Монгол Улсын санаачилгаар НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан түүхэн цаг үед дэлхийн газрын бодлогыг тодорхойлох энэхүү томоохон хурлыг эх орондоо зохион байгуулж байна. Конвенцын 197 Талын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид, сайд нар, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучуудын 12 мянга гаруй төлөөлөл “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор арав гаруй хоног чуулна.

Тэд цөлжилт, газрын доройтол, гангийн эрсдэлийг бууруулах, доройтсон газар нутгийг сэргээх, бэлчээрийн тогтвортой менежментийг дэмжих, санхүүжилт болон технологийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэж, дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх шийдлүүдийг эрэлхийлэх юм.

Газрын доройтол, цөлжилт, гангийн нөлөө байгаль орчны хүрээнээс хэдийн хальж, усны нөөц, хүнсний аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, эрүүл орчин, хот суурин газрын тогтвортой хөгжилд шууд нөлөөлөх болжээ. Хурдацтай тэлж буй Улаанбаатар хотын хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны нөөцийг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, газар ашиглалтыг зөв төлөвлөх нь өнөөдрийн хэрэгцээ төдийгүй ирээдүйн хөгжлийн суурь асуудал болж байна.

Тиймээс COP17-оос гарах шийдвэр, амлалтыг бодит ажил хэрэг болгон, улс орон, хот, орон нутгийн түвшинд хэмжигдэхүйц үр дүнд хүргэх нь хурлын гол хүлээлт юм. Үүнд олон улсын санхүүжилт, технологийн дэмжлэг, шинжлэх ухааны ололт, улс орнуудын туршлага, төр-хувийн хэвшлийн түншлэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.