КОП16 Саудын Арабт зохион байгуулагдсан бол КОП17 дугаар бага хурлыг Монгол Улс хүлээн авч байна. Энэхүү хурлаар улс орнууд цөлжилт, газрын доройтолтой тэмцсэн туршлага, үр дүнтэй шийдлээ харилцан хуваалцаж, шилдэг туршлагыг дараагийн шатанд уламжлан хөгжүүлдэг.

Монгол Улсын хувьд газрын доройтол, цөлжилтийн асуудал тулгамдсан сорилт хэвээр. Өмнө нь нийт газар нутгийн 76 хувь доройтсон гэж тооцож байсан бол дотоодын сүүлийн үнэлгээгээр энэ үзүүлэлт 81.9 хувьд хүрчээ. Тиймээс дэлхийн улс орнуудын сайн туршлага, технологи, санхүүжилтийн шийдлийг бодлогодоо ашиглах цаг ирсэн.

КОП17-ын хүрээнд дэлхийн 22 улс нийт 66 павильон байгуулж, өөрсдийн туршлага, санаачилгыг танилцуулж байна. Одоогийн байдлаар дотоод, гадаадын 20 мянга гаруй оролцогч бүртгүүлсэн бөгөөд энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна. Цөлжилт, газрын доройтлын асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг энэхүү оролцоо харуулж буй.

Монгол Улс КОП17 бага хурлын үеэр хэд хэдэн санал, санаачилга дэвшүүлж байгаа. Байгаль орчин, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шинэ эдийн засгийн боломж гэж харах шаардлагатай.

Газрын доройтол, цөлжилтийг бууруулах арга хэмжээ нь хөрөнгө оруулалт, орлого, технологийн шинэ боломжийг давхар бий болгох учиртай. Засгийн газар байгуулагдсанаас хойших дөрвөн сарын хугацаанд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийг Улсын Их Хурлаар батлуулсан. Уг хуулиар хүлэмжийн хийн бууралтыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр газрын доройтлыг бууруулах, экосистемийг сэргээх арга хэмжээний үр дүнд бий болсон хүлэмжийн хийн бууралтыг карбон кредит болгон олон улсын зах зээлд арилжаалах эрх зүйн боломж нээгдэж байна. Энэ нь эдийн засгийг төрөлжүүлэх шинэ эх үүсвэр болно.

Газар нутаг багатай, аж үйлдвэр өндөр хөгжсөн орнууд өргөн уудам нутагтай, цөлжилт болон газрын доройтлын сорилттой орнуудтай карбон кредитийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байдаг. Монгол Улс Швейцар, Сингапуртай карбон кредитийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Үүний үр дүнд малчин өрхүүд ч нэмэлт орлого олох боломж бүрдэнэ.

Тухайлбал, малчид өрх, хоршоогоороо нэгдэн газрын доройтлыг бууруулах төсөл хэрэгжүүлж, тодорхой хугацаанд бий болгосон хүлэмжийн хийн бууралтаа хэмжүүлэн баталгаажуулж, олон улсын зах зээлд арилжаалах боломжтой. Үүнд шаардлагатай хууль, олон улсын хамтын ажиллагааны үндэс бүрдсэн. Энэ хүрээнд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг олон улсад танилцуулж, Монгол Улстай хамтран ажиллахыг түнш орнуудад санал болголоо.

Монгол Улс нар, салхины арвин нөөцтэй. Энэ давуу талаа ашиглан үндэсний ногоон өртөөний сүлжээ байгуулж, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин, ногоон санхүүжилтийг дэмжих ажлыг эхлүүлээд байна. Цаашид нар, салхины эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх санаачилгыг КОП17-ын үеэр дэвшүүллээ.

Засгийн газрын “Чөлөөлөлтийн үндэсний санаачилга”-ын дөрвөн чиглэлийн нэг нь ногоон хөгжлийн чөлөөлөлт юм.

Энэ хүрээнд эрчим хүчний салбарын зарим дүрэм, журам, саад бэрхшээлийг арилгасан. Ингэснээр айл өрх, малчид нарны хавтан, батарей хуримтлуур суурилуулж, хэрэглээнээсээ илүү гарсан цахилгааныг төвийн сүлжээнд нийлүүлэн орлого олох боломжтой болсон. Сүүлийн гурван сарын хугацаанд өрхүүд цахилгаан үйлдвэрлэгч болж, нийт 400 сая төгрөгийн орлого олсон байна.

Энэ бол шинэ эдийн засгийн бодит жишээ. Дэлхий нийт нүүрсний хэрэглээгээ бууруулахыг зорьж буй энэ үед Монгол Улс нар, салхины нөөцөө ашиглан хөгжих боломжтой. Засгийн газрын үед таван аймагт сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд тэдгээрийн хоёрынх нь гүйцэтгэл 70 орчим хувьд хүрээд байна.

Монгол Улсын дэвшүүлж буй санаачилгыг судлах, хөрөнгө оруулах сонирхлоо гадаадын улс орон, хөрөнгө оруулагчид илэрхийлж байна. Хиймэл оюун, ногоон дата төвийн чиглэлд хоёр тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалтын санал яригдаж байгаа бөгөөд КОП17-ын үеэр 110 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ. Салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хөрөнгө оруулагчидтай тусгайлсан уулзалтууд хийж байна.

Хурлын үр дүн, оролцогчдын бүртгэл, уулзалт, санхүүжилтийн мэдээллийг нэгдсэн цахим самбараар өдөр тутам танилцуулж, ил тод байлгахыг зорьж байна. Оролцогчид олон улсын шинэ туршлага, мэдээлэлтэй танилцаж, санал санаачилгаа илэрхийлэх хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн хоорондоо уулзаж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломж нээх нь чухал.