Ган гачиг, газрын доройтол, цөлжилтийн улмаас дэлхийн эдийн засагт жил бүр ойролцоогоор 878 тэрбум ам.долларын хохирол учирдаг. Газар доройтоход эдийн засаг яагаад унадаг вэ гэсэн бодол төрж магадгүй юм. Доройтсон хөрснөөс ургадаг олон асуудлын дам нөлөө хүмүүсийг ядуурал, өлсгөлөнд хөтөлдөг. Өнөөдрийн байдлаар дэлхийн ажиллах хүчний дөрөвний нэг буюу нэг тэрбум орчим хүн газар тариалангийн салбарт ажиллаж байна. Түүнчлэн дэлхийн нийт тариалангийн талбайн 44 хувь нь хуурай бүс нутагт байрладаг тул цөлжилт нь зөвхөн ажилгүйдэл, ядуурлыг бий болгоод зогсохгүй хүнсний хомсдол, үнийн өсөлтийн эрсдэлийг нэмэгдүүлсээр байна. Иймд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дорвитой арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд дэлхий даяар 216 сая гаруй хүн цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөнд өртөх эрсдэлтэйг Дэлхийн банкнаас анхааруулж буй. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн цагаачлалын энэхүү шинэ хэлбэр хүмүүсийн улс хооронд дамжих хөдөлгөөнөөс илүү хөдөөгөөс хотод суурьших үзэгдлээр илэрдгээрээ онцлогтой. Энэ нь эргээд хотжилтын асуудлууд урган гарах нөхцөлийг ч бүрдүүлж байна.
Цөлжилтийн эсрэг нэгдсэн нь
Газрын доройтлоос үүдсэн сорилт, бэрхшээлийг даван туулахын тулд улс орнууд НҮБ-ын дээвэр дор нэгдэж эхлэв. Энэ бол одоогоос 20 гаруй жилийн өмнөх түүх юм. 1992 онд Бразилын Рио де Жанейро хотноо болсон “Эх дэлхийн дээд хэмжээний уулзалт”- аар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол зэрэг асуудал нь улс орны хил хязгаараас давсан, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй нийтлэг сорилт гэдгийг дэлхийн улс орнууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар НҮБ-ын гишүүн орнууд Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг 1992-1994 онд баталжээ. Эдгээрээс хамгийн отгон нь Цөлжилттэй тэмцэх тухай конвенц. Өдгөө дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээр болоод буй энэ гурван конвенцыг дэлхийн байгаль орчны засаглал дахь “үндсэн хууль” ч гэж тодорхойлж болно. Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын тухайд, конвенцын Талуудын бага хурал буюу та бидний нэрлэж заншсанаар КОП хурлаар хэрэгжилтээ дүгнэж, бодлогоо тодорхойлдог.
“Талууд” гэж хэн бэ?
Энэ ойлголтыг зөвхөн НҮБ-ын гишүүн орнуудаар төсөөлөх нь өрөөсгөл. Харин конвенцыг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, нэгдэн орж, заалтыг нь хэрэгжүүлэх хууль зүйн үүрэг хүлээсэн улс орон, эрх бүхий бүс нутаг гэж ойлгох нь зүйд нийцнэ. Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын хувьд талууд нь цөлжилт, газрын доройтлыг бууруулах үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийн тайлангаа гаргах, олон улсын хамтын ажиллагаа, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх, конвенцын хүрээнд хамтын шийдвэр гаргах үүрэгтэй. Мөн конвенцод гарын үсэг зурсан улс бүрийг “тал” гэж ойлгохгүй. Харин тухайн улс гэрээний агуулгыг дэмжиж, цаашид конвенцын тал болох сонирхол, улс төрийн хүсэл зоригоо албан ёсоор илэрхийлсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, конвенцод гарын үсэг зурсан ч дотоод хууль журмаараа соёрхон баталсны дараа л хууль зүйн бүрэн эрх, үүрэг бүхий тал болдог. Монгол Улсын хувьд, 1996 оны гуравдугаар сарын 9-ний өдөр уг конвенцод албан ёсоор нэгдэн орж, конвенцын нэг тал болсон түүхтэй.
Цөлжилттэй тэмцэх үзэл санаа, дуу хоолойгоо нэгтгэх хамтын ажиллагааны хамгийн гол талбар болсон КОП-ын хүрээнд дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжил, ирээдүй үеийн амьдралын чанартай холбоотой өргөн хүрээний асуудлууд хэлэлцдэг.
КОП1 буюу анхны бага хурлыг 1997 онд Италийн Ром хотноо зохион байгуулсан нь конвенцыг хэлэлцээний түвшнээс бодит хэрэгжилтийн шатанд шилжүүлэх эхлэл болсон. Гэвч цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааны эхний жилүүдэд нэгэн томоохон сорилт тулгарч байлаа. Энэ бол хэрэгжилтийн үр дүнг хэмжих, улс орнуудын ахиц дэвшлийг үнэлэх, санхүүжилтийн үр нөлөөг тодорхойлох тогтолцоо хангалтгүй байсан явдал юм. Тиймээс КОП-ын дараагийн үе шат нь зорилго тодорхойлохоос гадна хэрэгжилтийг бодитоор үнэлэх механизм бий болгоход чиглэх ёстой байв. Улмаар 2001 онд болсон КОП5 хурлаар Конвенцын хэрэгжилтийг хянан хэлэлцэх хороо (CRIC)-г байгуулсан нь улс орнуудын тайлагнал, ололт амжилт, тулгамдсан асуудал, санхүүжилтийн хэрэгцээг тогтмол үнэлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн КОП15 хурлын үеэр 2030 он гэхэд 110 гаруй улс нийт нэг тэрбум га газар нөхөн сэргээх зорилт дэвшүүлсэн нь газрын асуудлын улс төр, эдийн засгийн ач холбогдлыг нэмэгдүүлж, асуудлыг дэлхийн бодлогын төвд ахин авчирсан үйл явдал байлаа.
Ийнхүү улс орнуудын хамтын хүчин чармайлт, 20 гаруй жилийн тасралтгүй оролдлогын үр дүнд өнөөдөр КОП шинжлэх ухаан, бодлого, санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоог нэгтгэсэн дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны талбар болон хөгжиж байна.
Энэ онд Монгол Улсад зохион байгуулагдаж буй КОП17-ын тухайд, өмнөх хурлуудаар дэвшүүлсэн зорилтуудыг хөрсөн дээр буулгах, амлалтаа хэрэгжүүлэх бодит шийдэл ярих индэр болж буйгаараа онцлогтой. Нийт газар нутгийн 77 хувь нь доройтолд өртөөд буй Монгол Улсын хувьд цөлжилт, газрын нөхөн сэргээлт, усны нөөцийн менежмент, гангийн эрсдэлийг даван туулах чадавх гээд олон асуудлыг дэлхийн анхаарлын төвд хүргэх үүд хаалга ийнхүү нээгдэж байна. Бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангаа түшиглэн аж төрдөг ард түмний хувьд эрүүл газар бол амьдралын баталгаа нь юм. Газрын нөхөн сэргээлтэд зарцуулсан нэг доллар урт хугацаандаа ес дахин өндөр өгөөж өгдөг гэсэн тооцоолол бий. Улс орнуудын хамтын хичээл зүтгэлээр нөхөн сэргээж, хамгаалж чадсан сөөм газар ч алтнаас үнэтэй болох цаг хаяанд иржээ. Эх дэлхийг хамгаалах үйлс улс орнууд, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын хариуцлага төдийгүй ирээдүй хойчийн өмнө үүрэг хүлээсэн хүн бүрийн ухамсарт үйлдэл дээр оршин тогтнож байна.

Mongolian Economy сэтгүүл, "КОП17 Монголд" тусгай дугаараас, 2026 оны 8-р сар


