БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гёны хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар 2026 оны долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болж буй энэхүү айлчлал нь БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд Монголд айлчилснаас хойш 15 жилийн дараа тохиож буйгаараа онцлог юм. Хоёр улсын төрийн тэргүүн нар “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол, Солонгосын харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, иргэдийн солилцоо, боловсрол, соёл, хөдөлмөр эрхлэлт, бизнесийн орчин гээд олон чиглэлд тэлсэн. Энэ удаагийн айлчлалын гол агуулга нь уг харилцааг бодит эдийн засгийн үр өгөөжөөр хэмжих шинэ шат руу гаргахад чиглэж байна.
БНСУ-тай улс төр, эдийн засаг, нийгэм зэрэг бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлсээр ирсний дотор гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр сүүлийн жилүүдэд нягт харилцаа бий болгож чадсан юм. БНСУ нь Монгол Улсын хувьд “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түншүүдийн нэг. Хоёр хөршийн эдийн засгийн нөлөө өндөр хэвээр байгаа энэ үед БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, үйлдвэрлэл, хүний нөөцийн чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь Монголын гадаад эдийн засгийн сувгийг төрөлжүүлэх ач холбогдолтой.

2018 онд БНСУ-ын шууд хөрөнгө оруулалт 27 сая ам.доллар байсан бол 2025 онд 19 сая ам.доллар болж буурчээ. Хоёр улсын нийт худалдаа эргэлт 1990-2025 оны хооронд 100 дахин нэмэгдсэн хэдий эдийн засгийн хамтын ажиллагаа хүсэн хүлээсэн түвшинд хүрээгүй хэвээр байна. Хоёр орны худалдаа эргэлт сүүлийн арван жилд хамгийн өндөр түвшиндээ 2022 онд хүрч, 552.1 сая ам.доллар болсон байна. Харин экспортын хувьд 2021 он, импортын хувьд 2024 он тус тус оргил үе байв. Хоёр орны нийт худалдаанд БНСУ-аас импортоор авдаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээ дийлэнх хэсгийг эзэлж байна. Тиймээс цаашид худалдааны тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх, экспортоо нэмэгдүүлэх нь манай улсын хувьд чухал зорилт юм.

Экспортын хувьд хэмжээ бага, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний суурь хангалттай өргөжөөгүй байна. Энэ нь айлчлалын үеэр яригдах эдийн засгийн хамтын ажиллагаа зөвхөн худалдааны хэмжээг нэмэхээс гадна Монголын экспортын бүтцийг төрөлжүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, ховор металл, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мэдээллийн технологи зэрэг чиглэлд бодит төсөл болгох шаардлагатайг сануулж байна.

Монголын хувьд Солонгос бол өндөр технологи, санхүүжилт, үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хэрэглээний соёл, боловсролын хүчтэй түнш.
Харин Солонгосын хувьд Монгол бол ашигт малтмал, ховор металл, сэргээгдэх эрчим хүч, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, залуу хөдөлмөрийн нөөц бүхий стратегийн боломжит орон зай юм.

Төрийн айлчлалын албан ёсны хэлэлцээгээр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд тодорхой ахиц гарлаа. Талууд “Стратегийн түншлэл”-ийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах Хамтарсан тунхаглал гаргаж, эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, тээвэр, логистик, геологи, ашигт малтмал, хот байгуулалт зэрэг салбарыг хамарсан 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурав.
Эдийн засгийн хамтын ажиллагааны гол үр дүн нь “Иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг зарчмын хувьд тохиролцож, 2030 он гэхэд хоёр улсын худалдааны эргэлтийг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүллээ.
Мөн нийлүүлэлтийн сүлжээ, чухал ашигт малтмал, хиймэл оюун, цахим шилжилт, дэвшилтэт технологи, логистик, дэд бүтэц, газар тариалан, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааны цар хүрээг тэлэхээр болов. Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төвийн төслийг урагшлуулах хүрээнд байгууллага хоорондын гурван баримт бичиг байгуулсан нь стратегийн ашигт малтмалын хамтын ажиллагааг бодит шатанд гаргах эхлэл болж байна.
Айлчлалын хүрээнд зохион байгуулсан “Монгол–Солонгосын бизнес форум”-д 250 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон нь хувийн хэвшлийн сонирхол өндөр байгааг харуулав. Гэхдээ 2030 онд худалдааны эргэлтийг нэг тэрбум ам.долларт хүргэх зорилтын чанарыг зөвхөн өссөн дүнгээр хэмжихэд учир дутагдалтай. Монголын экспортын нэр төрөл, нэмүү өртөг, хөрөнгө оруулалтын хэмжээ бодитоор нэмэгдэж чадвал 15 жилийн дараах төрийн айлчлал хоёр улсын эдийн засгийн харилцаанд шинэ шат нээсэн үйл явдал болж үлдэнэ.


