Хөрөнгө оруулалтын сан гэж юу вэ? Энэ асуултаас яриагаа эхэлье.
Маш энгийнээр хөрөнгө оруулалтын сан гэдэг бол олон хүний мөнгийг нэг тогоонд хийгээд, мэргэжлийн баг уг мөнгөөр хөрөнгө оруулж өсгөдөг систем юм. Жишээлбэл, та нэг сая төгрөгөөр хувьцаа худалдаж аваад өсгөмөөр байна гэж бодъё. Гэхдээ аль компанийн хувьцаа сайныг мэдэхгүй, судалгаа хийх цаг байхгүй тул ганц хоёрхон төрлийн хувьцаа авбал эрсдэл нь өндөр. Харин хөрөнгө оруулалтын санд мөнгөө хийхэд тэр санд 1000 хүнээс нийт нэг тэрбум төгрөг цугласан байж болно. Сангийн менежер тухайн мөнгийг 20-30 өөр компанийн хувьцаа, бонд гэх мэт зүйлд хуваан байрлуулж, өсгөх юм.
Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын санд хандсанаар, нэгдүгээрт өөрөө зах зээлээ судлах шаардлагагүй, мэргэжлийн хүн удирдана. Хоёрдугаарт, таны мөнгийг нэг компанид биш, олон газар тарааж хийдэг учраас эрсдэл хуваагдаж, нэг нь унавал нөгөө нь нөхөх боломжтой. Гуравдугаарт, шууд 30 компанийн хувьцаа авахад их мөнгө хэрэгтэй байдаг бол сангаар дамжуулан бага дүнгээр оролцож болно.
Манай улсад хөрөнгө оруулалтын зах зээл ямар түвшинд байна вэ?
Дэлхийн хэмжээнд хамгийн их хөрөнгөтэй компаниуд нь хөрөнгө оруулалтын сангууд л байдаг. BlackRock, Vanguard, Fidelity Investments гэх мэт. Дэлхийн нийт хөрөнгө 1,170 мянган их наяд ам.долларт хүрсэн. Үүний 13.4 хувь буюу 157 орчим их наяд ам.долларыг хөрөнгө оруулалтын сангууд удирдаж байна. Энэ нь дэлхийн ДНБ-ээс даруй 1.2 дахин их тоо.
Монгол Улсад 54 хөрөнгө оруулалтын сан нийлээд 720 гаруй тэрбум төгрөг удирдаж байна. Энэ нь манай ДНБ-ий 0.8 хувьтай тэнцүү байгаа нь бидэнд тэлэх ямар том орон зай байгааг харуулж байна.
Хөрөнгө оруулж байгаа бүтээгдэхүүн, зорилгоос хамаараад маш олон төрлийн сан байж болдог. Монголд одоогоор хууль, журмаар тодорхойлсон хамтын нээлттэй, хамтын хаалттай, ETF, хувийн сан байдаг. Тиймээс одоо яригдаж буй Хувийн тэтгэврийн сангийн тухай хууль, REIT-ийн тухай хуулиа баталвал илүү төрөлжүүлэх боломж бий. Ер нь хөрөнгө оруулалтын сан хөгжиж байж бизнесүүдийг хөрөнгө оруулалт, менежментээр дэмжин, улмаар эдийн засаг томрох нөхцөл бүрддэг гэж ойлгож болно.
Хөрөнгийн зах зээлээс хамгийн өндөр өгөөж хүртэх нэг боломж нь хөрөнгө оруулалтын сан. Энэ чиглэлд ахиц гаргахад хууль, эрх зүйн болон зах зээлийн ямар хүчин зүйлүүд шаардлагатай байна вэ?
Монгол Улсад анх 2013 онд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдсан. Мэдээж татварын болон процессын асуудал олон бий. Гэхдээ хууль эрх зүйг сайжруулах тал дээр Санхүүгийн Зохицуулах Хороо болон УИХ-ын зарим гишүүн идэвхтэй ажиллаж байгаад бид бүхэн талархалтай хандаж байгаа. Хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын хувьд Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоогоор дамжуулан саналаа байнга хүргүүлдэг. Нэг үеэ бодоход иргэд энэ салбарыг сонирхох нь нэмэгдсэн.
Та хөрөнгө оруулахыг хүсэж буй мэргэжлийн бус, жирийн иргэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
"Мөнгөтэй болохоороо эхэлнэ" гэж хойшлуулахгүйгээр өнөөдөр та халаасандаа байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийж эхлэх хэрэгтэй. Жишээлбэл, 10,000 төгрөгөөр “Түмэн шувуут” компанийн хувьцааг 360 төгрөгөөр 25 ширхгийг аваад хадгалчих, эсвэл бирж дээр арилжаалагдаж буй сангийн нэгж эрхийг ав. Ингэснээр тухайн компанийнхаа үйл ажиллагаа, санхүүг өөрийн эрхгүй судлаад эхэлнэ.
Дагаад туршлага, мэдээлэлтэй болно, бас мэдрэмж сууна. Ингээд бага багаар мөнгөн дүнгээ, бүтээгдэхүүнээ төрөлжүүлж явахыг зөвлөнө дөө.
“Үнэт Ассет Менежмент" компанийг сонгох шалтгаан юу вэ? гэдэг асуултаар яриагаа дуусгая
Хэнд итгэж хөрөнгөө удирдуулах нь хөрөнгө оруулагчдад хамгийн гол асуулт. Манай компанийг 2024 онд санхүүгийн салбарт20 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн хамт олон үүсгэн байгуулсан. Бид энэ зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэлийг даасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх гол зорилготой. Бидний ажил итгэл дээр л тулгуурладаг. Иймдээ ч Санхүүгийн Зохицуулах Хорооны хяналтад үйл ажиллагаа явуулж, үнэт цаас, мөнгөн хөрөнгөө кастодиан банканд хадгалуулдаг онцгой хяналттай.
Манай компанийн хувьд салбартаа засаглалаар тэргүүлэгч бөгөөд ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоо болон ISO/IEC 27001:2022 мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн Монголын анхны хөрөнгө оруулалт менежментийн компани юм.
Бид хөрөнгө оруулалтын менежмент, үнэт цаас итгэмжлэн удирдах болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний гурван тусгай зөвшөөрлийн хүрээнд дөрвөн хувийн сан удирдаж, сонгодог утгаар нь "equity" хөрөнгө оруулалтын санг хөгжүүлж байна. Бизнесүүдэд эхнээс нь зөвлөөд, бойжуулаад, хамтдаа өссөнөөр хөрөнгө оруулалт татсан компани болон хөрөнгө оруулагч хэн хэн нь хожих менежментийн нөү-хауг “Үнэт санхүүгийн нэгдэл”-ийн бүх охин компаниараа дамжуулан цогцоор нь хүргэдгээрээ бид бусдаас ялгардаг. Энгийнээр хэлбэл хөрөнгө оруулалт төдийгөөр биш хамтдаа бүтээх соёл бидэнд бий.

Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 50-51р нүүр


