллагааг зохицуулах хэлэлцээрийн төсөл дээр талууд ажиллаж, тохиролцоонд хүрээд байна. Хэлэлцээрийг Монгол Улсад 2026 оны наймдугаар сард зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр байгуулахаар бэлтгэлийг хангаж байна.
Хэлэлцээр байгуулагдсанаар Францын Хөгжлийн агентлагийн хөнгөлөлттэй зээл, Proparco-гийн хувийн хэвшлийн санхүүжилт, Expertise France-ийн техникийн туслалцааг эрчим хүч, уур амьсгал, ус, ой, хот байгуулалт, нийгэм болон хувийн хэвшлийн төслүүдэд ашиглах эрх зүйн үндэс бүрдэх юм.
Мөн энэ онд “Монгол цөлжилтийн эсрэг тэмцэх нь” төсөлд зориулж, Францын Европ, гадаад хэргийн яамнаас 998,320 еврогийн дүнтэй санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна. Тус төсөл нь Ойн газар, Усны газар, ЦУОШГ-ыг Францын ижил чиглэлийн үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцоог идэвхжүүлэх зорилготой.

Та хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлалын талаар дурдлаа. Энэ хоёр айлчлалын дараа гарын үсэг зурсан хэлэлцээр, төслүүдийн хэрэгжилт ямар байгаа талаар мэдээлэл өгнө үү?
Төрийн тэргүүн нарын айлчлалын дараах хэрэгжилтийг би гурван түвшинд харж байна.
Нэгдүгээрт, бодлогын түвшинд хоёр тал хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлээ тодорхой болгосон. 2023–2028 оны хамтын ажиллагааны төлөвлөгөө нь дараагийн жилүүдэд ямар салбарт, ямар зорилгоор, ямар төслүүдийг урагшлуулах вэ гэдгийг нэг хүрээнд оруулсан баримт бичиг болсон.
Хоёрдугаарт, институцийн түвшинд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийг сэргээсэн нь маш чухал. Энэ механизм олон жил завсарласан байсан. Ажлын хэсгийг сэргээснээр өндөр түвшинд тохирсон асуудлуудыг салбар бүрээр нь хянах, хэрэгжилт удааширсан төслүүдийг ярилцах, хоёр талын байгууллагуудын уялдааг хангах боломж бүрдсэн. 2025 онд Парис хотноо Ажлын хэсгийн III хуралдааныг зохион байгуулсан нь энэ чиглэлд гарсан бодит ахиц юм.
Гуравдугаарт, хэд хэдэн том төслийн ажил хэрэгжилтийн шатанд шилжсэн. Зөөвч-Овоогийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, үндэсний хиймэл дагуулын төсөл техникийн болон санхүүжилтийн хэлэлцээний шатанд орсон, Онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа үргэлжилж байгаа, мөн Францын Хөгжлийн агентлагийн үйл ажиллагааг Монголд эхлүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Тиймээс 2023 оны айлчлалуудын дараах хэрэгжилтийг нэг өгүүлбэрээр хэлбэл: улс төрийн тохиролцоо төлөвлөгөө, ажлын механизм, гэрээ, санхүүжилт, бодит хэрэгжилт эхэлсэн гэж дүгнэнэ.

Франц Монголыг "Давуу эрхт түнш", Монгол Францыг чухал "Гуравдагч хөрш" гэж үздэг болсон. Энэ статус практик дээр юугаар илэрч байна вэ?
“Давуу эрхт түнш”, “гуравдагч хөрш” гэдэг нь зөвхөн дипломат хэллэг биш юм. Энэ нь өдөр тутмын хамтын ажиллагаа, бодит төсөл, харилцан итгэлцэл, урт хугацааны улс төрийн сонголтоор баталгаажиж байдаг ойлголт.
Монгол Улсын хувьд Франц бол Европ дахь манай чухал гуравдагч хөрш, ардчилал, хүний эрх, олон улсын эрх зүй, олон талт хамтын ажиллагааг эрхэмлэдэг үнэт зүйлс ойролцоо түнш юм. Харин Франц Улсын хувьд Монгол бол Ази, Европыг холбосон орон зайд орших, ардчилсан тогтолцоотой, нээлттэй гадаад бодлоготой, найдвартай түнш орон гэж үнэлэгддэг.
Энэ статус хамгийн түрүүнд улс төрийн харилцааны түвшинд илэрч байна. 2023 онд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан төрийн айлчлал хийсэн нь хоёр тал бие биенээ стратегийн ач холбогдолтой түнш гэж үзэж буйн хамгийн тод илэрхийлэл болсон. Төрийн тэргүүн нарын түвшинд бий болсон улс төрийн итгэлцэл өнөөдөр яамд, парламент, орон нутгийн байгууллага, их дээд сургууль, соёл, бизнесийн байгууллагуудын шууд хамтын ажиллагаанд эергээр нөлөөлж үр дүнгээ өгч байна.
Практик дээр энэ нь хэд хэдэн чиглэлээр тод харагдаж байна. Нэгдүгээрт, Монгол, Францын хамтын ажиллагаа эхэнд дурдсанчлан зөвхөн соёл, боловсролын уламжлалт хүрээнээс гарч, стратегийн салбарууд руу орсон. Ураны салбар дахь хамтарсан төсөл, үндэсний хиймэл дагуулын төсөл, нийслэлийн дүүжин тээврийн төсөл, онцгой байдлын салбарын хамтын ажиллагаа, ойн болон хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх чиглэл зэрэг нь үүний бодит жишээ юм.
Хоёрдугаарт, Францын оролцоо Монгол Улсын урт хугацааны хөгжилтэй холбогдож байна. Эдгээр төсөл нь зөвхөн хөрөнгө оруулалт, техник нийлүүлэлт биш, харин технологи, мэдлэг, стандарт, сургалт, хүний нөөцийн чадавхыг хамтад нь авчирч байгаа нь чухал.
Өөрөөр хэлбэл, Францтай хамтран ажиллах нь Монгол Улсад зөвхөн нэг төсөл хэрэгжүүлэх бус, тухайн салбарынхаа институцийн чадавхыг бэхжүүлэх боломжийг нээж байна.
Гуравдугаарт, хөгжлийн санхүүжилтийн шинэ суваг нээгдэж байна. Францын хөгжлийн агентлаг Монгол Улсад идэвхтэй ажиллаж эхэлж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц, хот байгуулалт, тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр урт хугацааны санхүүжилт, мэргэжлийн дэмжлэг авах боломжийг өргөжүүлж байна.
Түүнчлэн энэ түншлэл хүмүүс хоорондын харилцаанд бодитоор мэдрэгдэж байна. Монгол оюутнууд Францад суралцаж, франц мэргэжилтнүүд Монголд ажиллаж, эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа хийж, уран бүтээлчид хоёр орны тайз, үзэсгэлэн, наадамд оролцож байна. Үндэсний “Морин хуур” чуулга Версалийн хааны ордны Хааны театрт тоглосон, Нант хотод “Чингис хаан – Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдсан зэрэг нь соёлын харилцаа ч стратегийн түншлэлийн салшгүй хэсэг болж байгааг харуулж байна.
Миний хувьд энэ статусын хамгийн чухал илэрхийлэл бол Монгол, Франц хоёр бие биетэйгээ зөвхөн ёслолын түвшинд бус, ирээдүйд чиглэсэн бодит асуудлаар ярилцаж, шийдэл хайж, хамтран хэрэгжүүлж эхэлсэн явдал гэж үздэг.
Orano компани Монгол Улсад ураны төсөлд зориулж 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж буй. Энэ бол хоёр орны эдийн засгийн харилцааны хамгийн том төсөл. Энэ төслийн өнөөгийн явц ямар байна вэ? Хэрэгжилтэд ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
Зөөвч-Овоогийн төсөл бол Монгол, Францын эдийн засгийн харилцааны хамгийн томоохон төсөл бөгөөд Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын бодит илэрхийлэл гэж хэлж болно. Энэ төсөл олон жил яригдсан ч 2023 оны өндөр түвшний айлчлалуудын дараа хэлэлцээ эрчимжиж, 2025 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан нь шийдвэрлэх алхам болсон.
Зөөвч-Овоо төслийн хүрээнд эхний дөрвөн жилд 500 сая ам.доллар, нийт 30 гаруй жилийн хугацаанд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь Монгол Улс дахь Францын эдийн засгийн оролцоог урт хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдүүлэх юм.
Энэ төслийн ач холбогдол зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээгээр хязгаарлагдахгүй. Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирнэ, улсын болон орон нутгийн төсөвт орлого төвлөрнө, ажлын байр бий болно, шинэ технологи, мэргэжлийн стандарт, цөмийн болон цацрагийн хяналтын шинэ чадавх хөгжих боломж бүрдэнэ.
Одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээний дараах хэрэгжилтийн бэлтгэлүүд буюу дагалдах гэрээ, орд ашиглалт, байгаль орчны үнэлгээ, хувьцаа эзэмшигчдийн зохицуулалт зэрэг асуудлууд шийдвэрлэж, төслийн нээлтийг хэд хоногийн өмнө хийгээд байна.
Харин саад бэрхшээлийн хувьд гурван зүйлийг онцолно. Нэгдүгээрт, цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагааны стандарт хамгийн өндөр түвшинд хангагдах ёстой. Хоёрдугаарт, байгаль орчин, ус, хөрс, орон нутгийн иргэдийн эрх ашиг, мэдээллийн ил тод байдалд онцгой анхаарах шаардлагатай. Гуравдугаарт, олон нийтийн дунд байгаа болгоомжлол, ташаа ойлголтыг шинжлэх ухаанч мэдээлэл, нээлттэй тайлбар, хараат бус хяналтын механизмаар шийдвэрлэх хэрэгтэй.
Иймээс энэ төслийг зөвхөн уул уурхайн төсөл гэж харах нь өрөөсгөл. Энэ бол Монгол Улсад гуравдагч хөршийн урт хугацааны хөрөнгө оруулалтын итгэлийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайн шинэ стандарт тогтоох, цөмийн энергийн энхийн хэрэглээний суурь чадавхыг хөгжүүлэх стратегийн төсөл юм.
Уул уурхайгаас гадна сэргээгдэх болон цөмийн эрчим хүч, харилцаа холбоо, мөн сүүлийн үед иргэний хамгаалал, гамшгаас хамгаалах салбарт хамтын ажиллагаа эрчимжсэн. Эдгээр хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, мөн шинээр ямар салбарууд Франц-Монголын харилцаанд өнгө нэмэх боломжтой гэж та бодож байна вэ?
Сүүлийн жилүүдийн нэг чухал өөрчлөлт бол Монгол, Францын хамтын ажиллагаа нэг том уул уурхайн төслөөр хязгаарлагдахгүй, илүү олон тулгууртай болж байгаа явдал юм. Энэ нь хоёр орны харилцааг илүү тогтвортой, тэнцвэртэй, ирээдүйд чиглэсэн болгож байна.
Харилцаа холбоо, өндөр технологийн салбарт үндэсний хиймэл дагуулын төсөл онцгой ач холбогдолтой.
Энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын мэдээллийн бие даасан байдал, алслагдсан бүс нутгийн холбоо, онцгой нөхцөл дэх харилцаа холбооны найдвартай байдалд чухал хувь нэмэр оруулна.
Иргэний хамгаалал, гамшгаас хамгаалах салбарт Францтай хамтран хэрэгжүүлж буй нисдэг тэрэг, гал унтраах автомашин, сургалт, засвар үйлчилгээний төслүүд Онцгой байдлын байгууллагын бодит чадавхыг нэмэгдүүлж байна. Цаашид энэ чиглэлийг зөвхөн техник нийлүүлэхээс гадна мэргэжилтэн бэлтгэх, засвар үйлчилгээний тогтолцоо бий болгох, гамшгийн эрсдэлийн удирдлага, урьдчилан сэргийлэх чадавхтай холбож хөгжүүлэх хэрэгтэй.
Цөмийн энергийн энхийн хэрэглээний салбарт ч хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий. Энэ нь ураны төслөөс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, лабораторийн чадавх, мэргэжилтэн бэлтгэх, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, цаашлаад жижиг модуль реактор зэрэг ирээдүйн эрчим хүчний хувилбаруудыг судлах чиглэлд хөгжиж болно.
Шинээр өнгө нэмэх салбаруудын хувьд би уур амьсгалын өөрчлөлт, ус, ой, цөлжилттэй тэмцэх, хот байгуулалт, нийтийн тээвэр, дулааны сүлжээний шинэчлэл, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мал эмнэлэг, газар зүйн заалт, боловсрол, судалгаа шинжилгээг онцолно. Эдгээр салбарт Францын туршлага, технологи Монголын хэрэгцээтэй маш сайн нийцэж байна.
Гэгээн Людовик хаан элчээ Их Монгол Улс руу илгээснээс хойш Монгол, Францыг бараг 800 жилийн түүх холбодог гэж Ерөнхийлөгч Э.Макрон айлчлалынхаа үеэр дурдсан. Энэ түүхэн холбоо өнөөгийн харилцаанд ямар үнэ цэнтэй вэ? Соёл, түүхийн солилцоог хэрхэн өргөжүүлж байна вэ?
Монгол, Францын харилцаа зөвхөн 1965 онд дипломат харилцаа тогтоосноор эхэлсэн түүх биш юм. Манай хоёр ард түмнийг холбосон харилцааны үндэс XIII зуун буюу бараг найман зууны тэртээгээс улбаатай.
Францын хаан Гэгээн Людовик IX элчээ Их Монгол Улсад илгээж байсан нь Монгол, Францын харилцааны анхны түүхэн холбоодын нэг төдийгүй, Монгол Улс тэртээ XIII зуунд дэлхийн улс орнуудтай идэвхтэй дипломат харилцаа хөгжүүлж, олон улсын харилцаанд чухал оролцогч байсны тод илэрхийлэл юм.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын өнөөгийн нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого нь шинэ үзэгдэл биш, харин Их Монгол Улсын үеэс эхтэй дипломат уламжлалын үргэлжлэл гэж хэлж болно.
Ерөнхийлөгч Э.Макрон 2023 онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэрээ энэхүү түүхэн холбоог онцлон дурдсан нь Франц Улс Монголыг зөвхөн өнөөгийн геополитикийн нөхцөл байдалд чухал түнш гэж үзээд зогсохгүй, олон зууны турш харилцан хүндлэл, ойлголцол, сонирхолд тулгуурласан онцгой харилцаатай орон гэж үнэлж буйн илэрхийлэл юм.
Энэхүү түүх өнөөдөр хоёр улсын улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээс гадна ард иргэд хоорондын харилцааг ойртуулах чухал гүүр болж байна.
Соёл, түүхийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байна. Тухайлбал, Нант хотын түүхийн музейд зохион байгуулагдсан “Чингис хаан - Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын үзэсгэлэнг олон мянган хүн үзэж сонирхсон нь Францын иргэдийн Монголын түүх, соёлд хандах сонирхол өндөр байгааг харуулсан онцгой үйл явдал болсон.
Мөн Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дэргэдэх “Морин хуур” чуулга Версалийн хааны ордны Хааны театрт тоглолтоо толилуулсан нь хоёр ард түмний соёлын харилцаанд шинэ хуудас нээсэн бэлгэдэлт үйл явдал байлаа. Монголын уламжлалт хөгжмийн аялгуу Францын түүхэн өв болсон ордонд эгшиглэсэн нь манай хоёр улсын түүхэн холбоо өнөөдөр харилцан хүндлэл, соёлын харилцаагаар улам баяжин хөгжиж буйн тод илэрхийлэл болсон юм.
Өнөөдөр боловсрол, шинжлэх ухаан, тэр дундаа Франц-Монголын хамтарсан археологийн судалгааны салбарт хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?
Боловсрол, шинжлэх ухаан бол Монгол, Францын харилцааны хамгийн тогтвортой, урт хугацааны ач холбогдолтой чиглэлүүдийн нэг юм.
Сүүлийн жилүүдэд энэ хамтын ажиллагаа улам өргөжиж, зөвхөн оюутан солилцоо, хэл соёлын харилцаагаар хязгаарлагдахгүй, харин мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан судалгаа хийх, шинжлэх ухааны байгууллагуудын шууд холбоог бэхжүүлэх түвшинд хүрч байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнууд Францын их, дээд сургууль, ялангуяа технологийн дээд боловсролын байгууллагуудад амжилттай суралцаж эхэлсэн нь онцлох ахиц юм. Энэхүү хөтөлбөр нь залуу үеийг олон улсын түвшинд бэлтгэхээс гадна Францын инженер, технологийн боловсролын шилдэг туршлагыг Монголд нутагшуулах чухал ач холбогдолтой.
Үүний зэрэгцээ Монгол, Францын их, дээд сургуулиудын хамтын ажиллагаа эрчимтэй өргөжиж байна. Тухайлбал, МУИС болон Парис Нантеррийн их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, оюутан, багш солилцоо, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх суурийг бүрдүүлсэн.
Мөн 2024 онд Парис-Пантеон-Ассас их сургуулийн ерөнхийлөгч Стэфан Браконниер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж, МУИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь эрх зүй, төрийн удирдлага, олон улсын эрх зүйн чиглэлээр хамтарсан мэргэжилтнүүдийн сургалт, судалгааг шинэ түвшинд гаргах боломжийг нээж байна.
Шинжлэх ухааны салбарт Францын их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтын ажиллагаа идэвхтэй өргөжиж буй.
Үүний тод жишээ нь Монгол, Францын хамтарсан археологийн судалгаа юм. Францын судлаачид Монголын эрдэмтэдтэй хамтран Хүннү, Түрэг, Их Монгол Улсын үеийн археологийн дурсгалууд, нүүдэлчдийн соёл иргэншлийн өвийг судлах чиглэлээр олон жилийн турш үр дүнтэй ажиллаж байгаа.
Энэхүү хамтын ажиллагааны үнэ цэн нь зөвхөн археологийн олдвор илрүүлэхэд бус, Монголын түүхийг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд оруулах, нүүдэлчдийн соёл иргэншлийн талаарх мэдлэгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, залуу судлаачдыг олон улсын арга зүйгээр бэлтгэхэд оршиж байна. Археологчдын олон жилийн судалгаа, хүчин чармайлтын дүнд манай улс “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” номинацийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлээд буй билээ.
Мөн хоёр талын хамтын ажиллагааны амжилтын нэгэн тод жишээ бол Франц Улсын хууль хяналтын байгууллагад 13 жил хураагдан хадгалагдаж байсан үлэг гүрвэлийн үнэт олдворуудыг Монгол Улс албан ёсоор эх орондоо буцаан авч, зургаадугаар сарын 11-ний өдөр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд хүлээн авсан.
Монголоос 20 жилийн өмнө хууль бусаар хил давуулан гаргасан эдгээр олдвор нь хоёр орны төрийн байгууллагуудын нягт хамтын ажиллагаа, дипломат хүчин чармайлтын үр дүнд буцаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Цаашдаа Монгол, Францын хамтын ажиллагааны томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд өндөр ур чадвартай, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх нь онцгой ач холбогдолтой болж байна.
Тухайлбал, уул уурхай, ураны салбар дахь хамтарсан төсөл, нийслэлийн дүүжин тээврийн бүтээн байгуулалт, ойн болон хээрийн түймэртэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, онцгой байдлын салбарын техник, технологийг шинэчлэх зэрэг төслүүд нь зөвхөн хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологиор хэмжигдэхгүй. Эдгээр төсөл нь тухайн салбарт ажиллах инженер, техникч, судлаач, оператор, менежер зэрэг мэргэшсэн хүний нөөцийг шаарддаг.
Иймээс Монгол, Францын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг эдгээр стратегийн төслүүдийн хэрэгцээтэй нягт уялдуулж, уул уурхай, цөмийн инженерчлэл, тээвэр, логистик, дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээ, онцгой байдлын удирдлага, гамшгийн эрсдэлийн менежмент, байгаль орчны хамгаалал зэрэг чиглэлээр хамтарсан сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх нь чухал.
Өөрөөр хэлбэл, бид зөвхөн мэдлэг солилцох бус, харин хоёр улсын хамтын ажиллагааны ирээдүйн төслүүдийг хэрэгжүүлэх чадвартай мэргэжилтнүүдийг хамтран бэлтгэх бодлогын зорилтыг дэвшүүлж байна.
Энэ нь Монгол, Францын хамтын ажиллагааны тогтвортой байдлыг хангахаас гадна Монгол Улсын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, өндөр технологи, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Францад Монголын хэдэн иргэн сурч, ажиллаж, амьдарч байна вэ? Тэдэнд ямар нийтлэг асуудлууд тулгарч байна, тэдгээрийг шийдвэрлэхэд ЭСЯ ямар туслалцаа үзүүлж байна вэ?
Элчин сайдын яамны хувьд иргэдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг нэн тэргүүний зорилт гэж үздэг. Франц Улсад монгол иргэд маань суралцах, ажиллах, бизнес эрхлэх, гэр бүлээрээ амьдрах зэрэг олон зорилгоор оршин сууж байна. 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар хүчин төгөлдөр оршин суух бичиг баримттай 3,304 иргэн бүртгэгдсэн болохыг Францын Дотоод хэргийн яамнаас бидэнд ирүүлээд байна.
Манай иргэдэд оршин суух зөвшөөрөл сунгах процесс, хөдөлмөр эрхлэлт, хэлний бэрхшээлээс шалтгаалан захиргааны байгууллагуудтай харилцах, жолоо барих тохиолдолд Францын жолооны курст суралцах шаардлагатай болдог зэрэг нийтлэг асуудлууд тулгардаг. Үүнээс гадна Монгол Улсаас тэртээ 1990 оноос хойш Франц руу шилжин бүрмөсөн суурьшсан зарим монгол иргэдийн статус, эх орондоо эргэн зорчин нөхцөл байдалд гарч буй бэрхшээл, хууль эрх зүйн үр дагавар бүхий сорилтууд бий. Эдгээр асуудлын талаар Гадаад харилцааны яам, холбогдох төр, засгийн байгууллагуудтай хамтран гарц шийдэл гаргах саналыг Монголын талдаа байнга хүргүүлж, Францын холбогдох байгууллагуудад санал хүсэлтээ тогтмол илэрхийлж буйг энэ ташрамд цохон тэмдэглэе.
Францад суралцахыг хүсэж буй монгол залууст та ямар захиас хэлэх вэ?
Сүүлийн жилүүдэд боловсролын хамтын ажиллагаа өргөжиж, Францыг зорих монгол залуусын тоо тогтмол өсөж байна. Францад суралцахаар төлөвлөж буй залуустаа хандаж юуны өмнө франц хэлний мэдлэгээ сайтар бэлтгэхийг зөвлөе. Хэл бол зөвхөн суралцах хэрэгсэл биш, тухайн орны соёл, үнэт зүйлс, нийгмийн амьдралыг ойлгох хамгийн чухал түлхүүр юм.
Мөн мэргэжлийн сонголтоо урт хугацааны зорилготойгоо уялдуулж, тухайн салбарынхаа хөгжлийн чиг хандлагыг сайтар судлах хэрэгтэй. Франц Улс инженерчлэл, өндөр технологи, эрчим хүч, байгаль орчин, тээвэр, эрх зүй, олон улсын харилцаа, соёл, урлаг зэрэг олон салбарт дэлхийд тэргүүлэх боловсрол олгодог.
Монголын залуус чадвартай, хөдөлмөрч, хурдан суралцдаг гэдгийг бид олон удаа харсан. Тиймээс боломж бүрийг зөв ашиглаж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах мэдлэг, туршлага хуримтлуулж эргэн очиж ажиллаарай гэж хүсэж байна.

Элчин сайдын албан үүргээ тун удахгүй өндөрлөж буй хүний хувьд та ирэх жилүүдэд хоёр орны харилцааг ямар чиглэлд хөгжүүлэхэд анхаараасай гэж хүсэх вэ? Монголд хөрөнгө оруулахыг сонирхож буй Францын бизнес эрхлэгчдэд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Ирэх жилүүдийн гол зорилт бол сүүлийн жилүүдэд бий болсон улс төрийн итгэлцэл, бодлогын тохиролцоо, эхэлсэн төслүүдийг тогтвортой хэрэгжилт, бодит үр дүн болгон хувиргах явдал гэж би харж байна.
Нэгдүгээрт, эхэлсэн томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлэх хэрэгтэй. Учир нь нэг том төсөл амжилттай хэрэгжих нь дараагийн хөрөнгө оруулалт, дараагийн санхүүжилт, дараагийн бизнесийн итгэлийг бий болгодог. Харин хэрэгжилт удаашрах, ойлголцол сулрах, институцийн залгамж холбоо тасалдах нь дараагийн боломжуудад сөргөөр нөлөөлдөг.
Хоёрдугаарт, Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны Ажлын хэсгийг тогтмол, үр дүнтэй ажиллуулах шаардлагатай. Энэ механизм бол хоёр улсын харилцааны “ажлын хөдөлгүүр” юм. Өндөр түвшинд тохирсон асуудлуудыг бодит хэрэгжилттэй холбох, салбарын байгууллагуудын уялдааг хангах, асуудлыг хуримтлуулахгүйгээр шийдвэрлэхэд Ажлын хэсэг чухал үүрэгтэй.
Гуравдугаарт, хамтын ажиллагааг төрөлжүүлэх нь зүйтэй. Монгол, Францын харилцаа зөвхөн уул уурхай, эрчим хүчээр хязгаарлагдахгүй.
Хөдөө аж ахуй, хүнс, мал эмнэлэг, байгаль орчин, ус, ой, хот байгуулалт, дижитал дэд бүтэц, боловсрол, инновац зэрэг салбарууд дараагийн үеийн хамтын ажиллагааны гол чиглэл болж чадна.
Францын бизнес эрхлэгчдэд хэлэхэд Монгол Улс бол жижиг зах зээл мэт боловч стратегийн байршилтай, ардчилсан тогтолцоотой, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмждэг, дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуй, уул уурхай, хот байгуулалт, дижитал шилжилтийн өргөн хэрэгцээтэй улс юм.
Гэхдээ аливаа хоёр тал амжилттай ажиллахын тулд богино хугацааны ашиг гэхээсээ илүү урт хугацааны түншлэл, ил тод байдал, орон нутгийн оролцоо, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй. Монголын зах зээлд боломж их бий. Монголоос Францын зах зээлтэй ажиллах ч олон боломж бий. Харин тэр боломжийг бодит амжилт болгох түлхүүр нь итгэлцэл, тэвчээр, сайн бэлтгэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа юм.
Парис хот. Монгол Улсын ЭСЯ. 2026.06.15


