Технологи маш хурдтай хөгжихийн хэрээр хүний амьдралын хэв маягт хүртэл өөрчлөлт авчирч, өдөр тутмын амьдралаас үүнийг салгах аргагүй боллоо. Даатгалын компанийн хувьд та бүхэн үүнд хэрхэн бэлдэж, анхаарч, зэрэгцэн ажиллаж байна вэ?
Мэдээж технологийн хөгжил биднийг хүлээхгүй. Өдөр, цаг хормоор хувьсан өөрчлөгдөж байгаа энэ хөгжилтэй хөл нийлүүлж, ирээдүйн өсөлтөө тогтвортой хангаж, хадгалахын тулд бид технологийн чиглэлд багагүй хөрөнгө оруулалт, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулж ирсэн. Энэ хүрээнд даатгуулагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цогц бүтээгдэхүүн, үйлчилгээ бүхий анхдагч аппликэйшныг хөгжүүллээ. Ингэснээр харилцагчид маань даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүнийг хурдан, шуурхай, орон зайн саадгүй авах боломж бүрдсэн. Апп-аар дамжуулан харилцагчид маань даатгалын зах зээлд хамгийн түгээмэл борлуулагддаг 17-20 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг онлайнаар авах, даатгалын бүтээгдэхүүний талаар мэдээлэл хайх, байгууллагуудад зориулсан мэдээлэлтэй танилцах боломжтой.
Мөн даатгуулагч нь өмнө хийгдэж байсан гэрээ болон хүчин төгөлдөр даатгалын гэрээний түүхээ нэгтгэн харах нөхцөл бүрдсэн. Түүнчлэн нөхөн төлбөрийн материалыг апп-аар илгээх, шаардлагатай бол нэмэлт материал хавсарган хүргүүлэхээс гадна нөхөн төлбөр шийдвэрлэх явц ямар үе шатанд явж буйг бүрэн хянах боломжтой болсон зэрэг шинэлэг, дэвшилтэд алхмууд бий болсон. Нэг дороос олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой апп гэдгээрээ анхдагч шийдэл болж чадсан. Бид бүртгэлийнхээ суурь системдээ чамгүй хөрөнгө оруулалт зарцуулж, гар ажиллагааг бууруулах, автоматжуулах чиглэлд анхаарч ажиллалаа.
Танай компани энэ онд ямар ажилд илүү төвлөрч ажиллаж байна вэ?
Өнгөрсөн онд тохиосон 30 жилийнхээ ойн босгон дээр өмнө дурдсан олон шинэчлэл, өөрчлөлтийг хийсэн бол одоо бид дараагийн 30 жилийн өсөлт, хөгжлийн гараагаа эхлүүлнэ гэж зорьж байгаа. Энэ утгаараа 2026 оныг нэлээн өсөлттэй жил байхаар төлөвлөсөн. Гэхдээ даатгалын зах зээлийн онцлогийг энд дурдах хэрэгтэй байх. Энэ зах зээлд одоогоор 22 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 18 нь ердийн даатгалын, гурав нь урт хугацааны буюу амьдралын даатгалын, нэг нь давхар даатгалын компани байгаа.
Банк болон банк бус байгууллагуудын цар хүрээ нийт активаараа хэмжигддэг бол даатгалын салбар үйл ажиллагааны онцлогоос хамаараад хураамж, нөхөн төлбөр, ашгаараа эрэмбэлэгдээд, урд хойноо ороод явдаг л даа.
Манай компани тухайлбал, 2025 онд ашигт ажиллагаагаараа эхний гурав, нийт активынхаа хэмжээгээр эхний зургаад, хураамжийн орлогоороо эхний тавд эрэмбэлэгдсэн байх жишээтэй. Төлбөрийн чадвар, эрсдэл даах үзүүлэлтээрээ эхний байруудад эрэмбэлэгдэж байна. Үүнийг бид чанарын өсөлт гэж харж байгаа. Мэдээж өсөлт чухал. Гэхдээ нөгөө талаар манай зах зээл одоогийн байдлаар маш жижиг шүү дээ. Даатгалын компаниудын нийт хөрөнгө 800 орчим тэрбум төгрөгт дөхсөн нь томоохон ББСБ-ын хэмжээнд л дүйж байгаа хэрэг. Энэ зах зээлд 22 компани байгаа гэхээр ямар их өрсөлдөөнтэй нь ойлгомжтой байх.
Гэтэл манай улсын нэг хүнд ногдох ДНБ-ээр тооцоод үзвэл одоогийн түвшнээс 8-9 дахин өсөх боломж бидэнд бий. Гэтэл үнэн чанартаа улсын хэмжээнд эрсдэлийн нэгдсэн бодлогод даатгал гэдэг ойлголт маш чухал. Энэ салбарыг зөв зүйтэй дэмжиж хөгжүүлснээр улсын төсөвт ирэх ачааллыг бууруулах, аливаа хохирол, гамшгийн дараах санхүүгийн хүндрэлээс хурдан гарах, хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтийг дэмжих, цаашлаад эрсдэлийн нэгдсэн статистик, бодит датаг бий болгосноор оновчтой шийдвэр гаргах гээд маш олон давуу талыг бий болгоно. Манай салбарыг тэлэх боломж нь хэрэглэгчдэдээдаатгалын талаарх мэдлэг мэдээллийг маш зөв, үнэн бодитой хүргэх юм. Үүнээс гадна бодлогын түвшинд хууль, эрх зүйн орчны бодит дэмжлэг маш их дутагдаж байгаа.
Даатгуулагчдын хандлагад хэр өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Даатгалын талаар хүн болгон харилцан адилгүй ойлголт, мэдээлэлтэй байх шиг санагддаг?
Олон улсын жишгээр банканд мөнгөө хадгалахаас илүүтэй даатгалдаа мөнгө төлж, ирээдүйгээ баталгаажуулдаг. Япон, Солонгос зэрэг Азийн оронд яг энэ даатгалын систем, даатгалын процессыг банканд хадгаламж хийж байгаатай дүйцүүлж үздэг. Ингэж миний ирээдүйн санхүүгийн асуудал баталгаажна гэж хардаг. Харин манайд хэрэглэгч талын ойлголт, мэдээлэл харилцан адилгүй, маш дутмаг байна.
Өнөөдөр манайд жолоочийн хариуцлагын албан журмын болон тээврийн хэрэгслийн даатгал нийтийн хэрэглээг хангаж буй.
Нэг жишээ татахад, албан журмын даатгалыг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч хураамжийн хувь хэмжээ өнөөдрийг хүртэл өөрчлөлтгүй, дунджаар 30-40 мянган төгрөг байгаа. Гэтэл тухайн үед Приус авто машины гупер 80-200 мянган төгрөг байсан бол өнөөдөр 1.2-1.5 сая орчим болсон. Үүнийг дагаад дундаж нөхөн төлбөр, мөн тохиолдлын тоо ч хэд дахин өссөн.
Үүний нөгөө талд иргэдийн хариуцлага яригдана. Осол аваар гаргаагүй хариуцлагатай жолооч, жилд хэд хэдэн удаа нөхөн төлбөр авдаг жолооч яг ижил хураамж төлдөг. Олон улсад бол жолоочийн хариуцлагаас хамааран хураамж нь өсөж, буурдаг байх жишээтэй. Энэ мэтчилэн хууль, эрх зүйн орчны зохицуулалт дутагдаж байгаа тал бий.
Нээлттэй хувьцаат компани болсны ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
Засаглалын соёлд томоохон шинэчлэл авчирсан. Манайх 2020 онд нээлттэй хувьцаат компани болсон. Өмнө нь цөөн тооны хувьцаа эзэмшигчийн өмнө хариуцлага хүлээдэг байсан бол одоо мянга мянган хувьцаа эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах үүрэг хүлээж байна. Улмаар ил тод байдлыг хангаж, тайлагнал, засаглал, мэдээлэл түгээлт нь олон улсын стандартын дагуу нээлттэй, ил тод болсон. Хариуцлагын тогтолцоо улам өндөрсөж, эрсдэлийн хяналт шинэ түвшинд гарсныг онцолъё.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 54-55-р нүүр


