Та давхар даатгалын үйлчилгээ гэж сонсож байсан уу. Энэ нь товчхондоо даатгалын компани өөрийн хүлээсэн эрсдэлийг бүрэн, эсвэл тодорхой хэсгийг нь өөр мэргэжлийн даатгагч байгууллагад шилжүүлэн хамгаалуулдаг тогтолцоо. Уг үйл ажиллагаа нь дотоодын болон олон улсын хууль эрх зүй, санхүүгийн стандарт, эрсдэлийн удирдлагын зарчмын дагуу хэрэгждэг юм. Энэ утгаараа давхар даатгалын тогтолцоо нь Монголын даатгалын салбарын хөгжилд үгүйлэгддэг зүйл. Харин ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг үндэсний компани Монголд ганцхан бий. Салбартаа анхдагч, үндэсний компани болох “Үндэсний давхар даатгал” ХК нь 2014 онд байгуулагдсан төрийн өмчит хувьцаат компани.

Тус компани Монгол Улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих, валютын гадагшлах урсгалыг бууруулах, мөн олон улсын жишигт нийцсэн давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх зорилготой.

Мөн даатгалын компаниудын эрсдэлийг дахин хуваарилж, томоохон эрсдэлээс хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ингэхдээ үндэсний цор ганц компанийн хувьд зөвхөн дотоодын зах зээлд төвлөрөхөөс гадна олон улсын стандартад нийцсэн давхар даатгалын үйлчилгээг хөгжүүлж, гадаад зах зээлд үйлчилгээ экспортлох алхмыг хийж байна. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын уул уурхай, эрчим хүч, барилга, агаарын тээврийн салбар эрчимтэй хөгжиж, тодорхой хөрөнгө оруулалтууд ч гаднаас орж ирж байгаа.

Ялангуяа уул уурхайн хайгуул, олборлолтод өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддаг, түүнийгээ дагаад осол аваар, эрсдэл их байдаг учраас компаниуд хөрөнгөө даатгуулах бодит шаардлага мөн сонирхол ихтэй байдаг. Мэдээж нэг даатгалын компани энэ эрсдэлийг дангаараа үүрэх боломжгүй учир давхар даатгалын ач холбогдол үүнд оршдог юм. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид ч аливаа төсөл хөтөлбөр эхлүүлэхдээ давхар даатгал, тэр дундаа олон улсын зэрэглэлтэй давхар даатгалтай байхыг шаарддаг.

“Үндэсний давхар даатгал” ХК олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “AM Best” агентлагаас гурав дахь жилдээ ерөнхий санхүүгийн чадавхын B, урт хугацааны зээлжих зэрэглэлийн BB+ үнэлгээг авч чадсан нь даатгалын найдвартай баталгаа болж чаддагийг нь харуулдаг юм.

Мөн үйл ажиллагаандаа ISO стандартыг нэвтрүүлэн ажиллаж байгаа нь чанар, гүйцэтгэл, засаглалын тогтолцоогоо олон улсын түвшинд хүргэх зорилготой нь холбоотой. Энэ нь нөгөө талаас харилцагчдын итгэлийг татах боломж билээ. Анхдагч байж, цор ганцаараа энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй тус компанийн алсын хараа нь Төв Азийн тэргүүлэх давхар даатгагчдын нэг болох, мэргэшлийн өндөр стандартыг тогтоогч байгууллага болон хөгжихөд чиглэж байна. Мөн үйлчлүүлэгчдийн хөрөнгө, санхүүгийн эрсдэлийн найдвартай байдлыг хангаж, үндэсний давхар даатгалын тогтолцоог хөгжүүлэх эрхэм зорилго нь харилцагчдын итгэлийг татах том хөшүүрэг билээ.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 66-р нүүр