Нас гүйцсэн ат, соёолон үрээ, хязаалан гуна, эр хонь, эр ямааны дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 41.7-66.7 хувиар нэмэгдэж, малын зах зээлд үнийн шинэ түвшин тогтоод байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр хамгийн огцом өсөлт хязаалан гунан үхрийн үнэд ажиглагдав. Түүний дундаж үнэ нэг жилийн дотор нэг сая төгрөгөөр нэмэгдэж, 2.5 сая төгрөгт хүрчээ. Харин наадмын ширээний гол хэрэглээ болсон эр хонины улсын дундаж үнэ 470 мянган төгрөг болж, жилийн өмнөхөөс 180 мянган төгрөгөөр өссөн байна. Түүнчлэн эр ямааны үнэ 110 мянган төгрөгөөр өсөж, 290 мянган төгрөгт хүрсэн нь 61.1 хувийн өсөлттэй дүйж байна.

Харин нас гүйцсэн атны дундаж үнэ 2.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 46.7 хувиар, соёолон үрээний үнэ 1.7 сая төгрөгт хүрч, 41.7 хувиар өсжээ. Ийнхүү таван төрлийн малын үнэ нэг жилийн дотор 41.7-66.7 хувиар нэмэгдсэн нь малын зах зээлд үнийн өсөлт өргөн хүрээг хамарсныг харууллаа.

Хоёр жилийн дотор эр хонины үнэ 77 хувиар нэмэгдэв

Зөвхөн жилийн өөрчлөлтөөр хязгаарлахгүйгээр 2024 оны зургаадугаар сартай харьцуулахад үнийн өсөлт улам тод харагдана. Тухайлбал, эр хонины дундаж үнэ 266 мянган төгрөгөөс 470 мянган төгрөг болж, хоёр жилийн дотор 76.7 хувиар өсжээ. Эр ямааны үнэ мөн хугацаанд 166.1 мянган төгрөгөөс 290 мянган төгрөг болж, 74.6 хувиар нэмэгдсэн байна.

Нас гүйцсэн атны үнэ 2024 оны зургаадугаар сард 1.384 сая төгрөг байсан бол 2026 онд 2.2 сая төгрөгт хүрч, 59 хувиар өсөв. Харин хязаалан гунан үхрийн үнэ 1.502 сая төгрөгөөс 2.5 сая төгрөг болж, ойролцоогоор 66.5 хувиар нэмэгджээ.

Эдгээр үзүүлэлт нь малын үнэ зөвхөн сүүлийн нэг жилд түр зуур өссөн дүр зураг гэхээс илүү хоёр жил дараалан эрчимтэй нэмэгдсэнийг баталж буй. Гэхдээ үнийн өсөлтийг малчдын бодит орлого мөн хэмжээгээр нэмэгдсэн гэж шууд үзэх боломжгүй. Малын тоо, борлуулалтын хэмжээ, тэжээл, шатахуун, тээвэр болон бусад зардлын өөрчлөлтийг хамтатган тооцож байж өрхийн ашиг орлогын бодит дүр зураг гарах учиртай. 

Эр хонины үнэ аймгуудад 200 мянган төгрөгийн зөрүүтэй 

Эр хонины улсын дундаж үнэ 470 мянган төгрөг байгаа ч бүс нутгийн түвшинд үнийн ялгаа өндөр байна. Дархан-Уул болон Баян-Өлгий аймагт нас гүйцсэн эр хонь хамгийн өндөр буюу 570 мянган төгрөгийн дундаж үнэтэй байжээ. Энэ нь улсын дунджаас 100 мянган төгрөгөөр буюу 21.3 хувиар өндөр үзүүлэлт юм.

Улаанбаатар хотод эр хонины үнэ 525 мянган төгрөг, Өмнөговь болон Говьсүмбэр аймагт 520 мянган төгрөг, Орхон аймагт 500 мянган төгрөгт хүрсэн байна. Харин Дорнод аймагт хамгийн бага буюу 370 мянган төгрөгөөр үнэлэгджээ. Хамгийн өндөр болон хамгийн бага үнэтэй бүс нутгийн хооронд 200 мянган төгрөгийн зөрүү гарсан нь орон нутгийн эрэлт, нийлүүлэлт, тээврийн өртөг, зах зээлд хүрэх боломж зэргээс хамаарсан үнийн ялгаа байгааг илтгэнэ.