Энэхүү хэлцэл нь 2018 оноос хойших Хөгжлийн банкны анхны Rule 144A/Reg S бүтэцтэй олон улсын бондын арилжаа бөгөөд АНУ-ын мэргэжлийн институционал хөрөнгө оруулагчдад Rule 144A, АНУ-аас гаднах хөрөнгө оруулагчдад Regulation S зохицуулалтын хүрээнд зэрэг санал болгосноороо онцлог юм. Ингэснээр Хөгжлийн банк олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын зах зээлд амжилттай эргэн ирж, хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин баталгаажууллаа.
Энэхүү хэлцлийн үр дүнд Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүй олон улсын бондуудынхаа түүхэн дэх хамгийн бага купонтой санхүүжилтийг татаж чадлаа.
Тухайлбал, 2025 онд 3 жилийн хугацаатай хаалттай хэлбэрийн бондыг 8.50 хувийн купонтойгоор гаргаж байсан бол энэ удаад илүү урт буюу 5 жилийн хугацаатай санхүүжилтийг 6.90 хувийн купонтойгоор татаж чадлаа. Түүнчлэн шинэ бондын өгөөж Монгол Улсын Засгийн газрын бондтой харьцах зөрүү мэдэгдэхүйц буурсан нь Хөгжлийн банкны эрсдэлийн үнэлгээ сайжирсны бас нэгэн илрэл боллоо.
Хэлцлийн үеэр хөрөнгө оруулагчдын эрэлт өндөр байж, нийт захиалга 2.63 тэрбум ам.долларт хүрч, санал болгосон хэмжээнээс 5.3 дахин давсан байна. Энэхүү өндөр эрэлт нь Хөгжлийн банкны шинэчлэл, Монгол Улсын макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон урт хугацааны хөгжлийн төлөвийг олон улсын хөрөнгө оруулагчид эерэгээр үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм.


Олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын итгэлийг татсан хэлцэл
Энэ удаагийн бондын арилжаанд 122 олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагч оролцсон бөгөөд газарзүйн хувьд АНУ 27 хувь, Европ, Ойрхи Дорнод, Африк (EMEA) 45 хувь, Ази 28 хувийг тус тус бүрдүүлсэн өргөн хүрээний хөрөнгө оруулагчдын оролцоотой байлаа.
Нийт хуваарилалтын 88 хувийг урт хугацааны хөрөнгө оруулалтын сангууд, 10 хувийг даатгалын байгууллага болон тэтгэврийн сангууд эзэлсэн нь эрэлтийн хэмжээ өндөр байснаас гадна хөрөнгө оруулагчдын чанар өндөр байсныг харуулсан үзүүлэлт болов. Энэ нь Хөгжлийн банкны олон улсын хөрөнгө оруулагчдын бааз илүү төрөлжиж, ялангуяа АНУ болон Европын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг харууллаа.
Хөгжлийн банкны шинэчлэлийг олон улсын зах зээл эерэгээр үнэлэв
Монгол Улсын Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг дэмжих дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, экспортын чиглэлийн стратегийн төслүүдийг санхүүжүүлэх чиг үүрэг бүхий Монгол Улсын цорын ганц бодлогын банк юм.
Хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалтуудын үеэр банкны шинэ стратеги, засаглалын шинэчлэл, эрсдэлийн удирдлага, санхүүгийн сахилга бат болон хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх урт хугацааны бодлогыг танилцуулсан бөгөөд хөрөнгө оруулагчид эдгээр өөрчлөлтийг эерэгээр үнэлсэн нь хэлцлийн амжилтад чухал нөлөө үзүүллээ.
Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад валютын албан нөөцийн нэмэгдэл, улсын өрийн дарамтын бууралт, зээлжих зэрэглэлийн ахиц зэрэг макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирсан.
Энэ нь хөрөнгө оруулагчдын Монгол Улсад хандах үнэлгээнд дэмжлэг болсон юм. Энэхүү амжилттай арилжаа нь Монгол Улсыг урт хугацааны хөрөнгө оруулалтын боломжтой зах зээл гэж үзэх хандлага улам бэхэжсэнийг харууллаа.
Монголын хөгжлийн төслүүдийг дэлхийн хөрөнгийн зах зээлтэй холбох шинэ алхам
Энэхүү бондын эх үүсвэрийг Хөгжлийн банк өр төлбөрийн бүтцээ оновчтой болгохын зэрэгцээ Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдсан эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, аж үйлдвэр зэрэг стратегийн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах юм. Энэ утгаараа Хөгжлийн банк нь зөвхөн олон улсын зах зээлээс хөрөнгө татдаг байгууллага бус, харин Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх төслүүдийг дэлхийн урт хугацааны хөрөнгө оруулалттай холбодог бодлогын санхүүгийн институцийн үүргээ улам бататгаж байна.
Түүнчлэн энэхүү бонд нь олон улсын бондын гол индексүүдэд багтах шалгуурыг хангаж байгаа нь Монгол Улсын үнэт цаасанд олон улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Мөн энэхүү жишиг (benchmark) хэлцэл нь Монголын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах шинэ жишгийг тогтоож, Монгол Улсын олон улсын хөрөнгийн зах зээл дэх байр суурийг улам бэхжүүлсэн стратегийн ач холбогдолтой хэлцэл боллоо.


