Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” буюу NDC 3.0 амлалтаа хэрэгжүүлэхэд 14.8 тэрбум ам.доллар, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг бүрэн хангахад 101.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа энэ үед санхүүгийн салбарын үүрэг урьд өмнөхөөс илүү чухал болж байна. Ийм томоохон санхүүжилтийн хэрэгцээг зөвхөн төсөл, хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэх боломжгүй. Харин тогтвортой санхүүжилтийг бодлого, стандарт, зээлийн бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалтын шийдвэр, тайлагналын тогтолцоонд системтэйгээр суулгах шаардлага бий. Энэ шилжилтийн гол холбогч, чиглүүлэгч платформуудын нэг нь ТоС Холбоо юм. Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн суурь 2013 оноос эхлэлтэй.
Тухайн үед арилжааны банкууд сайн дураараа нэгдэж, байгаль орчин, нийгмийн эрсдэлийг зээл, санхүүжилтийн шийдвэртээ тусгах санаачилга гаргасан нь бүс нутагтаа анхдагч, зоримог алхам болсон. Үүнээс нэг жилийн дараа Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), Нидерландын Хөгжлийн Банк (FMO), Монголбанк зэрэг дотоод, гадаадын түншүүдийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн зарчмууд”-ыг баталж, санхүүгийн салбарт байгаль орчин, нийгмийн эрсдэлийн удирдлагын шинэ жишгийг эхлүүлсэн юм.
Энэхүү сайн дурын санаачилга цаашид өргөжин тэлж, 2018 онд бие даасан институт болох ТоС Холбоо байгуулагдсанаар үндэсний хэмжээний тогтвортой санхүүжилтийн экосистем болон хөгжсөн түүхтэй.
Өдгөө ТоС Холбоо нь банк, ББСБ, даатгал, хөрөнгийн зах зээл, үнэт цаас, бизнес, болон судалгааны байгууллагуудаас бүрдэх 70 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. ТоС Холбоо нь стандарт, аргачлал боловсруулах, санхүүгийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах замаар зах зээлд нийтлэг ойлголт, итгэлцэл, хэмжүүр бий болгож ирсэн. Үүний нэг жишээ нь ТоС Холбооны оролцоотойгоор “Үндэсний ногоон таксономи”-ийг 2019 онд баталсан явдал юм.
Улмаар 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулалтын урсгалыг зөвхөн байгаль орчны үр нөлөөгөөр бус, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн зорилтуудтай уялдуулан тодорхойлох боломж бүрдэж байна. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2022 онд баталсан “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг” нь Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн бодлогын чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болсон.
Уг замын зурагт 2030 он гэхэд банкны салбарын нийт зээлийн 10 хувь, ББСБ-уудын зээлийн таван хувийг ногоон, тогтвортой зээл болгох зорилт дэвшүүлсэн нь тогтвортой санхүүжилтийг сайн дурын санаачилгаас эдийн засгийн макро түвшнээр хэмжигдэхүйц зорилт
болгон ахиулсан юм. Банкууд ногоон орон сууц, эрчим хүчний хэмнэлттэй амины сууц, байгаль орчинд ээлтэй бизнесийн зээл зэрэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж, дотоодын хөрөнгийн зах зээлд ногоон болон Тогтвортой хөгжлийн зорилтын бондууд арилжаалагдаж эхэлсэн нь тогтвортой санхүүжилт бодит эдийн засагт нэвтэрч буйг харуулж байна. Цаашид ТоС Холбооны үүрэг нь салбарын чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлага, ногоон санхүүжилтийн эх үүсвэрийг дотоодын зах зээлтэй холбох, төр хувийн хэвшлийн бодит түншлэлийг дэмжихэд төвлөрнө.
Mongolian Economy сэтгүүл, 2026 оны зургаадугаар сарын "Санхүүгийн салбарын гол тоглогчид" тусгай дугаарын 76-р нүүр


