Баавгай хүн рүү дайрахыг хүссэндээ биш харин хоол хүнс, амьдрах орчны өөрчлөлт зэрэг олон шалтгааны улмаас суурьшлын бүсэд нэвтэрдэг байна.
Ялангуяа ган, зуд зэрэг цаг уурын хүнд нөхцөл байдал үүссэн жил ургац хураалт, самар, үр, жимсний ургалт муу байдаг. Гэтэл намрын улиралд илчлэг өндөртэй хоол идэж, их энерги хуримтлуулж байж ичээндээ орох жамтай баавгай байгалийн зөнгөөрөө хоол хайсаар малын тэжээл, хүнсний хаягдал, малын сэг зэм зэрэгт татагдаж суурьшлын бүсэд орж ирдэг. Түүнчлэн ой мод тайрах, уурхай байгуулах, зам тавих, аялал жуулчлал, малын бэлчээр тэлэх зэрэг хүний үйл ажиллагааны улмаас баавгайны амьдрах орчин ихээхэн хумигдаж, хүнтэй таарах магадлал нь нэмэгддэг байна.
Тухайлбал, Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, туранхай эцэнхий, шарх сорви ихтэй байжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир иргэдийн аюулгүй байдалд учрах эрсдэл өндөр байгаа тул богино хугацаанд авах арга хэмжээг яаравчлуулах шаардлагатай гэж үзсэн байна. Орон нутгийн байгаль орчны байгууллага, улсын байцаагчид хүрэн баавгайн дуудлага, хяналт хамгаалалтын ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийн дутагдалтай байгаа бөгөөд авран хамгаалах зориулалтын багаж хэрэгсэлгүй ажиллаж байгаа аж. Иймд эхний ээлжид унтуулдаг буу, баавгай үргээх шүршдэг цацлага зэрэг шаардлагатай хэрэгслийг богино хугацаанд импортоор авах, тусгай хамгаалалттай газар нутагт баавгайг амьдаар нь барих тор байрлуулах чиглэл өгчээ.
Хүрэн баавгай нь 2012 онд ховор амьтдын жагсаалтад багтсан
Монгол хүрэн баавгайн хувьд Хөвсгөл, Хэнтий, Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы уулс зэрэг ой тайгаар тархсан. Салхинд унасан мод, намаг балчиг, ойн цоорхой бүхий голын хөндий, бөглүү шигүү ой, уулархаг хэсэгт амьдардаг.

Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалж 10-11 сард бүдүүн унанги мод, эсвэл хадны хуурай хүнгэд сонгож, хагд өвс, хөвд, мөчир зулж дэвсэн ирэх хавар хүртэл буюу таваас зургаан сарын хугацаанд ичих газраа бэлтгэн тухална. Байгальд 20-30 насалдаг хүрэн баавгай таван нас хүрээд үржилд ордог. Эвш нь хээлээ 180-220 орчим хоног тээж голдуу ихэр нэгээс хоёр бамбарууш, цөөн тохиолдолд дөрвийг төрүүлдэг. Бяцхан бамбарууш мэндлэх үедээ 350-500 грамм жинтэй, нүдээ нээгээгүй, маш бага үстэй байдаг. Хүрэн баавгай нь Монгол Улсын 2012 оны ховор амьтдын жагсаалтад багтсан баавгайнхан овгийн төрөл зүйл юм.

ШУА-ийн Биологийн хүрээлэн 1986 онд Монголд ойролцоогоор 500 хүрэн баавгай 50,000 км² орчим талбайд байдаг гэж тооцсоноос хойш хүрэн баавгайн нийт популяцийг хамарсан улсын хэмжээний тооллого хийгдээгүй. Тийм учраас тоо толгой нь нэмэгдсэний улмаас суурьшлын бүсэд ихээр орж ирэх болсон эсэхийг тодорхой хэлэх боломжгүй юм.
Хүрэн баавгай нь ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал үүрэгтэй амьтдын нэг.
Идэш тэжээлийн хэлхээний дээд түвшинд байдаг тэд зөвхөн мах иддэггүй бөгөөд ургамлын үндэс, нахиа, навч, самар, жимс жимсгэнэ зэргээр хооллож, үрийг тараах замаар экосистемийн нөхөн сэргэх үйл явцад ч тодорхой хувь нэмэр оруулдаг. Тиймээс баавгайн тоо толгой, тархацын өөрчлөлт нь зөвхөн нэг зүйлийн амьтны асуудал бус, түүнийг хүрээлэн буй экосистемийн төлөвтэй холбоотой.
Баавгайг хамгаалах бодлого нь түүний байгалийн идэш тэжээл болон амьдрах орчныг хамгаалж, хүмүүс өөрсдийн орчин дахь хүнсний хаягдал, малын сэг зэм зэрэг суурьшлын бүс рүү татах хүчин зүйлсийг багасгах зэрэг жижиг алхмуудаас эхлэх боломжтой юм.


