Хүнсний хараат байдлаас гарах стратеги Дэлхий дахинд food sovereignty, food security, food insecurity зэрэг хүнсний салбартай холбоотой амин чухал стратегиуд яригддаг. Хүн төрөлхтөн бараг 10 мянган жилийн өмнө хөдөө аж ахуйтай анх “танилцсан”-аас хойш өөрийгөө бүрэн хооллож, ундлах хэмжээнд хүрч чадаагүй л байна. 2023 онд 2.3 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын бараг 30 хувь нь дундаж болон нэн хүнд хүнсний хомсдолтой нүүр тулсан хэвээр байв. Түүнчлэн хөдөө аж ахуй, газар ашиглалтын ялгаатай төрлүүд, хүнс үйлдвэрлэл, тээвэрлэлт, хаягдлын менежментээс бүрддэг хүнсний системүүд нь дэлхийн нийт хүлэмжийн хийн гуравны нэг хувийг үүсгэж байна. Товчхондоо дэлхий гарагийн эрүүл мэнд болон хүн төрөлхтнийг тэжээж буй ферм, фермерүүдийн амьжиргаа эрсдэлтэй байдалд орсон гэж хэлэхэд буруутахгүй болжээ.

Монгол Улсын хувьд ч хүнсний салбарын асуудал мундахгүй олон. Ялангуяа зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших он жилүүдэд хүнс үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдал ихээхэн орхигдсон.

Харин сүүлийн 10 гаруй жилд хувийн хэвшил, үндэсний аж ахуйн нэгжүүдийн санал санаачилга, хөрөнгө оруулалтаар энэ салбар хэний ч өмнө нүүр улайхааргүй болон хөгжиж байна.

Ийм нөхцөлд “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн нь зөвхөн хүнс үйлдвэрлэлийг дэмжихээс гадна дотоодын хүнсний тогтолцоог бүхэлд нь шинэчлэх бодлого болон хэрэгжиж эхэллээ. Уг хөдөлгөөний гол зорилтуудыг дараах байдлаар тодорхойлж  болно:

• Дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

• Импортыг орлох бүтээгдэхүүнийг хөгжүүлэх

• Хүнсний чанар, аюулгүй байдлыг сайжруулах

• Ажлын байр нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг өргөтгөх

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх, “Хүнсний хувьсгал” мэргэжлийн холбооны тэргүүн Ч.Даваабаяр “Хүнсний хувьсгал бол зөвхөн үйлдвэрлэлийн тоо нэмэх тухай биш, харин өртгийн сүлжээг бүхэлд нь дотооддоо бий болгох зорилготой” хэмээн онцолсон. Санхүүжилтийн шинэ загвар “Хүнсний хувьсгал”-ын онцлог нь санхүүжилтийн бодит механизмтай цуг хэрэгжиж буй явдал юм. Энэ хүрээнд арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй зээл, урт хугацааны санхүүжилтийн шийдлүүдийг бий болгожээ.

Тодруулбал, арилжааны 10 банкаар бага хүүтэй зээл олгож, татаасыг нь улс хариуцсан юм. Үүн дээр Зээлийн батлан даалтын сангаас аж ахуйн нэгжийн зээлийг батлан даасан нь тун чухал хөшүүрэг болж өгчээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанийн гүйцэтгэх захирал “Хөнгөлөлттэй санхүүжилтийн ачаар бид шинэ шугам нэвтрүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлсэн” гэсэн бол мах боловсруулах үйлдвэрийн удирдлага “Өмнө нь тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хамгийн том саад байсан. Одоо санхүүжилт илүү хүртээмжтэй болсон” гэж онцолсон.

Энэхүү хөдөлгөөний хүрээнд 2025 оны эцсийн байдлаар 2500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн зээл (эргэлтийн хөрөнгийн зээл 605 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зээл 653 тэрбум төгрөг) авч үйлдвэрээ өргөжүүлэх болон шинээр барьж, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлсэн төдийгүй экспортлох боломжтой болсон юм. Үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдэд улам хөгжих, урагшаа том алхахад нь хүчтэй дэмжлэг хэрэгтэй байсан, тэрхүү “бүүст” нь энэхүү хөдөлгөөн болж чадсан гэж дүгнэж болно.

Олон улсын туршлага-Монголын онцлог Хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой ижил төстэй санаачилгууд дэлхийд цөөнгүй. 

Тухайлбал, “Агро-аж үйлдвэрийн цогцолбор”-ын бодлогоор Казахстан дотоодын үйлдвэрлэлээ дэмжин экспортлогч улс болсон. БНСУ хүнсний үйлдвэрлэлдээ технологи, инновацыг нэвтрүүлж, жижиг фермерүүдийг кластер хэлбэрээр хөгжүүлсэн, Нидерланд улс хөдөө аж ахуйн өндөр бүтээмж, логистикийн шийдлээр дэлхийн хоёр дахь том хүнсний экспортлогч болсон зэрэг төр-хувийн хэвшлийн гар нийлсэн хамтын ажиллагааны үр дүнд хоол, хүнсээ бэлдсэн бэлээхэн туршлагууд бий.

Монгол Улсын хувьд ялгарах нэг онцлог нь зах зээлийн хэмжээ бага ч өртгийн сүлжээг дотооддоо бүрдүүлэх боломж харьцангуй өндөр байгаа явдал юм.

“Хүнсний хувьсгал” энэ боломжийг ашиглаж, импортыг орлох бүтээгдэхүүнийг илүү системтэй хөгжүүлэхийг зорьж байна. Албан мэдээллээр Монгол Улс хүнсний 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байна. Үүнд, мах, гурил, улаан буудай зэрэг стратегийн бүтээгдэхүүн багтдаг. Хэрэв урт хугацаандаа энэ хөдөлгөөн амжилттай хэрэгжвэл Монгол Улс зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй бүс нутгийн хүнсний нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч болох боломжтой. Ийм боломжийг зөвхөн төрийн бодлогоос гадна “Хүнсний хувьсгал”-ын гол дүр, гол баатрууд болох үндэсний компаниуд бий болгож чадна.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" дугаарын 6-7-р нүүр