Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г байгаль дэлхийг хамгаалах бодит шийдэл болгоод зогсохгүй хөрөнгө оруулалтын нэгдсэн платформ болгон хөгжүүлэх зорилт тавьж байна. Энэ хүрээнд дотоодын байгууллага, аж ахуйн нэгж, төсөл санаачлагчдаас ирүүлсэн саналуудыг нэг системд төвлөрүүлж, олон улсын санхүүжүүлэгчдэд танилцуулахаар багцалжээ. Ингэхдээ “Тал хээрийн төлөвлөгөө”-ний гурван үндсэн санаачилгын хүрээнд 6.55 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэрэгцээ бүхий 292 төслийн саналыг багцлан хуваасан байна. Тухайлбал, бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр 137 төсөл 1.14 тэрбум ам.долларын санхүүжилтийн хэрэгцээгээ илэрхийлсэн бол байгальд ээлтэй тогтвортой дэд бүтцийн 109 төсөл 2.41 тэрбум ам.долларын хүлээлттэй байгаагаа бүртгүүлсэн байна. Харин ус ба газрын нэгдсэн менежментийг сайжруулах зорилго дор 46 төсөл 2.99 тэрбум ам.долларын санхүүжилт хүсжээ.
Гэхдээ энд дурдаж буй 6.55 тэрбум ам.долларыг зөвхөн Засгийн газрын дэмжиж баталсан, эсхүл хэрэгжих нь тодорхой болсон төслүүдийн хэрэгцээ шаардлага гэж ойлговол учир дутагдалтай. Харин шинэ санаагаа илэрхийлсэн 300 шахам төсөл хэрэгжүүлэгчийн төслөө хэрэгжүүлэх санхүүжилтийн дүн гэж ойлговол зүйд нийцнэ. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчид дунд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл, энгийн иргэн, олон улсын байгууллага гээд хэн ч багтсан байж болно.

Иймд дараагийн шатанд төслийн бэлэн байдал, техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчин, нийгмийн үр нөлөө, орлогын загвар, эргэн төлөлтийн боломж, олон улсын сангуудын шалгуурт нийцэх эсэхээр нь шүүн эрэмбэлэх шаардлага бий.
Мэдээж хамгийн аюулгүй, хамгийн үр дүнтэй төслүүд л хэлэлцээрийн ширээнд очно. Нөгөөтээгүүр, “Тал хээрийн төлөвлөгөө”-г тэтгэх мөнгөний урсгал Монголыг чиглэж айсуй. Европын хөрөнгө оруулалтын банкны 200 сая еврогийн холимог санхүүжилт, Даян дэлхийн байгаль орчны сангийн 3.3 сая ам.долларын техникийн дэмжлэг, БНФУ-ын хэлэлцэн баталгаажуулсан нэг сая ам.доллар, Азийн хөгжлийн банкны 500 мянган ам.долларын эх үүсвэр орж ирэх нь нэгэнтээ тодорхой болсон. Харин Люксембургийн таван сая евро, Дэлхийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтийн талаар яриа хэлэлцээ өрнөж буй бол АНУ, Катар, Оман, Уур амьсгалын ногоон сан (GCF), БНСУ, ХБНГУ ч хэлэлцээрийн ширээнд нэгдэж байна.
Онцлох төслүүд
Хөрөнгө оруулагчдад санал болгох олон арван төсөл дунд онцолж дурдах бүтээн байгуулалт цөөнгүй. Тухайлбал, хиймэл оюунд суурилсан, эрчим хүчний хэмнэлттэй 65 сая ам.долларын өртөг бүхий “Ногоон дата төв” бол хөрөнгө оруулагчдад санал болгох хамгийн сонирхолтой төслүүдийн нэг. 15 МВт-ын нарны станц, BESS хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй, 1.25-1.35 PUE үзүүлэлт бүхий байгалийн хөргөлттэй дата төв байгуулж, үндэсний өгөгдлийн бүрэн эрхт байдал, дижитал шилжилтийг хангах нь уг төслийн гол зорилго.
Энэ ташрамд, бас нэгэн сонирхолтой баримт дурдъя. Монгол Улсад уул уурхайгаас дутахааргүй орлого олох асар их нөөцтэй, ирээдүйтэй нэг салбар бий. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний салбар. Монголын эдийн засаг, хөгжил цэцэглэлтэд томоохон хувьсгал авчрах энэ салбарт ямар боломж байгааг өдгөө хүн бүр л шагшин ярьцгааж байна. Манай орон хуурай уур амьсгалтай. Хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчний үр ашиг бусад орноос өндөр. Салхины хувьд ч мөн ялгаагүй. Монгол Улс өндөрлөг бүсэд оршдог, дөрвөн улиралтай учраас салхины нөөц харьцангуй сайн. Мөн Монголын говьд жилийн 365 хоногийн 300 орчим өдөр нь нартай байдаг бол олон улсад энэ үзүүлэлт дунджаар 200-220 хоногоор хэмжигддэг.
Үүгээр зогсохгүй жилийн ихэнх хугацаанд хүйтэн сэрүүн байдаг. Монгол орныг “байгалийн хөргүүртэй улс” гэх нь бий.
Тиймээс асар их дулаан ялгаруулдаг дата төвүүд хөргөлтийн системдээ маш их төсөв зарцуулдгийг бид мэдэгдэхүйц бага зардлаар шийдэж чадна. Дата төвийн хөрөнгө оруулагчид Монголыг маш их сонирхож буйн цаад шалтгаан нь энэ юм. Өөр нэгэн төсөл бол “Орхон-Онги” ус дамжуулах шугам хоолойн төсөл. Төслийн хүрээнд 65 сая м³ багтаамжтай усан сан, 236 км газар доорх шугам, 0.5 МВт-ын УЦС байгуулж, Улаан нуурын экосистемийг сэргээн, говийн бүсийг цэвэр усаар хангана. “Орхон-Онги” төслийн эхний үе шатад 86.5 сая ам.доллар шаардлагатай. Усны хомсдол, уул уурхай, суурьшлын өсөлтийн дарамтыг нэгэн зэрэг шийдэхээр зорьж буй энэ төслийн хувьд, голын урсац, экосистем болон ус ашиглагч талуудад үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хөрөнгө оруулагчдын гол шалгуур болж магадгүй юм. Харин төслийн багийнхан Улаан нуур сэргэснээр Сибирь рүү нүүдэллэдэг олон төрлийн усны шувуудын амьдрах орчин хамгаалагдана гэж үзэж байна.

Мөн ундны усны чанар сайжирснаар бүс нутгийн хүн амын дундах халдварт өвчлөл 40 хувиар буурч, дундаж наслалт зургаан жилээр уртсах боломжтой гэсэн тооцоолол ч гаргажээ. Түүнчлэн бэлчээрийн сайн туршлагыг нүүрстөрөгчийн зах зээлд холбох нэгэн онцгой төсөл бий. Энэ төслийн хүрээнд, 10 жилийн хугацаанд бэлчээрийн нүүрстөрөгчийн дижитал MRV тогтолцоог бүрдүүлж, нүүрстөрөгчийн зах зээлээр дамжуулан тогтвортой санхүүжилтийн механизмыг хөгжүүлж, малчдын тогтвортой орлогыг нэмэгдүүлнэ.
Төсөлд 150.0 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоолол байна.
Эдгээр тэргүүлэх төсөл нь уул уурхай, хөдөө аж ахуйн бүс нутгийг цэвэр усаар хангах, цөлжилтийг сааруулахын зэрэгцээ дэвшилтэт ногоон технологид суурилсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг бэхжүүлэхэд томоохон ахиц авчрах нь дамжиггүй. Түүнчлэн Монгол Улсад төвтэй, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын дэмжлэгтэй хараат бус байгууллага болох “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй гандуу бүс нутгийн Евразийн төв” Талуудын 17 дугаар бага хурлын өвийн хүрээнд хэрэгжих санаачилгуудыг нэгдсэн зохицуулалтаар ханган ажиллана. Ийм ч учраас дээр дурдсан төслүүд биеллээ олох нь цаг хугацааны л асуудал. Гагцхүү хөрөнгө оруулагчдын хүч л хэрэгтэй.

Mongolian economy сэтгүүл, 2026 оны наймдугаар сарын "КОП17 Монголд" тусгай дугаарын 20-22-р нүүр


