“Мэдрэмжтэй байх нь мэдлэгтэй байхаас чухал” гэж Альберт Эйнштейн хэлжээ. Алив асуудалд зөв өнцгөөс харж, зөв ярьж, зөв хандаж чаддаг хүнийг мэдрэмжтэйд тооцдог. Энэ үүднээс С.Дэмбэрэл бол мэдрэмжтэй, бас мэдлэгтэй хүн. Асуудлыг харах өнцөг, биеэ авч явах байдал нь өөр. Өөрийн гэсэн өнцөг, орчныг бүрдүүлж чадсан хүн л дээ. С.Дэмбэрэл гэсэн нэрийг сонсонгуут хүмүүс тархиндаа түүний талаар бодитой төсөөллийг суулгадаг. Танхимын Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Дэмбэрэл, эдийн засагч Дэмбэрэл гээд л. Нийгэмд тэр ийм имижүүдийг бий болгожээ. Дээр нь мэдрэмжтэй дизайнер. Нийгэм, эдийн засгийн талаасаа оновчтой дизайн урладаг хүн гэж ойлгож болно. Мөн байнга л шинийг санаачилж, ярьж, ажил хэрэг болгохыг зорьж явдаг. “Өнөөдөр” сониныг үүсгэн байгуулагч агсан Ц.Балдорж “С.Дэмбэрэл бол шинэ санааны үүр уурхай” хэмээн тодорхойлсон байдаг юм.

Тэрбээр эдийн засаг гэдэг хоёр үгтэй 1978 оноос хувь заяагаа холбожээ. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийг санхүүгийн эдийн засагчаар төгссөн цагаас өнөөдрийг хүртэл мэргэжилдээ үнэнч явж ирсэн хүмүүсийн нэг. Социализм, зах зээл, орчин үеийн нийгэм, эдийн засгийн хөгжил, алдаа оноо, сургамж, бас онцлогийн талаар тэр сайн мэдлэгтэй, мэдээлэлтэй, сайтар судалсан судлаач, эдийн засагч. Тэрбээр 1984-1997 оны хооронд Эдийн засгийн хүрээлэн, Зах зээл судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болон захирлаар ажиллаж, эдийн засаг, зах зээлийн эрэг шураг хэрхэн эргэдгийг нарийн судалж, оюун тархиндаа шингээсэн юм.

С.Дэмбэрэлийн намтар их энгийн. Идэр насны амьдралынхаа 28 жилийг Эдийн засаг, Зах зээлийн хүрээлэнгүүд болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимтай холбожээ.

1997 оноос Танхимын даргаар ажилласнаар эдийн засгийн эс ширхэг бүрийг бизнес, хувийн хэвшилтэй холбон судалж, улс орны хөгжлийг хурдасгах, бүтээмжийг өндөрсгөх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө 14 жил эрчтэй ажилласан юм. Энэ ч утгаараа тэр бол практикийн эдийн засагч хүн.

Мэдлэг, мэдээлэл, туршлагыг ийм замаар, ийм хугацаанд олж авсан учраас С.Дэмбэрэл Монгол Улсын хөгжлийг зураглан харж, өргөн хүрээний асуудлыг бодит байдлаас хандаж чаддаг нэгэн. Тиймээс тэр бол бодлогын эдийн засагч. Энэ гурван тодорхойлолт нийлээд түүнийг “Эдийн засгийн архитектор” гэж нэрлэхэд хүргэж байгаа юм.

Танхимын Дэмбэрэл

Тэрбээр энэ нэрээрээ нийгэмд илүүтэй хүрсэн. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргаар 1997-2014 оныг хүртэл ажиллажээ. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг нэгтгэж, тэдний дуу хоолой болж 15 жил болно гэдэг бол бахархам амжилт. Бид гурван саяулхнаа. Биенийхээ амжилт, ололтоор бахархаж байвал сайхан. Улсын төсвийн ачааллыг нуруун дээрээ үүрч, бүтээн байгуулалт, хөгжлийн орчныг бүтээж яваа том, жижиг олон мянган бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн нүүр царай болж, олон жил тогтвортой ажилласан.

С.Дэмбэрэл бизнесмэнүүд юу хүсдэг, тэдэнд ямар асуудал тулгардаг, бас юунд баярладаг, юунд гомддогийг сайн мэднэ. Асуудлыг шийдэж, гаргалгааг гаргахад түүний мэдрэмж, мэдлэг, туршлага, ур чадвар оршдог. Товчхоноор хэлэхэд, тэрбээр өнөөгийн Танхимын дизайныг урласан хүн. Зах зээлийн эдийн засагт шилжих цагаас МҮХАҮТ-ыг эдийн засгийн харилцаанд оруулж, хувийн хэвшлийг хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож, хамтран ажиллахад түүний оруулсан хувь нэмэр их юм. Мөн Танхимын гадаад харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, олон улс орны Танхимтай холбож, хамтран ажиллах боломжийг бүрдүүлсэн гавьяа түүнийх. Үр дүнд нь МҮХАҮТ дотооддоо бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалан ажилладаг, нэр хүндтэй бизнесийн нэгдлийн хамгийн том хүчтэй төрийн бус байгууллага болж чадсан бол гадаад талдаа мөн л Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхим гэсэн нэрийг гаргасан, байр суурийг баттай эзэлсэн байгууллага болгосон билээ.

Улстөрч Дэмбэрэл

Монгол Улсад анхлан ногоон хөгжил, ногоон үзэл баримтлал, ногоон бодлого, ногоон үзэл санааны тухай санаачлан ярьж, ажил хэрэг болгосон хүн бол С.Дэмбэрэл. Компаниудыг ногоон стратеги хэрэгжүүлэхийг, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг, цаашлаад Монгол Улсын ирээдүй ногоон хөгжил байх ёстой хэмээн үзэж, Монгол төрийн бодлого болгож чадсан юм.

С.Дэмбэрэлийн мэдлэг, туршлага 2012-2016 оны парламентад их үүрэг гүйцэтгэсэн. Тэрбээр эдийн засаг, нийгмийн болон хуулийн төсөл дээр ажиллаж, санаа оноогоо тусгаж, идэвхтэй ажилласан. Эрүүгийн хууль, Татварын хууль гэх мэт. УИХ-аас түүнийг улс орны хөгжилтэй холбоотой том хуулийн ажлын хэсгүүдэд заавал оруулдаг, өөрөө ч орж, ажиллаж ирсэн билээ.

УИХ-ын гишүүнээр ажилласан дөрвөн жилийг түүний хувьд “Шинэ санал, санаачилгын жилүүд” гэж хэлж болно. Эдийн засаг хүндэрч хямарсан цагаас эхлэн тэрбээр гарц, гаргалгааг нь зөвхөн ярих бус бичгээр боловсруулж нотолгоо, үндэслэлийг нь гаргаж Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдтай биечлэн уулзаж тайлбарлан дэмжлэгийг нь авч хэрэгжүүлж ирсэн. Түүнийг энэ талаас нь “Шинийг санаачлагч” гэж хэлж болно. Хамгийн сүүлд түүний санаачилсан "Хүртээмжтэй санхүүжилтийн санаачилга” хэрхэн хэрэгжсэнийг үзэхэд, Их Хурал, сонин хэвлэлд өгсөн ярилцлагууддаа тэрээр өрхийн эдийн засгийг их ярьжээ.

Төр засаг үйлдвэрлэл, дэд бүтэц зэрэгт хэт анхаараад өрхийн орлого, зарлага, өр зээлд анхаарахгүй байгааг шүүмжилсэн байна.

Хүртээмжтэй санхүүжилтийн хэлбэрүүдийг төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлж зээлийн хүүг бууруулах тухай саналаа УИХ-ын дарга, Ерөнхий сайдад  тайлбарласны үр дүнд “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” төдийгүй бизнесийн зээлийн сайн орчин бүрдүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагууд, төр хоёрын хамтын ажиллагаан дээр суурилсан “Сайн санхүүгийн орчин” санаачилгыг гаргасан байдаг.

Парламентын танхимд түүний үгийг гишүүд анхааран сонсдог байсан. С.Дэмбэрэл энэ хуулийн төслийн талаар юу ярих бол гэсэн хүлээлтийг тэр хэдийнэ бий болгочихсон. Гишүүд өрөөнд нь орж зөвлөгөө авна, уг хуулийн гол мөн чанарын талаар ярилцана, зарим нь өөрийн ойлголт, зөв, буруу эсэхийг түүнээс лавлана. С.Дэмбэрэлийн хувьд 2012-2016 онуудад маш их ажилласан, цагийг үр дүнтэй өнгөрөөсөн, эдийн засгийн архитектор, нийгмийн дизайнерын үүргээ сайтар гүйцэтгэсэн жилүүд байв. Тэрбээр Их хурлын танхимд чанга дуугарч, хэн нэгнийг чичилж, хэтэрхий намчирхан, улстөржсөн яриа, үйлдэл гаргаж байгаагүй. Харин дуугарах ёстой үедээ намуухан өнгөөр жинтэйхэн шиг дуугарч, зөвлөдөг, үг хэлдэг, бас санаа өгчихдөг, онцлогтой гишүүн байсан.

Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн бодлогын асуудлаар суурь болон эмпирик судалгааг хийх, төрийн бодлого боловсруулагчдад бодлогын зөвлөмж өгөх зорилгоор Монголбанк дэргэдээ “Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэн”-г 2018 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус хүрээлэнгийн анхны захиралаар эдийн засагч С.Дэмбэрэл ажиллаж байв.

Самбуугийн Дэмбэрэл

Тэр жолоочийн хүү. Гэхдээ жирийн нэгэн жолоочоос Монгол Улсын Сүхбаатарын гурван удаагийн одонт, Хөдөлмөрийн баатар болтлоо хөдөлмөрлөсөн жолоочийн хүү. Социализмын үеийн ажилчин ангийн нүүр царай болж явсан тэргүүний ажилтны хүү. Монхор ногоон ЗИЛ-130 машинаараа Монголын уудам нутгаар сая километрийг туулсан, саятан жолоочийн хүү.

Хөдөлмөрлөхийн төлөө төрсөн ааваараа тэр бахархахаас аргагүй, бардамнах ч ёстой. Саятан жолооч болоход аавынх нь машин нэг ч удаа их засварт ороогүй байсан гэдэг. Тухайн үеийн ямар ч дэд бүтэцгүй, энхэл догол шороон замаар нэг ч удаагийн засварт оролгүй сая км-ийг туулна гэдэг нь улсдаа маш их эдийн засгийн хэмнэлт авчрах ач холбогдлоос гадна олон зуун жолоочийг үлгэрлэх шилдэг жишээ байсан нь ойлгомжтой. Тэр ийм л хөдөлмөрч аавын хүү. 

Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр

"Mongolian Economy" сэтгүүлийн 2025 оны 12-р сарын Үндсэн дугаараас