Боловсролын яамны статистикаас харвал, манай улс 68 их сургууль, коллежтойгоор өнгөрсөн хичээлийн жилийг үджээ. Дээд боловсрол олгогч эдгээр сургуульд 161 мянга гаруй оюутан залуус суралцсаны 77 хувь нь бакалаврын түвшинд номын дуу сонссон байна. Их сургуулийн тоо 30 хүрэхгүй жилийн хугацаанд бараг гурав дахин цөөрсөн нь нэг хүнд ногдох дээд боловсролын институцээрээ дэлхийд тэргүүлж байсан манай улсын хувьд, бодит ахиц. Учир нь 2000-аад онд хувийн их, дээд сургууль борооны дараах мөөг шиг элбэгшиж, 2002-2003 оны хичээлийн жилд л гэхэд, 185 сургууль дээд боловсролын талбарт үүдээ нээгээд байсан юм. Их сургуулиудын статистикийг лавшруулж ухвал бүр ч сонирхолтой “факт”-ууд гарч ирдэг. Ердөө хэдхэн жилийн өмнө, бүр тодруулбал 2021 онд Монголд 90 орчим их, дээд сургууль байсны талаас илүү нь 500 хүрэхгүй оюутантай, 20 хүрэхгүй багштай байсан. Мөн саяхныг хүртэл таван багштай, уртаашаа тавхан мэргэжил олгодог их сургууль ч байсан. Зориулалтын лаборатори, дадлагын орчингүй хэрнээ нисгэгч, инженер зэрэг нарийн мэргэжлийн элсэлт авчихдаг бөх зориг ч саяхныг хүртэл мохоогүй л байлаа. Энэ талаар салбарын сайд асан Л.Энх-Амгалан 2025 онд хэвлүүлсэн “Системийн туйлдал ба реформ” номдоо ч дурдсан нь бий. Харин одоо их дээд сургууль тойрсон “их шалгарлын шуурга” харьцангуй намжиж байна.

Цаг хугацааны шалгуурыг хөтөлбөрийн чанар, хүний нөөц, сургалтын орчноо тогтвортой хөгжүүлсэн сургуулиуд л давж гарсан. Басхүү төгсөгчдийн чанар, чансаа сургуулийн “нэрийн хуудас” болдгийн ачаар хувийн сургуулиуд шигшигдсээр байна.

Хэдийгээр олноос нь болж бид хувийн их дээд сургуулиудыг нүд үзүүрлэх хандлагатай байсан ч тэд дээд боловсролын салбарт ачааны хүндийг үүрсээр. 2024-2025 оны хичээлийн жилд хувийн өмчийн их дээд сургуульд суралцагсдын тоо 60 мянгыг давсан нь нийт суралцагсдын 40 хувь юм. Үүнийг хувийн хэвшлийн сургуулиуд дөнгөж нээгдэж эхэлсэн 1990-ээд оны дунд үетэй харьцуулбал эрс өссөн үзүүлэлт. Тухайн үед хувийн дээд боловсролын байгууллагууд 8900 гаруй оюутан буюу нийт суралцагсдын 20 орчим хувийг хамруулж байжээ. Дээрх өсөлтөөс хувийн сургуулиудын чанар ахиж, хүмүүсийн итгэл тэдний зүгт харьцангүй эерч буйг ойлгож болно. Нөгөөтээгүүр, хувийн сургуулиуд шигшигдэж, шигшигдсэн нь итгэл хүлээх зуурт цоо шинэ сорилт тэднийг тосон авч байна. Одоо тэд аль нь үүдээ барьж, хэн хэнтэйгээ нэгдэх вэ гэсэн шалгарлын стратегиас өөр зүйлд хараагаа чиглүүлэх шаардлагатай. Их сургуулиуд ямар ур чадвартай боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх, судалгаа бүтээлээрээ нийгэм, эдийн засагт хэр зэрэг өгөөж бүтээх, дэлхий дахинд Монголын боловсролын чадавх, монгол хүний үнэ цэнийг хэрхэн мэдрүүлэх вэ? Энэ асуултын хариу салбарын стратегийг тодорхойлох гол чиглүүлэгч байх ёстой. Мөн сургуулиудын чансааг нийгэм, олон нийтийн дунд тогтсон нэр хүндээс илүү бодит KPI үзүүлэлтээр хэмжих шаардлагатай. Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, судалгааны чанар, патент эзэмшил, хамтарсан төсөл, багшийн бүтээмж, олон улсын хамтын ажиллагаа зэрэг үзүүлэлт ил тод болбол эцэг эх, суралцагч сонголтоо илүү мэдээлэлтэй хийнэ. Энэ хэрээр сургуулиуд чанартай төгсөгч, үнэ цэнтэй судалгааны өрсөлдөөнд орох боломжтойг салбарын төлөөллүүд онцолсоор байна.

Эрэлт нийлүүлэлтийн доголдол

Энэ бол дээд боловсролын салбарт тулгамдаж буй бас нэгэн сорилт юм. Тиймээс сургуульд зааж буй мэдлэг, хөдөлмөрийн зах зээлд шаардагдаж буй ур чадварын хоорондох зайг ойртуулах нь их, дээд сургуулиудын чухал даалгавар. МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн судлаач Ц.Цацрал, Г.Өлзийсайхан нарын “Lavai-International journal of education, 2024”-д нийтлүүлсэн “Дээд боловсролын чанарын баталгаажуулалтын хөгжилд магадлан итгэмжлэлийн шинжээчийн оролцоо” судалгааны өгүүлэлд сонирхолтой дүгнэлтүүд багтсаныг энд онцолъё. Судалгаанд их, дээд сургуулийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ажилласан шинжээчдийн багийн 20 тайланг санамсаргүй түүврийн аргаар авч шинжилсэн байна. Тайлангууд 2022 оных хэдий ч өнөөг хүртэл “асуудал” оршсоор буй. Иймд дүгнэлт, зөвлөмжийг нь ахин нэг сийрүүлэхэд буруудахгүй болов уу. Магадлан итгэмжлэлийн шинжээчдийн боловсруулсан нийт тайлангийн 33.2 хувьд хөдөлмөрийн зах зээлийн шинэ нөхцөл, эрэлт хэрэгцээг сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд тогтмол тусгаж байхыг зөвлөжээ.

Түүнчлэн 20 тайлангийн 14-т нь ажил олгогч, төгсөгч болон бусад оролцогч талын санал, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн их, дээд сургуулиуд хөтөлбөрөө сайжруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Энэ нь сургалтын хөтөлбөрийг анги танхимын хүрээнд бус, ажлын байрны бодит хэрэгцээтэй холбох шаардлагатайг харуулж буй. Хөтөлбөрийн агуулгын түвшинд ч доголдол байх аж. Судалсан 20 тайлангийн долоод нь хичээл хоорондын уялдааг сайжруулах, давхардлыг арилгах зөвлөмжийг магадлан итгэмжлэлийн шинжээчид өгчээ. Мөн тайлангийн 30.2 хувьд оюутныг судалгаа, шинжилгээний ажилд илүү идэвхтэй оролцуулах хэрэгтэйг онцолсон байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын хөтөлбөр, оюутны эзэмших бодит ур чадвар гэсэн гурван холбоос бүрэн нийцэж чадахгүй байгааг тус өгүүлэлд дурдсан нь анхаарал татахуйц байв. Хөдөлмөрийн зах зээлийн хүлээлтэд их, дээд сургуулиудын хөтөлбөр дангаараа тушаа болохгүй нь лавтай. Эрэлт нийлүүлэлтийн гинжин хэлхээнд гацаа, зангилаа үүсгэж буй өөр нэг хүчин зүйл нь мэргэжил сонголт. Хэн нэгнийг ямар мэргэжил сонгохыг хүчээр тулгах боломжгүй ч мэдээлэл өгөх, элсэлтийн босгоор тэнцвэржүүлэх боломжтой.

Бакалаврын суралцагчдын 20, ахисан түвшнийхний найм хүрэхгүй хувь нь хүнд, хөнгөн үйлдвэр, хөдөө аж ахуй, хими технологи, молекул биологи, биотехнологи, генетик зэрэг байгалийн ухааны чиглэлээр суралцаж байх зуурт дийлэнх олонх нь эрх зүй, банк санхүү, бизнесийн удирдлага, маркетинг менежмент зэрэг чиглэлд төвлөрсөөр байна. Гэтэл ирэх таван жилд Монгол Улсад 40 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай болно. Иймээс 2020-2025 оны орчимд 15 мянга хүрэхгүй инженер төгссөнийг марталгүй санаж, мэргэжил сонголын тал дээр бодлогын “тохируулга” хийх нь илүү оновчтой биз ээ.

Санхүүжилт бас дахин санхүүжилт

Их сургуулиудын том үүрэг бол мэдлэг бүтээх. Дэлхийд их, дээд сургуулиудын нэр хүндийг судалгааны чадавх, эрдэм шинжилгээний бүтээл, инновац, олон улсын хамтын ажиллагаагаар хэмждэг. Харин Монголд судалгаа цаасан дээрх тайлан төдий үлдэх нь элбэг. Ингэж хэлбэл дээд боловсролын салбарынхан тийм ч их гомдохгүй болов уу. Монгол Улс энэ онд шинжлэх ухаан, технологийн салбарт 156.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний тэн хагасыг салбарын байгууллагуудын урсгал зардалд зарцуулах бол ердөө 10 тэрбум төгрөгийг нь л судалгаа, хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ.

Харин 2030 он гэхэд судалгаа, хөгжүүлэлтийн нийт зардлыг ДНБ-ий хоёр хувьд хүргэх зорилтыг Монгол Улс өмнөө тавьсан. Ийм амбицтай зорилтын өмнө өнөөгийн санхүүжилтийн хэмжээ, бүтэц хангалттай юу гэсэн асуулт зүй ёсоор тавигдана.

Сургуулийн тоог цөөлсөн их шалгарлын дараа Монголын дээд боловсролын өмнө хөтөлбөрийн чанар, ур чадвар, судалгааны ололт амжилтын илүү өндөр даваа үлдээд байна. Тэр давааг давж гарахыг зөвхөн сургуулиудаас шаардах нь өрөөсгөл. Харин бодлого, санхүүжилт, хөдөлмөрийн зах зээлийн хамтын ажиллагаагаар замыг нь засалцах нь зүйтэй.

Mongolian Economy сэтгүүл, "Их сургууль бүтээгч0" үндсэн дугаараас, 2026 оны 9-р сар