ранцын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Муе “Mongolian Economy” сэтгүүлийн сурвалжлах багийг Францын Сенатын ордонд (Люксембургийн ордон) хүлээн авч уулзлаа. Тэрбээр сэтгүүлийн орлогч эрхлэгч Н.Энхбаяртай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, шинэ утга, түүхээр баяжин хөгжиж буй харилцаа шинэ жаранд хэрхэн өргөжин бэхжих талаар байр сууриа илэрхийлэв. 

Сенатч Филипп Муе 10 гаруй жил Монгол-Францын найрамдлын бүлгийг тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр дипломат харилцааны өнгөрсөн 60 жилийг хоёр орон харилцан бие биеэ танин мэдэх, бат бэх харилцааны суурийг бэхжүүлэх он жилүүд байсан хэмээн тодорхойлж байна.

Харин “шинэ жаран”-д Монгол-Францын харилцаа худалдаа, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын талбарт цоо шинэ агуулгаар баяжиж, шинэ түвшинд хүрэх төлөвтэй байгааг эрхэм сенатч онцоллоо. 

“Mongolian Economy” сэтгүүлийн баг Францын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Муетай ярилцлага хийх үеэр /2026.06.16/

Түүнчлэн францчууд Монгол Улсыг үүх түүх, соёл уламжлал, онгон дагшин байгальтайгаар нь илүү сайн танин мэдсэн бол сүүлийн 10 жилд хамтын ажиллагаа илүү эрчимжсэн. Улмаар ирэх жаранд францчууд монголчуудыг бизнесийн түнш, хамтрагч хэмээн харж, төр, хувийн хэвшлийн томоохон төслүүдэд хамтран ажиллаж эхэлснийг ярилцлагадаа тодотгосон юм. Ялангуяа хоёр орны төрийн тэргүүнүүдийн айлчлал харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан энэ үед бүтээх хүсэл мөрөөдөл байгаа цагт бүх төлөвлөгөө, хамтрал амжилттай хэрэгжих боломжтойг Филипп Муе цохон дурдаж байлаа. 

“Mongolian Economy” сэтгүүл тун удахгүй цахим сувгуудаараа дамжуулан Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Муетай хийсэн ярилцлагыг уншигч, үзэгч та бүхэнд хүргэх болно. Мөн ирэх сард хэвлэгдэх “Шинэ жарны эхлэл” сэтгүүлийн тусгай дугаараас түүний ярилцлагыг унших боломжтой.