Чанартай бүтээгдэхүүний “нууц жор” нь баталгаат түүхий эд

Б.Долгоржав Үйлдвэрийн албаны дарга

Манай компани түүхий эдийн чанарт онцгой анхаарч, гахайн аж ахуй, мах боловсруулах, мал төхөөрөх үйлдвэрийг үе шаттай байгуулсан. Ингэснээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нийлүүлэлтийн бүх сүлжээг бүрэн хяналтдаа авсан. Чанартай бүтээгдэхүүний “нууц жор” нь баталгаат түүхий эд. Тиймдээ ч мал эмнэлгийн үзлэгт орсон, чанарын албаны баталгаажуулалттай мал, махыг л бид үйлдвэрлэлд нийлүүлдэг. Одоогоор “Траст трейд” ХХК 30 гаруй нэр төрлийн хиам, хиаман бүтээгдэхүүн, 20 гаруй нэр төрлийн хагас боловсруулсан бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Манай гурван үйлдвэрийн хоногийн хүчин чадал 35 тонн давдаг. Үйлдвэрлэлийн хүчин чадал ийн тэлсэн нь технологи, инновацад анхаарсны үр дүн. Бид 2024 оноос Герман улсын дэвшилтэт технологийг үе шаттайгаар нэвтрүүлсэн. Handtmann, Seydalmann, Fessmann брендийн холигч, шарах камер, куттер, үдэгч зэрэг өндөр чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулснаар үйлдвэрлэл илүү нарийвчлалтай, тогтвортой болсон. Бараг жилийн дотор бүтээмж хоёр дахин өсөж, түүхий эдийн хорогдол мэдэгдэхүйц буурсан. Ажиллах хүчний ачаалал ч хөнгөрсөн.

Малд бүх талын үзлэг, шинжилгээ хийж үйлдвэртээ хүлээн авдаг

Х.Сувдмаа Мал эмнэлгийн албаны дарга

Манай алба мал хүлээн авах, сойх, төхөөрөх, махны чанар, аюулгүй байдалд хяналт тавих, ариутгал халдваргүйжүүлэлт хийх, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуйн зохистой дадлыг хэвшүүлэх ажлуудыг гүйцэтгэдэг. Мал хүлээж авахдаа манай их эмч нар нэгдсэн цахим системээс малын ээмэгний кодоор хайлт хийж, тухайн малын маршрут, эмнэлгийн хяналт, үйлчилгээ зэргийг шалгадаг. Мөн амраах, сойх, төхөөрөх үедээ ч тогтмол үзлэг хийдэг. Үзлэгийн бүх мэдээллээ нэгдсэн дата санд төвлөрүүлдэг. Үндсэндээ бүтээгдэхүүний баталгаат байдлын “суурь”- ийг манай алба цутгадаг.  Түүнчлэн бид дотоодын итгэмжлэгдсэн лабораторийг түшиглэн амьд малд антибиотик, бичил биетний шинжилгээ хийдэг. Мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа 2023 оноос эхэлж, 2024 онд ISO/ IEC 17025:2017 стандартын итгэмжлэлийн гэрчилгээ авсан. Лабораторид бид түүхий эдийн шинжилгээ хийхээс гадна мал эмнэлгийн ариун цэвэр, багаж, тоног төхөөрөмж, үйлдвэрийн ажилчдын гар, хувцасны арчдасын шинжилгээ, орчны агаарын шинжилгээ хийдэг. Бид мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талбарт чухалд тооцогддог MNS ISO/IEC 22000:2018, HACCP, HALAL стандартуудыг ч мөн нэвтрүүлсэн.

Түүхий эдийн гарал үүсэл, хяналт баталгаажуулалт, ажилтны сэтгэл ханамж, хэрэглэгчийн итгэл үнэмшил, нийгмийн хариуцлагыг нэг бодлогод уяж, өсөлтөөс өсөлтөд өртөөлж буй хамт олон бол “Траст трейд”-ийнхэн юм. Тэд жаргалтай ажилчдын гараас амт, чанар төрнө гэсэн энгийн философитой. Тийм ч учраас 33 ажилтандаа 600 гаруй сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлжээ. Ажилтны урам зоригоос гадна хэрэглэгчийн итгэл бол алдаж болохгүй “шилэн бөмбөлөг”. Итгэлийн үнэ цэнийг тэд 26 жилийн өмнө анх үүдээ нээхдээ л ухамсарласан байсан. Иймээс үйлдвэрлэлийнхээ бүх түвшинд инновац шингээж, стандарт нутагшуулжээ.

Компанийнхаа чанарын хяналтын тогтолцоогоор бахархдаг

Э.Санчирмаа Чанарын албаны дарга

Эрүүл, аюулгүй, баталгаат хүнсийг хэрэглэгчдэд хүргэхэд манай чанарын хяналтын тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэдэг. Бид дэлхийн нэр хүндтэй брэнд, томоохон үйлдвэрлэгчидтэй эн зэрэгцэх тогтолцоог хөгжүүлж чадсанаараа бахархдаг. Манай дотоод хяналтын лабораторийн химич, микробиологчид түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн хүртэлх бүх шатанд шинжилгээ хийж, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Мөн MNS ISO/IEC 17025:2018 стандартын итгэмжлэлийг бид 2015 оноос хойш тасралтгүй баталгаажуулж ирсэн. Манай лабораторийн шинжилгээний чадамж Олон улсын лабораторийн магадлан итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдсэн 100 гаруй улсад хүлээн зөвшөөрөгддөг.

Түүнчлэн 2015 оноос FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын стандартыг үйлдвэрлэлийн бүх түвшинд нэвтрүүлсэн. Швейцар улсад төвтэй SGS байгууллагаар баталгаажуулдаг энэ стандарт нь хүнс үйлдвэрлэлийн “ноён оргил” гэгдэх чухал стандарт. Энэ стандартыг хүмүүс үйлдвэрийн цэвэр цэмцгэр байдал, бүтээгдэхүүний чанараар л төсөөлдөг юм. Гэтэл эдгээрээс гадна ажилтны эрүүл мэнд ч чухал байдаг. 2025 онд л гэхэд, 108 ажилтнаас гар, хоолойн 1200 орчим арчдас авч, лабораторитоо шинжилсэн. Шинжилгээгээр зөрчил илэрсэн ажилчдыг бүрэн эмчилгээнд хамруулсны дараа үйлдвэрт нэвтрүүлж ажиллуулсан. Ингэж л бид хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын “манаа”-нд зогсдог.

Өнгөрсөн таван жилд борлуулалтын орлого 300 хувиар нэмэгдсэн

П.Мөнхболд Борлуулалтын албаны дарга

Манай байгууллага зах зээлийн хэрэгцээ, шаардлагыг оновчтой тодорхойлохын тулд гадаад, дотоод орчны судалгааг жил бүр мэргэжлийн байгууллагуудаар хийлгэдэг. Ингэснээр гадаад орчны боломж, эрсдэл, дотоодод бий болж буй давуу, сул талуудыг хурдан хугацаанд олж харж чаддаг. Нөгөөтээгүүр, энэ нь бодлого тодорхойлох, бизнес төлөвлөгөө боловсруулах, борлуулалт, маркетингийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд маш том бааз суурь болдог. Бид сүүлийн таван жилд борлуулалт, түгээлт, хуваарилалт, сегментчлэлд онцгой анхаарсан. Үүний үр дүнд орон даяар 2500 гаруй харилцагчтай болж, нийслэл төдийгүй орон нутагт бүрэн хүрч ажиллаж байна. Өнгөрсөн таван жилд манай борлуулалтын орлого 300 хувиар нэмэгдсэн бол зах зээлд эзлэх байр сууриа бид 10 гаруй хувиар тэллээ. Энэ өсөлтөд бүтээгдэхүүний чанар нөлөөлсний зэрэгцээ брэндийн өнгө төрхийг оновчтой тодорхойлсон нь түлхэц үзүүлсэн. Цаашид бид хэрэглэгчээ мэдэрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхийн тулд шинэчлэл сайжруулалтын “эрэл”-д бүх сэтгэл зүрхээ зориулах болно.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны тавдугаар сарын "Хүнсний хувьсгалын баатрууд" тусгай дугаарын 26-27-р нүүр