Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй зургаадугаар сарын 9-ний өдөр уулзсан. Энэхүү уулзалтын үеэр mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо. Гишүүнээр нэгдэх баримт бичигт Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурав.
mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм. Төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкууд өөрсдийн төв банкны цахим мөнгийг (CBDC) ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд, цаг хугацаа болон байршлаас үл хамааран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр төлбөр тооцооны зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн mBridge нь төв банкуудын цахим мөнгө (CBDC)-ийг ашиглан олон улсын төлбөр тооцоог бодит цагийн горимд гүйцэтгэх зорилготой олон улсын төсөл юм. Тус төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформ ашиглан хил дамнасан төлбөрийг илүү хурдан, хямд, аюулгүй хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар mBridge төслийг 30 гаруй улсын төв банк болон олон улсын байгууллага ажиглагч гишүүний хувиар даган оролцож байна. Харин Монголбанк үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны бүрэлдэхүүнд орсноор төслийг үүсгэн байгуулагч талуудын адил эрх, үүргийг хэрэгжүүлж, төслийн хөгжлийн чиглэл, бодлого болон шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох боломжтой болж буй.
Одоогийн олон улсын төлбөрийн тогтолцоонд нэг гүйлгээ хэд хэдэн зуучлагч банкаар дамждаг тул хугацаа удаан, зардал өндөр байдаг. Харин mBridge платформ нь төв банкуудын дижитал мөнгийг шууд холбох замаар төлбөрийн хурдыг секундийн түвшинд хүргэж, гүйлгээний өртгийг мэдэгдэхүйц бууруулах зорилготой. Туршилтын шатанд дөрвөн улсын 20 банк оролцож, 160 гаруй бодит гүйлгээг амжилттай хийсэн талаар төслийн оролцогчид мэдээлжээ.
Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтцийг олон улсын дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх, төв банкны цахим мөнгөний чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүгийн интеграцад оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

