Дэлхийн геоэдийн засгийн өрсөлдөөний талбарт Франц улс сонирхолтой нүүдэл хийж байна. Энэхүү ухаалаг нүүдлийнхээ ачаар тус улс гадаадын хөрөнгө оруулалтыг аварга том “соронз” адил татаж буй билээ. Дэлхий дахины анхаарлыг татаж, гадаадын хөрөнгө оруулалтаар Европт тэргүүлж байгаа Францын “татах хүч”-ний цаана Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан “France 2030” хөтөлбөр томоохон байр суурь эзэлдэг. 2021 онд танилцуулсан “France 2030” үндэсний хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь нийт 54 тэрбум еврогийн төсөвтэй.
Гол зорилго нь Францын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг сэргээх, технологийн хараат бус байдлыг нэмэгдүүлэх, ногоон шилжилтийг түргэтгэхэд оршдог. Энэ утгаараа хиймэл оюун, хагас дамжуулагч, квант технологи, устөрөгчийн эрчим хүч, шинэ үеийн цөмийн технологи, сансар, био анагаах ухаан, нүүрстөрөгч багатай үйлдвэрлэл зэрэг стратегийн салбаруудад тус улс хөрөнгө оруулалтыг түлхүү чиглүүлж байна.
Тэр дундаа нийт санхүүжилтийн 50 хувийг нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад, үлдсэн хэсгийг инновац, өндөр технологийн компаниудад чиглүүлэхээр төлөвлөснөөс Францын хөгжлийн чиг хандлага хааш эргэж буйг илхэн ойлгож болно.
2023 онд тус улс гадаадын хөрөнгө оруулалтаар 1200 шахам төсөл хэрэгжүүлсэн нь Европт хэрэгжсэн нийт хөрөнгө оруулалтын төслийн 21 хувийг бүрдүүлсэн үзүүлэлт юм. Харин дараа жил нь мөн л 1000 гаруй төсөл хэрэгжиж, гадаадын хөрөнгө оруулалт татсан тоо хэмжээгээр Франц улс зургаан жилийн турш Европтоо тэргүүлсэн. Өдгөө ч тэргүүлж буй билээ.
Өнгөрсөн онд гэхэд, 1878 гадаадын хөрөнгө оруулалтын шийдвэр бүртгэгдэж, үүний үндсэн дээр 47 мянга гаруй ажлын байр бий болжээ. Үүнээс 315 компани нь Францад анх удаа хөрөнгө оруулсныг “Business France” агентлаг онцолж байв. “Mongolian economy” сэтгүүлийн баг БНФУ-ын нийслэл Парис хотноо ажиллах үеэр тус агентлагийн удирдлагууд төв оффистоо биднийг хүлээн авч уулзан Францын хөрөнгө оруулалт татах стратеги болон Монгол-Францын худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудын талаар уулзалт ярилцлага өрнүүлсэн юм.
Тэдний хувьд, “Choose France” чуулганы ач холбогдол, үр дүнгийн талаар мэдээлэл өгсөн нь анхаарал татахуйц байв. Тухайлбал, 2025 оны “Choose France” чуулганаар 37 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын амлалт зарласан бол 2026 онд энэ үзүүлэлт огцом өсөж, 71 төслийн хүрээнд 93 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын амлалт авч, 15 мянга гаруй ажлын байр бий болгохоор болсон нь шинэ дээд амжилт болжээ. Өөрөөр хэлбэл, Франц улс дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг татах бодлого, институцийн хүчирхэг тогтолцоогоороо дамжуулан дотоодын аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, хүчирхэг эдийн засгийг цогцлоож байна.

“Business France” бол Францын эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлыг олон улсад таниулах, Францын компаниудыг гадаад зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх, Францад гадаадын хөрөнгө оруулалт татах, гадаад дотоодын компаниудад гүүр болох, гадаад худалдааг өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний агентлаг юм. Мөн тус байгууллагын залуу мэргэжилтнүүдийг олон улсын компаниудад ажиллуулдаг V.I.E хөтөлбөр ч тун алдартай.
Францын бизнес, хөрөнгө оруулалтын олон улсын гарц болсон “Business France” агентлагаас гадна дэлхийн томоохон хөрөнгө оруулагчдыг нэг дор цуглуулдаг “Choose France” санаачилгыг энэ нийтлэлд мөн онцлох учиртай. Шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах тус улсын бодлогын ард аж үйлдвэр, технологи, инновац, хиймэл оюун, дата төв, ногоон шилжилтэд суурилсан шинэ эдийн засгийн загвар бүтээх урт хугацааны стратеги бий.
Энэ стратегийг хэрэгжүүлэхэд мэдээллийн хамгийн том “индэр” болдог платформ бол “Choose France” чуулган юм.
2018 оноос эхэлсэн энэ санаачилгын хүрээнд Ерөнхийлөгч Макрон жил бүр дэлхийн томоохон корпорациудын удирдлагуудыг Версалийн ордонд урьж, Францад хөрөнгө оруулах боломжийг биечлэн танилцуулдаг. 2026 оны “Choose France” чуулганаар 71 төсөл, нийт 93 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтын амлалт зарлагдсан нь тус санаачилгын цар хүрээ хэрхэн өргөжсөнийг харуулж буй.


