Энэ дугаарт онцлох зочин бол Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, академич Сүхрагчаагийн Нямзагд. МУИС-ийн багш, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн ректороор олон жил ажилласан түүний намтарт төрд зүтгэсэн он жил багагүй жин дарна. 1992-1996 онд тэрбээр Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан Монголын анхны нэг танхимт парламентад гишүүнээр сонгогдсон. Анхны УИХ-д, тэр дундаа Төсөв санхүү, мөнгө зээлийн бодлогын байнгын хороонд гишүүнээр ажиллахад хийх зүйл тодорхой байлаа. Энэ нь эдийн засгийн шилжилтийн дараах Монгол Улсыг хөл дээр нь босгох байв. Төр түшилцэн гишүүнээр ажиллахдаа С.Нямзагд багш Хүн амын орлогын албан татвар, Тухай бүр орлогыг нь тодорхойлох боломжгүй ажил үйлчилгээний татвар, Гаалийн хуулийн төсөл зэргийг удирдан батлуулжээ. Эдгээр хууль өнөө хэр эдийн засаг, нийгмийн амьдралд тусгалаа үзүүлсээр буй. С.Нямзагд гуайг тодорхойлох албан статус, түүх намтар урт хөвөрнө. Гэхдээ тэрбээр “багш” хэмээн дуудуулахдаа илүү таатай ханддаг тул нийтлэлийнхээ ихэнх хэсэгт “багш” хэмээе.
Багш Этүгэн их сургуулийн нэгдүгээр байрны урд яг л болзсон цагтаа ирэв. Алхаа нь хурдан, дуу хоолой нь тод. Бас хошин мэдрэмжтэй. Тэрбээр зөрж өнгөрөх багш ажилчид, тэдний хүүхдүүд, бүртгүүлэхээр ирсэн элсэгчидтэй инээмсэглэн мэндэлнэ. “Чи чинь хэний хүүхэд билээ”, “Ямар хоол хийж байгаа юм”, “Яагаад Этүгэн рүү шилжээд ирэв” гэхчлэн хүмүүстэй зөрж өнгөрөх зууртаа л яриа үүсгээд амжина.
Саравчтай малгай, шорт, цамц, углааш өмссөн тэрбээр төсөөлснөөс тун энгийн хүн аж. Зуны энэ өдрүүдэд “Этүгэн”-д бүтээн байгуулалт ид өрнөж байна. Харин С.Нямзагд гуай “дарга” гэж гар хумхин суух төрлийн хүн биш бололтой. Хичээлийн ууган байрныхаа засвар, замаскийг өөрөө хийсэн шиг өнөө хэр барилга байшиндаа сэтгэлээ зориулна. “Этүгэн” түүний 20-иод насны мөрөөдөл, 20 гаруй жилийнх нь бүтээн байгуулалт. Өдгөө түүний байгуулсан “Этүгэн” сургууль хичээлийн таван байртай болжээ. Харин зургаа дахь нь 2028 онд ашиглалтад орно. Мөн Орхон хотод ч их сургуулийнхаа үүдийг нээжээ. “Хөдөлмөрч, тууштай” хэмээх тодорхойлолт чухамхүү түүнд л төгс тохирно гэлтэй.
Академич С.Нямзагд Монгол түмний их шүтээн мөнх цаст Отгонтэнгэр хайрхан уулын зүүн хойд биеийг түшин налайх Завхан аймгийн Идэр сумын нутагт төрж өссөн. Эндээс бүтээж цогцлоосон их сургуулиа “Этүгэн” хэмээн нэрийдсэнийх нь учрыг та ойлгож буй биз ээ.
“Хангайн нурууны ноён оргил Цаст цагаан Этүгэн уулынхаа нэрээс эш татсан болохоор нэрийг нь сэвтээж боломгүй. Харин ч бүр боловсролын салбартаа Этүгэн хайрхан шигээ сүндэрлэн сүмбэрлэх учиртай” хэмээн тэрбээр өгүүлсэн. Энэ намар 25 дахь хичээлийн жилтэйгээ золгож буй тус сургууль 11 мянган боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд бэлтгэж өгчээ. Төгсөгчдийнх нь 91 хувь тэр жилдээ ажилтай, орлоготой болж, мэргэжлээрээ ажилладаг. Жил тутам 8000 гаруй оюутан “Этүгэн”-ий дээвэр дор сурч хөгждөг. Их сургууль гэмэгц бид “ранк” ярих дуртай. Харин “Этүгэн” Монголын их сургуулиудын шилдэг 10-т элбэгхэн багтана. Ялангуяа анагаах, бизнесийн удирдлагын чиглэл нь элсэгчдийг хамгийн их “Хошууруулдаг”. Эдүгээ ганц “Этүгэн” ч биш, “Их засаг”, “Мандах”, “Шихихутаг”, СЭЗИС гэх мэт сайн сургуулиуд хувийн секторт байр сууриа бат эзэлж, боловсролын салбарын ачааны хүндээс үүрэлцсээр байна. “Бид хамтаараа л боловсролын салбарын хөгжлийн төлөө давшиж байна” хэмээн багшийн онцолсныг дурдах нь зүйтэй.



Монгол хүний үнэ цэн
“Этүгэн”-ий хувьд, төгсөлтийн босго өндөр. 1000 төгсөгч оюутнаас 200 нь төгсөөгүй жил ч бий. Ажил олгогчид “Этүгэн”-ий төгсөгчдөд итгэдгийн шалтгаан нь төгсөлтийн босго болоод төгсөгчдийнх нь хандлага ч байж мэднэ. Ялангуяа төгсөгчдийнх нь хандлага, ёсзүй бол “Этүгэн”-ий үнэт зүйл. Энэ бүхнээс С.Нямзагд багшийг харьцаа хандлага, ёс зүйг эрхэмлэдэг их сургууль бүтээж амжсаныг илхэн ойлгож болохоор. Түүнээс “Монгол хүний үнэ цэнийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?” гэж асуухад асуултад минь ихэд олзуурхсан. Үнэхээр л түүний дуугарахыг хүсдэг сэдэв нь байж таарсан юм. “Монгол хүний үнэ цэнийг тодорхойлох суурь хүчин зүйл нь хүн чанар, ёс суртахуун, уужуу ухаан, зөв төлөвшсөн хандлага. Тиймээс хүн болохын, хүнлэг байхын ухаанд шамдах ёстойг тэрбээр хэлж байв. Мөн зөөлөн сэтгэлтэй, уучламтгай, хэлсэн үгэндээ хүрдэг, хүнийг хүн гэж хүндэтгэдэг чанар ч чухал.
С.Нямзагд гуай Монголын их, дээд сургууль төгсөгчид эзэмшсэн мэргэжлээрээ гадаадад ажиллах гэрэлтэй ирээдүйг бүтээхийг хүсдэг. Багш энэ хүслээ хэлэхийн хамтаар эмзэглэл төрүүлдэг нэгэн бодлоо хуваалцсан.
Энэ нь монголын “тархи” хилийн чанад руу урсаж буй явдал юм. Сурсан мэдсэнээсээ тэс өөр ажилд нухлагдаж яваа монголчуудаа бодмогц харамсах мэдрэмжид автдагаа нуугаагүй. Багш хүн учраас арга ч үгүй. Тиймээс Монголын боловсролыг олон улсад хүлээн зөвшөөрүүлж, эх нутагтаа дэлхийн иргэдийг бэлтгэх нь түүний гол “амбиц”. Монгол сургууль төгссөн залуус эмч бол эмчээрээ, сувилагч бол сувилагчаараа, судлаач бол судлаачаараа дэлхийд гарч ажилладаг байх ёстой. Үүний тулд сургалтын хөтөлбөр сайн байх ёстой гэсэн санааг ч тэрбээр тодотгож байв. Ингэхдээ хөтөлбөрийн чухлыг хөндлөнгийн надад ихэд эвлэгхэнээр тайлбарласан нь санаанд тод үлджээ.
С.Нямзагд багш, “Арслан заанаас айж зугтдаг эртний хүн төрөлтнөөс нэг адтай нөхөр хурц иртэй чулууны ид шидийг олж анзаарч л дээ. Дараа нь бас нэг сэргэлэн нөхөр чулууг ирлээд зэвсэг хийж болно гэж сэтгэсэн байж таараа. Тэр сэргэлэн нөхдүүд бол багш, харин багаж зэвсгийг нь сургалтын хөтөлбөр гэж ойлгож болно. Хөтөлбөр гэх энэ багажийг үргэлж сайжруулж байх шаардлагатай. Яам ч ингэж шаарддаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн багажийг гартаа атгасан хүн л энэ цагт үнэ цэнтэй” гэж тайлбарласан юм. Ийм ч учраас “Этүгэн”-ий багш ажилчид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 1100 гаруй хичээлийн хөтөлбөр боловсруулжээ. Энэ бол хөтөлбөрийн шинэчлэл сайжруулалтад тогтмол анхаардгийнх нь илрэл. Этүгэн их сургууль нягтлан бодох бүртгэл, татварын эдийн засаг-нягтлан бодох бүртгэл, хүний нөөцийн менежмент, аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежмент зэрэг хөтөлбөрүүдээ АНУ-ын дээд боловсролын чанарын баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага Бизнесийн сургуулийн хөтөлбөрийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-өөр магадлан итгэмжлүүлсэн байна.
Мөн хүний их эмч, био-анагаах, сувилахуй, нүүр ам судлалын мэргэжлийн хөтөлбөрүүдээ Германы (ASIIN)-ийн олон улсын магадлан итгэмжлэлээр үнэлүүлж, батламжаа авчээ.
Үүгээр зогсохгүй БНХАУ-ын Боловсролын байгууллага “Этүгэн”-ий боловсролын түвшнийг хүлээн зөвшөөрч, төгсөгчдийг нь бүртгэдэг болсноор урд хөршийн “гүн”-ээс оюутнууд цуварч айсуй. Одоогоор 60 орчим хятад оюутан тус сургуулийг төгсөж, эх нутагтаа мэргэжлээрээ ажиллаж байна. Энэ бол монголчууд боловсролоо экспортолж эхэлсний бахархам жишээ юм. “Этүгэн”-ээс эрдэм өвөртөлж, амжилтад хүрсэн монгол төгсөгчдийн түүх ч тасралтгүй үргэлжилсээр байна. Үүнийг та сэтгүүлийн дараагийн нийтлэлүүдээс унших боломжтой. С.Нямзагд багш, “Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, хилийн чанадад төдийгүй эх орондоо үнэ цэн бүтээж яваа шавь нараараа маш их бахархдаг” гэж хэлэхэд монгол хүний үнэ цэнийг өнгөлж, зүлгэгч хамгийн гол ачтанууд бол багш хүн гэдгийг улам тод мэдэрсэн билээ.


Академич багшийн “архитектор” дүр
С.Нямзагд багшийн “архитектор” дүр их адтай. Энэ бол тусгайлан бичихээс аргагүй сэдэв. Тэрбээр “Этүгэн”-ий өсөлт тэлэлтийн замналд “барилгачин, балетчин” гэдэг шиг бүгдийг нь гардан хариуцсан хүн. 2002-2003 оны хичээлийн жил “Этүгэн”-ий дээвэр дор анхны оюутнууд нь хичээллэж эхэлсэн. Үүнээс жилийн өмнө С.Нямзагд багш сургуулийн үйл ажиллагаа эхлүүлэх эрхээ авчихсан байжээ. Гэвч дутуу дулимагийг “тэвчдэггүй” зангаараа түрээсэлж авсан Мах, тосны контороо сургууль болтол нь тохижуулсан байна. Энэ ажилд тэрбээр яг нэг жилийг зарцуулжээ.
Хоёр багш, 36 оюутантай эхэлсэн “Этүгэн коллеж”-ийн түүх эргэсээр. Хуудас эргэх бүрд үнэ цэн, утга агуулгаар баяжсаар байлаа. 2007 онд тэд “Этүгэн дээд сургууль” хэмээх шинэ статустай болов. Үүний дараахан одоогийн нэгдүгээр байрны барилгын ажил дуусаж, 2009 онд шинэ байр ашиглалтад орсон түүхтэй. “Цэнхэртэн харагдах урт шилэн цонхтой, таван давхар барилгынхаа ард гарчихаад амьдралынхаа хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэгийг мэдэрсэн” гэж С.Нямзагд багш дурсамжаасаа хуваалцсан. Энэ үе бол “Этүгэн”-ий хөгжлийн эргэлтийн цэг. Тухайн үед “хувийн сургууль тааруу” гэсэн монголчуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, олон жил үргэлжилсэн “их шалгарал”-д “Этүгэн” торойн тодорсон байлаа. Багш, суралцагчдынх нь тоо ч эрс тэлсэн үе бол энэ үе.
Харин 2015 онд их сургууль болж өргөжсөнөөр бүтээн байгуулалт эрчимжиж, академич багшийн “архитектор” дүр бүр ч тодорчээ.
“Этүгэн” сургуулийн IV байрыг онцлох нь зүйтэй. Энэ байр бол та бидний мэдэх Төв бассейн. Төв бассейн зах зээлийн өрсөлдөөнд хүч алдаж, ашиггүй ажиллаж эхэлснээр 2019 онд дуудлага худалдаанд орсон. Тэр үед “Этүгэн”-ээс хэдхэн алхмын зайд орших Төв бассейныг С.Нямзагд багш ихэд сонирхож, Монголын хамгийн том бассейнтай их сургууль болох төсөөлөлд бүрэн автжээ. Энэ хүсэл нь ч биелсэн. Сагсан бөмбөгийн “Этүгэн ирвэсүүд” багаараа дотоод, гадаадад тун алдартай этүгэнчүүд мөдхөн усан спортоор цахиур хагалахыг үгүйсгэхгүй. Мөн бассейны хэсгийг наран шарлагын газар мэт таатай интерьерээр тохижуулсан байна. Түүнчлэн барилгын даацын ханыг бэхжүүлж, дундын давхар нэмснээр тэр хэсэгт фитнестанхим бий болгожээ. Харин В1 давхартаа кофе шоп нээж, түүнийгээ шинжлэх ухаан, сансар огторгуйд дурлагч залуусын хэмнэлд нийцүүлэн зассан байв.
Өдгөө Төв байрны ойролцоо бас нэгэн бүтээн байгуулалт үргэлжилж буй. Энэ бол Аргентин инженерийн зураг төслөөр хийгдэж буй 24 давхар, хичээлийн VI байрны барилгын ажил юм. Макетийг нь ажвал орчин үеийн шилэн тауэр болох нь харагдана. 2028 онд ашиглалтад орох эл барилгын дээд давхарт том модод ч байх аж. Ийм орчинд их сургууль үйл ажиллагаа явуулж, оюутан залуус номын дуу сонсоно гэдэг хэчнээн сайхан. Би л оюутан байсан бол өдөржин сургуульдаа өнжинө.
Хүүхдэд ээлтэй “Хүлэг”
“Хүлэг” бол академич багшийн “архитектор” дүрээс төрсөн онцлох бүтээн байгуулалтуудын нэг. Тэрбээр хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа хэмээх монгол ухааныг боловсролын бодлогын төвд тавьж, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт нийцсэн агуулга хөтөлбөрөөр үнэ цэнтэй монгол иргэнийг бүтээн хөгжүүлнэ гэж итгэдэг. “Хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхээс 11 нас хүртэлх үе бол хүнээр хүн хийх үе. Харин үүнээс хойш бид бүтээсэн хүнээ хөгжүүлдэг.” Үүнийг С.Нямзагд багш ярилцлагадаа ихэд онцолсон. Тиймээс тэрбээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд хүч нэмж, жишиг тогтоохоор шийджээ. Багшийн судалж төлөвлөсөн хугацаа долоон жил. Эцэст нь мөрөөдөл биелсэн. “Хүн бүтээнэ, дараа нь хөгжүүлнэ” гэсэн түүний боловсролын философийн бодит үргэлжлэл болсон “Хүлэг Интернэшнл” дунд сургууль болон “Хүлэг” цэцэрлэг нь Яармагт, хотын захиргааны шинэ барилгын зүүн талд байрладаг. Кэмбриджийн хөтөлбөр бүхий “Хүлэг Интернэшнл” сургуулийн тухайд, 1000 хүүхдийн багтаамжтай. Харин цэцэрлэгт нь 150 хүүхэд хамрагдах боломжтой. Хамгийн талархмаар нь сургууль цэцэрлэгийн хана, тааз, шал “амьсгалдаг”. Барилгын материал нь өөр. Ханыг нь тогшиж үзэхэд л мэдрэгдэнэ. Өөр гэсний шалтгаан нь Герман технологид оршино. Мөн агааржуулалтын системийг орчин үеийн технологиор шийдвэрлэсний зэрэгцээ байгалийн гэрлийн тусгалд өндөр ач холбогдол өгчээ.
Мөн урлаг зал, биеийн тамирын гадна, дотно талбай, багш ажилчдын өрөө, номын сан, сэтгэл зүйчийн өрөөний “нууцлаг” байдал, сурагчдын хоолны зал, түүний ойролцоох хана дагасан олон угаалтуур… Бүгдэд нь хайр шингэсэн гэлтэй.
2021 онд хэвлүүлсэн “Миний удам” номдоо С.Нямзагд гуай ээж Базарын Цэвэлийнхээ талаар нэгэн дурсамж өгүүлсэн байдаг. Тэрбээр номдоо: “Нян бактер гэж нүдээр харж мэдсэн зүйл ээжид минь байгаагүй ч ариун цэвэр, халдвар хамгаалалтын ач холбогдлыг дэндүү сайн ойлгосон хүн байлаа. Тэр үед халдварт шар, сүрьеэ, улаан, цагаан бурхан гээд айхтар өвчин их дэгддэг байсан. Ээж холилдох шиг л болно. Тэглээ гээд шарлаж, сүрьеэтэж байсангүй. Үүнийгээ ариун цэвэр сахисны үр дүн гэж ярина. Ажлын хувцсаа гэртээ авчрахгүй. Гараа угааж хоол идэхийг биднээс тасралтгүй шаардана.
Муу угааж оронцоглосон бол дахин угаалгана. Тэр үед соёлын довтолгоо гэж улс даяар их том хөдөлгөөн өрнөсөн. Энэ хөдөлгөөн ээжид ёстой нэг таалагдаж байсан” хэмээн дурссан нь сургуультай танилцах үеэр санаанд буусан юм. Энэ талаар асуухад, үнэхээр л хоолны өмнө гар угаах хэвшлээ бодож, тэр олон угаалтуурыг байршуулсан болж таарав. Орчноос гадна сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүн, анги танхим нь ч багш, сурагчдаа боджээ гэмээр. Хими, биологи, физик зэрэг байгалийн ухааны хичээлүүдэд хэрэглэх бодис, телескоп, микроскоп зэрэг нь ангийн бүх хүүхдэд хүрэлцэхүйц. Түүнчлэн гадаад хэлний хөтөлбөрт анхаарч сурагчид нэгдүгээр ангиасаа англи хэл, харин хятад, герман хэлийг дунд ангиасаа судлах нөхцөлийг бүрдүүлжээ.



Сэтгүүлч миний бие сургуультай танилцчихаад гоё сайхныг бишрэхийн хажуугаар битүүхэн “бодол” болж харьснаа нуух юун. “Хүүхдийн төлөө” гэх уриатай ажилладаг хүн болгон, “боловсрол” гэж ам ангайх дуртай бодлого тодорхойлогч бүр “Хүлэг”-ийг үзээсэй, улсын сургуулиуд энэ дайнд дөхөөсэй. Ийм л бодол төрсөн. Харин С.Нямзагд гуай “Сургалтын орчин тэнгэр газар шиг заагтай болж байгаа нь үнэн ч хэн нэгэн хийх л ёстой. Жишиг тогтоосны дараа бусад нь дагаж өөрчлөгддөг юм” хэмээн сэтгэл “тайвшруулсан” билэ
Хүнлэг сургууль
С.Нямзагд гуай боловсролын салбарт “тоосго” өрж, хүний тархинд мэдлэг “юүлж” ажиллахдаа “хамгийн чанартайг” нь хэмээх аавынхаа сургаалыг үргэлж жанжин шугам болгож иржээ. Энэ нь ч ажил, амьдралынх нь хувь заяагтодорхойлсон болов уу. Түүний аав Донёвын Сүхрагчаа аливаа зүйлийг сэтгэлээ шингээж хийхийн чухлыг үр хүүхдүүддээ үргэлж хэлж, захидаг байжээ. Есөн хүүхэдтэй айлын ууган хүү болж мэндэлсэн С.Нямзагд багш яг л тэр сургаалаар хийсэн бүтээсэн болгондоо сэтгэлээ шингээсэн нь илт. “Этүгэн”-ий хүнлэгийг илэрхийлэх хэд хэдэн зүйл бий. Эхнийх нь сургууль оюутнууддаа цэвэр ус, талх үнэ төлбөргүй өгдөг. Анх цайны газартаа данхтай цай байнга тавьдаг байсан бол одоо сургуулийн байр бүрд ундны усны гоожууртай болжээ. Ийм гоожуур лав Төв байрны давхар бүрд харагдсан.
Басхүү тогтвортой хөгжлийг түүчээлэхэд манлайлал үзүүлж байгаа сургууль бол эднийх. Төв байрных нь дээвэрт гарвал битүү нарны хавтан харагдана. Ийм дээвэртэй сургууль хэд бол… бодох л хэрэг.
Нарны эрчим хүчээр этүгэнчүүд өдөрт 16.3 кВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин зуны амралтын энэ өдрүүдэд хуримтлуулсан эрчим хүчээ Төвийн эрчим хүчний системд нийлүүлж байгаа аж. Усан бассейн бүхий IV байранд ч ногоон технологи бий. Бүр нэгээр тогтохгүй. Сургууль усны хэрэглээгээ багасгахын тулд бассейны усыг тогтмол асгаж солих бус, харин Герман технологиор 99 хүртэл хувь цэвэршүүлэн илүү урт хугацаанд ашиглах боломж бүрдүүлжээ. Мөн бассейн, фитнесээр үйлчлүүлэгсэд шүршүүрт орсны дараа усыг нь хуримтлуулан цэвэршүүлж, саарал усаа ариун цэврийн өрөөнд ашиглах байдлаар шийджээ. “Этүгэн”-ий усаа хайрлах шийдлүүд жил бүр унданд хэрэглэх боломжтой 730 м3 усыг хэмнэж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжиж, этүгэнчүүд Харзтайд 8000 мод тарьж, иргэдэд 1000 гаруй жимсний мод бэлэглэжээ. Сургуулийнхаа плантанцид эмийн ургамал ч тарина. “Этүгэн”-ий хэрэгжүүлсэн ногоон төсөл өөр олон бий. Тухайлбал, хотоос 60 км зайд байрлах “Этүгэн”-ий амралтад тэдний бүтээсэн хиймэл нуур бий. Сургууль суралцагчдадаа хүнлэг байхыг захих нэг өөр. Зааж үлгэрлэх нэг өөр. Нийгэмд хөгжлийг түүчээлэх хүнлэг хүмүүсийг бүтээе гэвэл сургууль өөрөө хүнлэг байх ёстой. Хүнээ ойлгодог, байгалиа хайрладаг сургуульд хүн “хүн” болж төлөвшинө. Ийм ч учраас “Этүгэн” эко сургуулийн нэгэн загвар дүр төрхийг бүтээж, салбартаа түүчээлсээр байна.


Багшийн эрдэм багшаас, амжилтын үндэс багаас
С.Нямзагд гуай өөрийгөө “гайхамшигтай багш нарын гараар дамжсан азтай хүн” хэмээн тодорхойлдог. Макро эдийн засгийн сэдвээр бичсэн түүний дэд докторын ажлыг нэрт эрдэмтэн, академич Т.Намжим, Монгол Улсын Ерөнхий сайд асан, доктор Д.Бямбасүрэн нар удирдсан. Харин стратеги судлалаар бичсэн шинжлэх ухааны докторын ажлыг нь ОХУ-ын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич В.И.Самаруха удирджээ. “Сайн бүхний эхлэл болсон багш нарынхаа ачийг марташгүй. Тэдний минь ач тус сүн далай мэт өргөн болоод гүн” хэмээх түүний үгээс багш хүн шавийнхаа амьдралд хэрхэн нөлөөлж, хэрхэн дурсагддагийг ойлгож болно. Анх “А” үсэг заасан багшаас эхлээд түүний амьдралд таарч учирсан бүхий л багш өнөөгийн С.Нямзагд багшийг бүтээсэн. Тэрбээр 100 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, олон арван шавь нараа магистр, доктор болгон бэлтгэсэн. Харин түүний үүсгэн байгуулсан Этүгэн их сургуулийн эрдэм судлалын цар хүрээг яривал бүр ч өргөн.
Тодруулбал, эдний хамт олон 50 гаруй ном сурах бичиг, гадаад дотоодод 500 гаруй судалгааны өгүүлэл, 700 шахам илтгэл, нэгтгэж тооцвол 1250 орчим эрдэм шинжилгээний бүтээл туурвижээ.
С.Нямзагд гуайн бүтээн цогцлоосон бүхний ард түүнтэй хамт түүний баг байсан. “Коллежоос их сургууль бүтээхэд, боловсролын бүх түвшинд хүрч ажиллахад юу нөлөөлсөн бэ?” гэж та бодож магадгүй. Эдийн засагч мэргэжилтэй, төрийн түшээгийн түүхтэй, агент аавын хүүд тооцоо судалгаа хийж, стратеги боловсруулах шаггүй ухаан заяасан л байх. Гэхдээ багаа бүрдүүлж чадсанд гол нууц бий. Түүний ажил, амьдралын алтан хамтрагч, Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, гэргий Б.Батсэрээдэнэ бол багийн үнэ цэнтэй “тоглогч”. Басхүү гар сэтгэл нийлсэн удирдлагын баг, мэдлэг чадвартай, хичээн зүтгэдэг багш нар, сурах эрмэлзэлтэй оюутнуудын бүрдүүлсэн “Этүгэн соёл” ч тэдний оршин тогтнохуйн үндэс юм.
Этүгэнчүүдийн монгол хүний үнэ цэнийг өнгөлж зүлгэх зорилгын цаана улс орноо гэх сэтгэл бий. С.Нямзагд багш “Байгалийн баялгаар хөгжих боломж хязгаартай. Жинхэнэ капитал газрын хэвлийд бус хүний оюунд бий. Түүхий эдийн хавсарга орон болох зовлонд ойртсон Монгол Улс цаашид хүн капиталаа хөгжүүлж, мэдлэгийн эдийн засагт суурилсан хөгжлийн бодлого тодорхойлох ёстой” гэсэн юм. Эрхэм зочныхоо ярианаас тогтоон сонссон энэ үгээр энэхүү нийтлэлээ өндөрлүүлье.


Mongolian Economy сэтгүүл, "Их сургууль бүтээгч" үндсэн дугаараас
2026 оны 09 дүгээр сар


