Монгол, Францын эдийн засгийн харилцааг зөвхөн Зөөвч-Овоогийн ураны төслийн хүрээнд ойлговол хэт явцуу болно. “Business France” агентлагийнхантай хийсэн уулзалтын үеэр Францын тал Монголын ноолуурын салбарыг ихэд сонирхож буйгаа онцолсон. Энэ нь хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн талбарт ч өргөжиж болохыг харуулж байна. Франц бол дэлхийн тансаг хэрэглээ, загварын үйлдвэрлэлийн гол төв.
Энэ утгаараа дэлхийн томоохон брэндүүд өндөр чанартай, гарал үүсэл нь тодорхой, байгаль орчинд ээлтэй, тогтвортой нийлүүлэлт бүхий түүхий эдийг улам бүр чухалчилж байна. Иймд мал аж ахуйн гаралтай түүхий эдийг олон улсын тансаг хэрэглээний зах зээлтэй холбон нэмүү өртөг шингээхэд гарал үүсэл, чанарын баталгаажуулалт хийх, стандарт нэвтрүүлж хэрэгжүүлэх нь чухал юм.
Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүч, нисэхийн инженеринг, онцгой байдал, хот байгуулалт, хөдөө аж ахуйн технологи, хүнсний боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарууд хоёр улсын хамтын ажиллагааны шинэ талбар болж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны тогтоолоор байгуулагдсан ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги нь Монгол, Францын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжсэн “Агаараас аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд байгуулагдсан түүхтэй. Тус төслийн хүрээнд Airbus EC145 загварын тусгай үүргийн нисдэг тэрэг, сургалтын симулятор, ангарын цогцолбор байгуулж, нисгэгч, инженер, аврагчдыг Францын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор бэлтгэжээ. Өнөөдөр тус анги агаараас эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламжийн нислэгийг тогтмол гүйцэтгэж байгуулагдсан цагаасаа хойш 300 орчим хүний амь насыг авран хамгаалсныг “Mongolian Economy” сэтгүүлийн баг Парис хотноо “Sabena Technics” компанийн төлөөлөлтэй уулзах үеэр онцолж байсан юм.

Франц улс нисэхийн инженерингийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг төдийгүй агаараас эрэн хайх, гал түймэртэй тэмцэх техник хэрэгсэл, арга туршлагаараа ч олон улсын тавцанд эхний эгнээг өнгөлдөг.
Цаашид ч хоёр улс энэ чиглэлд хамтын ажиллагаа өргөжүүлэх төлөвтэй байна.
Мөн Улаанбаатар хотын анхны дүүжин тээврийн төслийг Францын POMA компани Францын Сангийн яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, инженерингийн ажлыг Egis компани хариуцаж байгаа аж. Хотын түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг багасгах, гэр хорооллыг нийтийн тээврийн сүлжээнд холбох зорилготой энэхүү төсөл нь хоёр улсын дэд бүтцийн хамтын ажиллагааны томоохон жишээ болж буй билээ.
Иймээс Монгол, Францын эдийн засгийн харилцааг зөвхөн хоёр улсын худалдааны өнөөгийн тоон үзүүлэлтээр хэмжихэд хангалтгүй юм. Ялангуяа Францын 54 тэрбум еврогийн өртөг бүхий “France 2030” хөтөлбөр Европын технологи, үйлдвэрлэлийн бодлогын томоохон тулгуур болж, Францыг тойрсон мөнгөний урсгал эрчимжиж буй энэ үед Монгол Улс оновчтой нүүдэл хийж чадвал, уул уурхайгаар зогсохгүй олон салбарт Францын хөрөнгө оруулалт, ноу-хауг чиглүүлэх боломж нээлттэй байна.


