Барилгын чанар, аюулгүй байдал, үнэ цэн зураг төслөөс эхлэлтэй. Энэхүү хариуцлагатай ажлыг “ББСМО” ХХК 18 жилийн турш гүйцэтгэж, цөөн хүний бүрэлдэхүүнтэй эхэлсэн хамт олон нь өдгөө 50 гаруй мэргэжилтнийг нэгтгэн 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэгт нийт 1700 гаруй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулжээ. “ББСМО” ХХК-ийн өнөөгийн амжилт үүсгэн байгуулагч Б.Сүнжидмаа захирлын 20 гаруй жилийн хөдөлмөртэй салшгүй холбоотой. Хамт олон нь түүнийг “дайчин, шаргуу”, “ямагт шинийг эрэлхийлэгч”, “өрөвч, өгөөмөр сэтгэлтэй” хэмээн тодорхойлдог. Тэрбээр мэргэжлийн ур чадвар, хариуцлага, тууштай хөдөлмөрөөр компанийнхаа өсөлтийг хөтөлж, барилгын салбарт өөрийн гэсэн мөрөө үлдээжээ.
Шугамнаас эхэлсэн замнал
Б.Сүнжидмаа захирал ШУТИС-ийг Иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр төгсөж, “Конконсалтинг” ХХК-д инженерээр ажлын гараагаа эхлүүлжээ. Их сургуульд эзэмшсэн мэдлэгээ бодит төсөл дээр туршиж, материалын шинж чанар, талбайн нөхцөл, захиалагчийн шаардлага бүрийг тооцоолохын хэрээр инженерийн ажлын нарийн ширийнийг таньж эхэлсэн байна. Зураг төсөлд тэмдэглэсэн тоо, татсан шугам бүр барилгын талбай дээр бодит шийдэл болж, хүний аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын үр өгөөж, барилгын насжилтад нөлөөлдөг. Үүнийг ажлынхаа эхний жилүүдэд ойлгож мэдэрсэн нь түүнийг тооцоонд нягт, шийдвэртээ хариуцлагатай инженер болгон төлөвшүүлжээ.
Дараагийн жилүүдэд Б.Сүнжидмаа зураг төслийн хэд хэдэн байгууллагад инженер, гэрээт инженерээр ажиллаж, төсөл бүрээс мэдлэг, туршлагаа зузаатгахдаа шинэ орчин, шинэ арга барил, шинэ ажлын соёлтой танилцсан нь түүний мэргэжлийн хүрээг улам тэлсэн байна. Мөн магистрын зэрэг хамгаалж, мэргэшсэн, Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэгтэй болжээ. Төрийн захиргаа, менежментийн чиглэлээр суралцсан нь техникийн шийдлээс төслийн ерөнхий зохион байгуулалт, байгууллагын удирдлага хүртэлх үйл явцыг цогцоор нь харах суурь болсон байна. Улмаар хуримтлуулсан мэдлэг, туршлагадаа тулгуурлан тэрбээр 2008 оны нэгдүгээр сард “ББСМО” ХХК-ийг байгуулжээ. Цөөн мэргэжилтэнтэй эхэлсэн хамт олны гол түшиг нь мэргэжилдээ итгэх итгэл, ажилдаа хандах хариуцлага байв.
Тэд захиалагчдын итгэл, компанийн нэр хүндийг төсөл бүрийн чанар, хугацаа, хүлээсэн үүрэгтээ эзэн байх зарчмаар алхам алхмаар бий болгожээ.
2013 онд “ББСМО”-гийн хамт олон өөрсдийн оффисын барилгын зураг төслийг боловсруулж, 2014 онд зургаан давхар барилгаа ашиглалтад оруулжээ. Өөрсдийн зурсан барилгадаа хамтдаа ажиллах болсон нь тэднийг улам ойртуулж, хийж бүтээснээрээ бахархах сэтгэлийг нь бататгасан биз ээ. Тэр цагаас хойш энэ оффист ахмад архитектор, инженерүүдийн туршлага, залуу архитектор, инженерүүдийн шинэ санаа нийлж, олон зуун төслийн шийдэл боловсорсоор байна.

Хүнээ сонсож, ажлаа нэхдэг удирдагч
Б.Сүнжидмаа захирал өглөө эрт ажилдаа ирж, хүн бүрийн хийж буй ажлыг сонирхон сонсож, санал бодлоо солилцоно. Явц ямар байгааг асууж, тулгарсан асуудлыг ярилцаж, шийдлийг нь хамтдаа эрэлхийлнэ. Алдаа гарсан үед хэн нэгнийг буруутгахаас урьтаж учир шалтгааныг нь тодруулж, дахин давтахаас сэргийлэх арга замыг чухалчилдаг байна. Жилийн тайланг компанийн нийт орлого, гүйцэтгэсэн төслийн тоогоор хязгаарлахгүй. Ажилтан бүр юу хийж, ямар ахиц гаргаж, хаана илүү хичээх шаардлагатайг нэг бүрчлэн ярилцана. Шаардлага тавихдаа хатуу, хөдөлмөрийг үнэлэхдээ харамгүй энэ зан нь “ББСМО” компанийн ажлын хэмнэл, дотоод соёлыг бүрдүүлжээ.
Түүнийг Зөвлөх инженер Г.Нансалмаа "Ажилтан бүрийн саналыг сонсож, мэргэжилдээ эзэн байхыг шаарддаг удирдагч" хэмээн дурссан байдаг. Дөнгөж сургууль төгссөн залууг мэдлэг, туршлага дутуу гээд орхихын оронд сургаж, дадлагажуулж, мэргэжлийн замд нь хөтлөх ёстой гэсэн зарчмыг Б.Сүнжидмаа захирал баримталдаг аж. Туршлага гэдэг цаг хугацаатай хамт бий болно. Харин суралцах хүсэл, хичээл зүтгэлийг зөв орчинд дэмжиж чадвал залуу инженер байгууллагын ирээдүй болж төлөвшинө гэж үздэг.
Тиймээс “ББСМО” компанид ажилд орсон шинэ төгсөгч том төслийн өмнө ганцаараа үлддэггүй. Ахмадынхаа дэргэд сууж, зураг бүрийн учрыг асууж, тооцоогоо дахин нягталж, алдаагаа зассаар бие даан ажиллах хэмжээнд хүрнэ. Нэг үеийн хуримтлуулсан мэдлэг дараагийн үед ийнхүү өвлөгдөж, байгууллагын чадамж жилээс жилд зузаарсаар иржээ.

Ахмадын ухаан, залуусын эрч
Компанийн үнэт хөрөнгийн нэг нь үе үеийн инженерүүдийн мэдлэгийг нэг дор зангидсан хамт олон юм. Монгол Улсын зөвлөх архитектор, доктор, профессор, Монгол Улсын гавьяат барилгачин Ч.Дагшигдорж, Монгол улсын зөвлөх архитектор, Монгол Улсын гавьяат инженер Ш.Дуламсүрэн, Монгол улсын зөвлөх архитектор Ч.Магсар, Монгол улсын зөвлөх инженер Г.Нансалмаа, С.Баярням, В.Оюунсүрэн, Ц.Төгсжаргал, Л.Наваандорж, Л.Батцоож, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Цээлээсүрэн зэрэг салбартаа олон арван жил ажилласан зөвлөхүүд залуу архитектор, инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, туршлагаа харамгүй хуваалцжээ.
Ч.Дагшигдорж багш 40 гаруй жил багшилж, Монголын мянга гаруй архитекторыг бэлтгэсэн хүндэт эрхэм. Түүний хурц хараа, мэргэжлийн зөвлөгөө “ББСМО”-гийн 100 гаруй бүтээлд шингэсэн байдаг. Геодези, өндөржилтийн чиглэлээр хагас зуун жил ажилласан Ш.Дуламсүрэн зөвлөх залуу мэргэжилтнүүдэд тусгайлан цаг гаргаж, практик мэдлэг зааж, олон хүнийг бие даан ажиллах хэмжээнд хүргэжээ. “Зураг төслийн ажлын үр дүнг чиглэл бүрийн инженерүүдийг баг болгож багаар ажиллах чадвараас хамаарна” гэсэн түүний зарчмыг “ББСМО”- компанийн хамт олон өдөр тутмын ажилдаа мөрдлөг болгодог. Барилгын иж бүрэн зураг төсөлд архитектор орон зайн төлөвлөлт, өнгө төрхийг төлөвлөж, бүтээцийн инженер даацын тооцоог гаргана.
Б.Сүнжидмаа захирал ахмад мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, залуусынхаа санаачилгыг дэмждэг байна. Шинэ программ, шинэ аргачлал, олон улсын туршлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ Монгол орны уур амьсгал, хөрсний нөхцөл, барилгын хэрэглээний онцлогийг нарийн тооцохыг шаарддаг.
Геодезийн инженер зураг төслийг газрын түвшинтэй уялдуулан өндөржилтийг гаргадаг бол халаалт, агаар сэлгэлт, ус хангамж, цахилгаан, холбооны инженерүүд барилгыг хэвийн, найдвартай ажиллах шийдлийг боловсруулж, төсөвчин нийт ажлын өртөг, хугацааг тооцдог. Ийнхүү архитектор, инженер тус бүрийн тооцоо, шийдэл харилцан уялдсанаар барилгын иж бүрэн зураг төсөл бүрддэг аж. Энэ нарийн уялдааг зангидахдаа Б.Сүнжидмаа захирал ахмад мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсож, залуусынхаа санаачилгыг дэмждэг байна. Шинэ программ, шинэ аргачлал, олон улсын туршлагыг нэвтрүүлэхийн зэрэгцээ Монгол орны уур амьсгал, хөрсний нөхцөл, барилгын хэрэглээний онцлогийг нарийн тооцохыг шаарддаг. Ийнхүү ахмад мэргэжилтнүүдийн туршлага залуусын шинэ санаатай хосолж, төслийн шийдлийг улам боловсронгуй болгодог байна.

1700 барилгын зураг төсөлд үлдсэн мөр
“ББСМО” компанийн боловсруулсан төслүүдийг жагсаавал Монгол Улсад хийгдсэн сүүлийн үеийн бүтээн байгуулалт том зургаараа дэлгэгдэнэ. Сэлбэ, Шархад, Баянхошуу дэд төвүүд хотын төвлөрлийг багасгах шинэ орон зайн эхлэлийг тавьж Шинэ Хархорум хотын төв цэг, төв талбайн төсөл ирээдүйн хотын өнгө төрхийг зураглан харуулна. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор, Дотоод хэргийн их сургуулийн цогцолбор зэрэг ажил цар хүрээ, зохион байгуулалт, инженерийн шийдлээрээ төслийн багийн ур чадварыг сорьсон томоохон бүтээн байгуулалтад тооцогдоно.
Аймаг, дүүргүүдэд баригдсан 320, 640, 960 хүүхдийн сургуулиуд, 150, 240 хүүхдийн цэцэрлэгүүд бүтээн байгуулалтын төслийн томоохон хэсгийг эзэлнэ. Эдгээр барилгын үнэ цэн зураг төслийн хэмжээнээсээ давж, тэнд суралцах олон мянган хүүхдийн ирээдүйтэй холбогдоно. Харин үйлдвэрийн барилга өөрийн гэсэн нарийн хэлтэй. Эрдэнэт үйлдвэрийн технологийн парк, Ховд эко цементийн үйлдвэрийн цогцолбор, Тайшир шохойн үйлдвэрийн цогцолборын ард үйлдвэрлэлийн технологи, хүнд тоног төхөөрөмж, аюулгүй ажиллагааны өндөр шаардлага бий. Технологийн дараалал алдагдахгүй, ажилчдын хөдөлгөөн саатахгүй, тоног төхөөрөмжүүд хоорондоо зөв уялдах нөхцөлийг зураг төслийн шатанд тооцох шаардлагатай. Ийм төсөл бүр “ББСМО” компанийн архитекторууд, инженерүүдэд шинэ сорилт, шинэ мэдлэг авчирч байв.
Баянмонгол, Белмонте орон сууцны хорооллууд айл өрхийн өдөр тутмын амьдралтай холбогдож, Чулуутын ам дахь аялал жуулчлалын цогцолбор байгаль, архитектурын зохицлыг эрэлхийлсэн бүтээл болсон байна. Төсөл бүр өөр өөрийн асуултыг тавьж, компанийн баг хариуг нь тухайн орчин, зориулалт, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн олжээ.
“ББСМО” Япон, БНХАУ, БНСУ, Арабын Нэгдсэн Эмират, Малайз зэрэг орны мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж, 2020 он гэхэд олон улсын оролцоотой 15 томоохон төсөлд хүч сорьсон байв. Гадаадын зураг төслийн байгууллагуудтай хамтран ажиллах, мөн гаднын байгууллагын боловсруулсан зураг төслийг Монголын уур амьсгал, барилгын норм дүрэм, стандарт, онцлогт нийцүүлэх, зөв уялдуулах нь төслийн багийнхны харах өнцгийг тэлж, дараагийн бүтээлүүддээ шинэ шийдэл нэвтрүүлэх боломжийг нээжээ.
Компанийн хаалгаар хязгаарлагдаагүй манлайлал
Б.Сүнжидмаагийн үйл хэрэг өөрийн компанийн хүрээнээс хэдийнээ хальжээ. Эмэгтэй архитекторууд, залуу инженерүүдийг дэмжих, нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахыг ажлынхаа нэг хэсэг болгохыг зорьж ирсэн. Энэ зорилгын хүрээнд 2017 онд Нийслэлийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоог байгуулж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх олон нийтийн ажилд хүчээ зориулсан байна. Мөн Барилгын хөгжлийн төвийн орон тооны бус экспертээр ажиллаж, салбарын чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд мэдлэг туршлагаа хуваалцсаар иржээ.
Үүгээр ч зогсохгүй амьжиргааны түвшин доогуур 10 өрхөд улирал бүр тусламж үзүүлэх, Баянхонгор аймгийн Шаргалжуут сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн халамжийн төвийн барилгын зураг төсөл, Дашпэлжээ хийдийн Дотуур байрны зураг төсөл, Бадамлянхуа асрамжийн төвийн хүүхдүүдийн Сургалтын төвийн барилгын зураг төслийг үнэ төлбөргүй боловсруулж өгчээ. Мөн Бадамлянхуа асрамжийн төвийн сургалтын төвийн барилгыг барьж ашиглалтад оруулж өгсөн гээд түүний хийсэн сайн үйлсийг тоочвол сэтгүүлийн маань хуудас багадахаар ажээ.
Хэн нэгэнд туслах үйлсээ сүр дуулиан болгон ярьдаггүй занг нь хамт олон “захирлын хобби” хэмээн хошигноно. Түүний хөдөлмөрийг “Тэргүүний шилдэг инженер”, “Тэргүүний барилгачин”, “TOP WOMAN”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” зэрэг төрийн болон салбарын олон шагналаар үнэлжээ. “ББСМО” ХХК нь 2012, 2025 онуудад тМонголын барилгын Зураг төсөл зохиогчдын холбооны зураг төслийн “Шилдэг байгууллага”, мөн Барилгын салбарын түүхт 90, 100 жилийн ойгоор Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны зураг төслийн “Шилдэг байгууллага”-аар тус тус шалгарсан түүхтэй (2016, 2022, 2026). Гэхдээ Б.Сүнжидмаа захирлын хувьд шагнал, өргөмжлөлөөс илүү үнэ цэнтэй зүйл бий. Тэр нь олон жилийн өмнө зурсан барилгууд өнөөдөр хүмүүсийн амьдралд үүргээ гүйцэтгэж, анх ажилд авч байсан залуу инженерүүд өдгөө төслөө удирдан, дараагийн үеэ сургаж яваа дүр зураг юм.



