Нийгэм, эдийн засгийн шилжилтийн олон үеийг туулсан хүн төрөлхтөнд хиймэл оюунтай ч дасан зохицох цаг хугацаа байгаа гэдэгт олон хүн итгэж байгаа. Харин Б.Гэйтс энэхүү үсрэнгүй хөгжлийг зөв тал руу нь чиглүүлэхэд хүмүүс бидэнд тийм ч их хугацаа үлдээгүй болов уу хэмээн сануулж байна. Түүний үзэж байгаагаар зөв чиглүүлж чадаагүй хиймэл оюунаас үүсэх эрсдэл нь нэгээр тогтохгүй томоохон асуудлыг хөндөж буй.
Хүний эсрэг хиймэл оюун
Ажлын байр устах нь хамгийн түрүүнд нүүрлэж буй бодит аюул. Өмнөх үйлдвэржилтийн болон мэдээллийн технологийн хувьсгалууд хэдэн үе дамжин явагдаж, нийгэм дасан зохицох болон шинэ ажлын байр бий болох цаг хугацаа байсан. Харин хиймэл оюуны хувьсгал тэс өөр хэмнэлээр явагдаж байна.
Уг шинэ технологи зөвхөн биеийн хүчний ажлыг бус, хүний сэтгэн бодох, тунгаан эргэцүүлэх чадварыг орлох түвшинд хүрэх боломжтой бөгөөд хууль, анагаах ухаан, программ хангамж, харилцагчийн үйлчилгээ гэх мэт оюуны хөдөлмөрийн салбарууд аль хэдийн эрсдэлд орсон.
Томоохон компаниуд хиймэл оюун, робот зэрэг технологийг нэвтрүүлж эхэлбэл, тунаж үлдэхийн тулд өрсөлдөгчид нь ч бас дагахаас өөр сонголтгүй болно. Өнөөдрийн эрх баригчдын хүсэл, сонголт биш байлаа гэхэд ирээдүйд стартапууд шинэ технологийг бүтээх нь цаг хугацааны л асуудал юм. Эдгээр асуудлаас үүдэн цагт 20 долларын цалинтай ажилтан, эсвэл цагт 10 долларын өртөгтэй робот хоёроос ажил олгогч хэнийг нь сонгох вэ гэх асуултад хариулт олох нь тийм ч холын ирээдүйнх биш болно.

Хиймэл оюунаас амьдралын ухаанд суралцах ирээдүй үе
АНУ-ын Сиэтл хотод өссөн Б.Гэйтс багадаа зожиг, цөөн хэдхэн найзтай байжээ. Олон төрлийн хүмүүстэй харилцаж сурах, нийгмийн ур чадвараа хөгжүүлэхэд түүнд асар их хичээл зүтгэл болон ээжийнх нь тусламж шаардлагатай байлаа. Өдгөө 70 настай ч одоо хүртэл суралцсаар байгаа гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр хэрэв тухайн үед хиймэл оюун байсан бол харилцааны чадвараа хөгжүүлэхийн тулд тэгж их хичээх байсан эсэхтээ эргэлздэг аж.
Учир нь хиймэл оюунтай харилцахад хялбар, хэзээ ч сөрөг сэтгэл хөдлөл үзүүлдэггүй, тухайн хүний хүссэн өнгө аясаар нь харилцаж, хариулдаг. Гэвч энэ нь бодит амьдралаас тусгаарлагдах, сэтгэл зүйн хувьд хэт хамааралтай болох, бусадтай харилцсанаар олж авдаг амьдралын чухал сургамж, ойлголт, мэдлэгийг үгүй хийх асар том эрсдэлийг дагуулж магадгүй.
Хиймэл оюун идэвхтэй ашигладаг 1100 гаруй хэрэглэгчийн дунд явуулсан Стэнфорд болон Карнеги Меллон их сургуулийн судалгаагаар, нийгмийн харилцаа багатай хүмүүс чатботтой нөхөрлөж, улмаар сэтгэл зүй нь илүү дорддог болох нь харагджээ.
Залуус сошиал медиа, интернэт хэрэглээнээс үүсэх сөрөг нөлөө, нойрны алдагдал, цахим дээрэлхэлтэд өртөж буйг дэлхий нийтээрээ дөнгөж ойлгож эхэлж байтал хиймэл оюун энэхүү донтолтыг дараагийн аюултай шатанд гаргаж ирлээ.

Хайрцагнаас гарч сэтгэх ч хяналтгүй технологи
Урьд нь асар их санхүүжилт, нарийн мэргэжлийн мэдлэг шаарддаг байсан кибер халдлага, биологийн зэвсэг боловсруулах, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх гэх мэт гэмт хэргийг өнөөдөр анхан шатны мэдлэгтэй хэн ч хиймэл оюуны тусламжтай үйлдэх боломж бүрдлээ. Технологид суурилсан инновац ба аюул заналын зааг ийнхүү ойртсоор байгаа нь хоёр талдаа хутга мэт аюул тарьж байна.
Тухайлбал, программ хангамжийн кодын алдааг илрүүлж, засварлах зориулалттай хиймэл оюуны системүүд нь гэмт хэрэгтнүүдийн гарт орсноор эмнэлэг, санхүү, эрчим хүчний сүлжээ гэх мэт нийгмийн нэн чухал дэд бүтцүүдийн сул талыг засахаас нь өмнө халддаг зэвсэг болж хувирах аюултай.
Түүнчлэн шинэ эм, вакцин нээхэд ашиглаж буй хиймэл оюуны загваруудыг аюултай вирус болон биологийн зэвсэг зохион бүтээхэд яг адилхан үр дүнтэйгээр ашиглах эрсдэл бодитой нүүрлэжээ. Энэ бүхнээс хамгийн аюултай нь, хиймэл оюун өөрийн бүтээгчдийн урьдчилан төлөвлөөгүй байдлаар бие даан шийдвэр гаргаж эхэлсэн явдал бөгөөд энэ нь технологи хүн төрөлхтний хяналтаас гарах эхний дохио болж байна.
Хиймэл оюуны хөгжлийн хурдыг хяналттай тэнцвэржүүлж, зөв чиглүүлж чадахгүй бол дээр дурдсан эрсдэлүүд улам бодитой болсоор байна. Энэ бол зөвхөн технологийн салбарын асуудал биш ирээдүйн ажил, бизнесийн орчин, үндэсний аюулгүй байдал, нийгмийн оршин тогтнох чадварт шууд нөлөөлөх сорилт болоод байна гэж Б.Гэйтс анхааруулжээ.


