Санхүүгийн салбарт танай компанийн бүтээсэн үнэ цэн юу вэ. Тус салбарт тэргүүлэх байр суурьтай ажилладгийн нууцаас хуваалцана уу?
Манайх андеррайтерийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлж байсан. Хөрөнгийн зах зээлд бонд, хувьцаа зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн гаргаж байна. Мөн компаниудын зөвлөхөөр ажиллаж, зохистой санхүүжилтийнх нь бүтцийг тохируулах зөвлөгөө өгч байгаа. Үүний дагуу стратегиа тохиролцоод шаардлагатай хөрөнгийг нь босгож өгөх үйлчилгээ үзүүлдэг.
Манай компани олон улсын брокерын үйлчилгээг Монголдоо анх 2010 онд нэвтрүүлж байсан. Санхүүгийн зах зээл дээр амжилттай ажиллахад хамгийн гол нь харилцагчийн итгэлийг даах гэж боддог. Мэдээж хөрөнгийн зах зээл эрсдэлтэй. Янз бүрийн үйл явдал тохиолддог. Хариуцсан ажил, үүрэг хариуцлагаа үнэнч шударгаар гүйцэтгэж хариуцлагатай хандах хэрэгтэй. Хувьцаа, бонд болон бусад санхүүгийн хэрэгслүүдийн цаана хөрөнгө оруулагчдын бодит хөрөнгө байдаг тул бид хэлцэл бүрийн тасралтгүй байдлыг хангаж, хүлээсэн хариуцлагаа бүрэн биелүүлэхэд онцгойлон анхаардаг.
Танайх хөрөнгийн зах зээлээс томоохон төслүүдэд санхүүжилт татахад чухал үүрэг гүйцэтгэж ажилласан. Эдгээр төслүүдийн талаар мэдээлэл өгнө үү?
2004 онд “MCS” компани хоёр сая, “Говь” компани нэг сая ам.долларын бонд гаргаж байсан. Маш том хэлэлцээрүүд. Гэхдээ ажиллах зарчим, бүтээгдэхүүн нь огтхон ч өөрчлөгдөөгүй. Манайх хөрөнгийн зах зээлээс гадна хувийн хөрөнгө оруулалт, олон улсын банк санхүүгийн байгууллагаас хөрөнгө оруулалт татахад нь компаниудыг зуучилж, тусалж ирсэн. “Таванбогд”, “Шунхлай”, “Моннис” гээд Монголын том компаниудтай хамтарч ажилласандаа баяртай байдаг. Мөн Австралийн хөрөнгийн бирж дээр “Хүннү Коул”, “Харанга Ресурс”, Хонконгийн бирж дээр Mongolian Mining Corporation гарахад бид хамтран ажиллаж байсан. Зөөвч-Овоо ураны төсөл дээр манай компани Засгийн газрын ажлын хэсгийн зөвлөхөөр ажилласан.
Бидний харж байгаагаар Оюутолгойн дараа гуравдагч хөршөөс орж ирж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бол энэ юм. Хамгийн сүүлд Улаанбаатар хотын хоёр бонд дээр ажилласан.
Эхнийх нь 500 тэрбум төгрөгөөр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” болон бусад дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх хөрөнгийг босгосон. Мөн “Дулааны V цахилгаан станц” төсөл дээр Нийслэл бонд босгосон. Сүүлийн таван жилийн хугацаанд банк, санхүү, эрчим хүч, жижиглэн худалдааны салбарын хаалттай бондууд гаргаж ойролцоогоор 764 тэрбум төгрөг, 8,4 сая ам.долларын санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлсэн.
MICC компани цаашид ямар ажлууд дээр түлхүү анхаарах вэ. Алсын зорилго юу вэ?
Хөгжийн банк, Эрдэнэс Тавантолгой зэрэг томоохон компаниудын бонд болон Засгийн газар, Нийслэлийн бондыг хөрөнгө оруулагчид авах сонирхолтой байдаг. Алсдаа Монгол Улсад дэд бүтэц хэрэгтэй. Гэвч автозам болон эрчим хүчний дэд бүтцийн хөгжил удаан байна. Дэд бүтэц хөгжсөнөөр эдийн засгийн өсөлт хурдан явах боломжтой. Тиймээс бид авто зам, төмөр зам, цахилгаан станцын төслүүд дээр түлхүү ажиллаж байна. Дараагийн арван жилд хувийн компаниудын эдийн засагт эзлэх байр суурь тэлэх, үүнтэй зэрэгцэн санхүүжилт, хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага нэмэгдэнэ гэсэн найдлагатай байна. Энэ нь MICC компанийн хувьд санхүүжилт татах чиглэлээр оролцоогоо тэлэх боломжийг бүрдүүлнэ гэж харж байна.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 37-р нүүр


