Anthropic компани байгуулагдсан таван жил гаруйнхаа турш хоёр зүйлийн тэнцвэрийг олохыг хичээж ирсэн. Тодруулбал, тэд хиймэл оюуныг аюулгүй хөгжүүлэх зорилго болон судалгааны хурдыг ахиулахад шаардлагатай асар их хөрөнгийг босгох хэрэгцээ хоёрын хоорондын зөрчлийг зохицуулах гэж оролдож буй. Есдүгээр сарын 12-нд энэ зөрчил хамгийн хурц цэгтээ хүрэв. Тус компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей салбарынхандаа хандаж, хиймэл оюуны хөгжлийн “хурдыг сааруулах”-ыг уриалсан. Гэтэл яг энэ үед түүний компани хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том IPO-г олон нийтэд санал болгохын босгон дээр ирээд байв.
OpenAI-ийн С.Альтман, SpaceXAI-ийн Илон Маск зэрэг томчууд ч Д.Амодейн энэ уриалгыг дэмжсэн. Энэ нь хиймэл оюунаас үүдэж болзошгүй сүйрлийн эрсдэлийн талаарх түгшүүр Цахиурын хөндийн хүрээнд яригддаг сэдэв байхаа больж, телевизийн оройн мэдээ, хүмүүсийн хоолны ширээний ярианы сэдэв болсон долоо хоногийн дараа өрнөсөн хэрэг байв. Хэдхэн жилийн дотор хүн төрөлхтнийг устгаж ч мэдэх бодит эрсдэл хиймэл оюунд байгаа гэж үздэг хүмүүс компани дотор нь бий хэмээн Anthropic-ийн судлаачид анхааруулж байлаа. Ингэснээр энэ айдас улам гаарсан юм.
Компанийнх нь хамгийн дэвшилтэт бүтээгдэхүүн хүн төрөлхтөнд мөхлийн аюул учруулж болзошгүй талаар ажилтнууд нь олон нийтэд ярьж эхэлнэ гэдэг өөрөө тун ховор үзэгдэл. Ялангуяа компани нь ойролцоогоор хоёр их наяд ам.доллароор үнэлэгдэх IPO хийхээр зэхэж байгаа үед ийм зүйл болох нь бүр ч хачирхалтай. Энэ үнэлгээ нь технологийн салбарын өмнөх хамгийн том арван IPO-г нийлүүлсэнтэй дөхөж очих хэмжээ юм.
Хэрэв дээрх сэрэмжлүүлэг үнэн болж таарвал (мэдээж сүйрлийн дараа хэдэн хуульч амьд үлдсэн гэж үзвэл) Anthropic компани нь Д.Трампын хиймэл оюуны асуудал хариуцсан зөвлөх асан Д.Саксийн хэлснээр “бүтээгдэхүүний хариуцлагын бүх цаг үеийн хамгийн том шүүхийн маргаан”-тай нүүр тулж мэднэ.
Энэ нөхцөл байдал нь Anthropic компанийг IPO хийхийнхээ өмнө АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) нууц байдлаар хүргүүлсэн S-1 баримт бичгээ шинэчлэх шаардлагад хүргэж магадгүй гэсэн таамгийг төрүүлэв.
Үүнээс ч ноцтой нь IPO-г зохион байгуулж буй андеррайтерууд компанийн төлөвлөсөн үнэлгээг бууруулах, бүр хувьцааны арилжааг хойшлуулах шийдвэр гаргаж мэднэ.
Есдүгээр сарын 12-нд Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагаараа С.Альтман нөхцөл байдлыг бүр ч сонирхолтой болгосон. IPO-гийн баримт бичгээ мөн бүрдүүлээд байсан OpenAI энэ онд биржид гарахаа больсон гэж тэрбээр мэдэгдсэн юм. “Аюулгүй байдалтай холбоотой өрнөж буй бүхнийг харгалзаж үзвэл яг одоо олон нийтэд хувьцаагаа санал болгох оновчтой үе биш” гэж тэрбээр хэлсэн билээ.
С.Альтманы энэ үг гол өрсөлдөгчөө ёжлон хатгасан өнгө аястай байсан нь эргэлзээгүй. Харин Anthropic-ийн зарим хөрөнгө оруулагч Д.Амодей болон компанийг нь өмөөрч байна. Anthropic-ийн хамгийн сүүлийн хөрөнгө босголтыг хамтран тэргүүлсэн Altimeter Capital-ийн Брэд Герстнер X платформд “Anthropic IPO хийнэ. Зах зээл эрсдэлийг хэрхэн үнэлэхээ мэднэ” хэмээн бичжээ.
IPO-г хойшлуулах уу
Anthropic хэзээ, ямар үнэлгээгээр хөрөнгийн биржид гарах нь хэд хэдэн хүчин зүйлээс хамаарна.
Колумбийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн үнэт цаасны эрх зүйн шинжээч Жон Коффигийн хэлснээр компаниуд IPO хийхээсээ өмнө SEC-д өгсөн баримт бичигтээ нэмэлт, өөрчлөлт оруулах нь ердийн зүйл бөгөөд үүнийг харьцангуй хурдан хийж болдог аж. Тэрбээр мөн ашгаас илүү аюулгүй байдлыг эн тэргүүнд тавихаар бүтэцлэгдсэн Anthropic-ийн засаглалын тогтолцоог харгалзаж үзвэл компани S-1 баримт бичигтээ холбогдох эрсдэлүүдийг аль хэдийн хангалттай тусгасан байж болохыг онцолжээ.
IPO хийх компанийн эрсдэлийн талаарх мэдээллийг SEC хянаж, зөвшөөрсөн тохиолдолд хожим ямар нэгэн гамшигт үр дагавар гарлаа гэхэд үнэт цаасны залилангийн үндэслэлээр компанид хариуцлага хүлээлгэх боломж тодорхой хэмжээнд хязгаарлагдана гэж Ж.Коффи тайлбарлаж буй. Харин бүтээгдэхүүнтэй холбоотой хариуцлага бол тусдаа асуудал. Гэхдээ Anthropic үүнтэй холбоотой шүүхийн эрсдэлийг ч урьдчилан ил болгосон байх магадлалтай. Гэсэн ч эцсийн шийдвэрийг зах зээл Anthropic-д тулгаж мэднэ.
Хиймэл оюуны аюулгүй байдлын талаарх шуугиан биржид бүртгэлтэй хиймэл оюуны компаниудын хувьцааны ханшид хэрхэн нөлөөлөхийг Anthropic анхааралтай ажиглах болов уу. Хэрэв хиймэл оюуны салбар бүхэлдээ “гүн, бараан үүлэнд” орж, хувьцаануудын ханш хүчтэй унавал IPO-гоо тэд дахин нухацтай авч үзэх шаардлагатай болно. Харин ханш бага зэрэг л буурвал IPO төдий л хойшлохгүй байж мэднэ.
Аюулыг анхааруулсан нь давуу тал мөн үү
Хиймэл оюуны эрсдэлийн талаар Д.Амодей олон жилийн турш тууштай анхааруулж ирсэн нь харин ч итгэл төрүүлэх шалтгаан гэж Anthropic компанийг дэмжигчид үзэж байна. Есдүгээр сарын 12-нд нийтэлсэн эсээндээ Д.Амодей сүүлийн үеийн түгшүүрийг өдөөсөн хоёр гол шалтгааныг нэрлэсэн.
Нэгдүгээрт, хиймэл оюуны чадвар хурдацтай өсөж буй боловч түүнийг хэрхэн хянах тухай салбарын ойлголт түүнтэй ижил хурдаар хөгжихгүй байна.
Үүний гол шалтгаан нь, түүний бичсэнээр “AI дараагийн үеийн AI-г өөрөө бүтээх чадвартай болж буй явдал” юм.
Хоёрдугаарт, сүүлийн үед хяналтаас гарсан хиймэл оюуны агентууд хууль бус кибер халдлага үйлдсэн хэд хэдэн хэрэг гарсан. Тухайлбал, долдугаар сард OpenAI-ийн олон агент Hugging Face рүү халдсан тохиолдол бий. Д.Амодейн үзэж байгаагаар энэ явдал нь ирээдүйд илүү ноцтой аюул гарахын урьтал шинж байж мэднэ. Тэрбээр хиймэл оюуны загваруудын хөгжлийн хурдыг аюулгүй байдлын үүднээс сааруулах хэд хэдэн арга санал болгожээ.
Д.Амодей мөн АНУ-д frontier AI models буюу хамгийн дэвшилтэт хиймэл оюуны загваруудад хязгаарлалт тогтоохыг санал болгосон байна. Тийм хууль, зохицуулалт бий болох хүртэл хиймэл оюуны компаниуд сайн дурын үндсэн дээр хамтран ажиллах ёстой бөгөөд ийм хэлэлцээ нь өрсөлдөөний хууль зөрчсөн гэж тооцогдохоос сэргийлж АНУ-ын Засгийн газар хууль зүйн тусгай чөлөөлөлт өгөх хэрэгтэй гэж тэрбээр үзжээ. Цаашлаад Хятадыг хамруулсан олон улсын өргөн хүрээний зохицуулалтын тогтолцоо байгуулахыг Д.Амодей уриалсан байна.
“AI-д хэн ялна, тэр бүхнийг ялна”
Харин Ерөнхийлөгч Д.Трамп хиймэл оюуны аюулгүй байдлын талаарх түгшүүрийг төдийлөн тоосонгүй. Түүний хувьд хамгийн чухал зүйл бол хиймэл оюун бүтээх өрсөлдөөнд Хятадаас түрүүлэх юм. Тэрбээр есдүгээр сарын 13-нд Ирландад айлчилж байхдаа “AI-д хэн ялна, тэр бүхнийг ялна” гэж хэлсэн. Үүнийхээ дараахан Truth Social-д “хиймэл оюунд хэрэгтэй цорын ганц хамгаалалтын хашлага нь өндөр IQ-тай Ерөнхийлөгч!” гэж бичжээ.Түүний зөвлөх асан Д.Сакс ч зохицуулалтын шаардлагыг төдийлөн чухалд тооцсонгүй. “Хэрэв Anthropic, OpenAI хоёр хиймэл оюуны хөгжлийг сааруулах нь үнэхээр чухал гэж үзэж байгаа бол өөрсдөө л хөгжлөө удаашруул” гэж тэрбээр хэлжээ.
Эх сурвалж: The Economist


