Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд КАРЕК хөтөлбөрийн өнгөрсөн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, бүс нутгийн цаашдын худалдаа, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү, хөрөнгийн зах зээл болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.

25 жилд 300 төсөл - 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт

2001 онд байгуулагдсан КАРЕК нь өнөөдөр Афганистан, Азербайжан, БНХАУ, Гүрж, Казахстан, Киргизстан, Монгол Улс, Пакистан, Тажикистан, Туркменистан, Узбекистан болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжжээ.

2001-2025 оны хооронд КАРЕК-ийн хүрээнд 300 төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5 тэрбум ам.долларыг бусад хөгжлийн түншүүд, 11.7 тэрбум ам.долларыг КАРЕК-ийн орнуудын Засгийн газрууд санхүүжүүлсэн аж. Эдгээр хөрөнгө оруулалт нь олон улсын авто зам, төмөр зам, тээврийн коридор, эрчим хүчний холболт, хил, боомт, худалдааг хөнгөвчлөх дэд бүтцийг хөгжүүлж, иргэдийн зорчих нөхцөлий сайжруулах, хил дамнасан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх суурь болоод байна.

КАРЕК-ийн бүс нутаг өнөөдөр 1.8 тэрбум хүн амтай, 20.6 их наяд орчим ам.долларын эдийн засагтай бөгөөд дэлхийн ДНБ-ий 16.3 хувийг бүрдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд КАРЕК-ийн орнууд хоорондын худалдааны эзлэх хувь 2001 оны 1.9 хувиас 2024 онд 4.9 хувь, харилцан хөрөнгө оруулалтын эзлэх хувь 0.5 хувиас 3.3 хувь болж өссөн бол өдөрт 3 ам.доллароос бага орлоготой хүн амын эзлэх хувь 2001 оны 54.5 хувиас 2025 онд 17 хувь болж буурчээ.

Монгол Улсад 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ

Монгол Улс КАРЕК хөтөлбөрт 2003 онд нэгдсэнээс хойш бүс нутгийн тээврийн холболт, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. 2025 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсад КАРЕК-тэй холбоотой 19 төсөлд ойролцоогоор 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Үүнээс тээврийн 13 төсөлд нэг тэрбум ам.доллароос дээш хөрөнгө оруулсан бөгөөд 11-ийг нь Азийн хөгжлийн банк санхүүжүүлжээ. 

Тухайлбал, Монгол Улсыг БНХАУ, ОХУ болон Төв Азийн зах зээлтэй холбох олон улсын авто замын коридорууд, баруун бүсийн замын сүлжээ, хил нэвтрэх цэгүүдийн шинэчлэл болон Замын-Үүдийн логистикийн төв зэрэг төслүүдийг дурьдаж болох юм.

Замын-Үүдийн логистикийн төв ашиглалтад орсноор экспорт, импортын өсөн нэмэгдэж буй ачааг тээвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, транзит тээврийн саатлыг бууруулах боломж бүрдсэн билээ.

Монгол Улс мөн 2026 онд CAREC Advanced Transit System and Information Common Exchange (CATS/ICE) туршилтад нэгдэх санамж бичигт гарын үсэг зурсан нь гааль, транзит тээврийн мэдээлэл солилцоог цахимжуулах, хил дамнасан худалдааг хөнгөвчлөх чухал алхам болж байна. КАРЕК-ийн хамтын ажиллагаа Монгол Улсын хувьд зөвхөн бодлогын яриа хэлэлцээ бус, зам–боомт–логистик–худалдааны бодит дэд бүтэц, бүс нутгийн зах зээлд холбогдох боломжийг бий болгосон урт хугацааны түншлэл гэж үзэж болно.

Сайд нарын бага хурал ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлно

Цуврал арга хэмжээний оргил хэсэг нь өнөөдөр зохион байгуулагдах КАРЕК-ийн Сайд нарын бага хурал юм. “25 жилийн түншлэл – Ирээдүйг хамтдаа цогцлоох нь” уриан дор болж буй тус бага хуралд КАРЕК-ийн гишүүн орнуудын Засгийн газрын гишүүд, сайд нар, өндөр түвшний төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны удирдлага, олон улсын болон бүс нутгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож байна. Энэ удаагийн хурлаар КАРЕК-ийн 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, КАРЕК 2030 стратегийн хэрэгжилт, 2030 оноос хойших алсын хараа, ногоон болон дижитал эдийн засгийн коридор, хувийн хэвшлийн оролцоо, бүс нутгийн нийтийн бүтээгдэхүүн, тогтвортой, тэсвэртэй, хүртээмжтэй өсөлт зэрэг дараагийн үеийн тэргүүлэх чиглэлийг хэлэлцэнэ. 

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр бага хурлыг нээж үг хэлсэн бол Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда үндсэн илтгэл тавьсан юм. Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр нээлтийн үгэндээ "КАРЕК-ийн хөтөлбөрийн үр дүн тээврийн салбарт хамгийн тод харагдаж буй бөгөөд Монгол Улсын баруун бүсийн авто замын коридорын төслийн хүрээнд 743 километр авто зам, хоёр засвар үйлчилгээний төв, жингийн станц байгуулаад байна.  Зам барих нь чухал боловч хилийн боомт, гааль, логистик, мэдээллийн систем хоорондоо уялдаж байж дэд бүтцийн хөрөнгө оруулалт иж бүрэн үр өгөөжөө өгөх тул Монгол Улс цаашид дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хилийн үйл ажиллагааны шинэчлэлтэй холбон хэрэгжүүлэх бодлого баримтална" гэдгийг онцлов. 

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда үндсэн илтгэл тавив

Үүний дараа Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум (ХЗЗХФ)-ын харилцан ойлголцлын санамж бичиг, Бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, ХЗЗХФ болон АСЕАН-ы Хөрөнгийн зах зээлийн форум хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг, БНХАУ болон Монгол Улсын Сангийн яамд хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт талууд гарын үсэг зурлаа.  

Хурлын гол үр дүнгийн нэг нь КАРЕК-ийн 25 жилийн ойд зориулсан Улаанбаатарын тунхаглал байх юм. Тунхаглал нь CAREC 2030 стратегийг дахин баталгаажуулж, CAREC 2050 алсын хараа руу чиглэсэн хамтын ажиллагааны суурийг тавих ач холбогдолтой. Мөн гишүүн орнуудын сайд нар, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудтай Монгол Улсын Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, төрийн байгууллагууд хоёр талын уулзалтууд зохион байгуулагдаж байна.

“CAREC BUSINESS FORUM” болно

КАРЕК-ийн 25 жилийн ойн онцлох арга хэмжээ болох “CAREC Business Forum” есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд болох бөгөөд Монгол Улс анх удаа энэхүү бүс нутгийн бизнес форумыг зохион байгуулж байна.

Энэ жилийн форумд төрийн болон олон улсйн байгууллагууд, хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, бизнесийн холбоод, хөгжлийн түншүүдээс бүрдсэн нийт 10 улсын 500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

КАРЕК-ийн хамтын ажиллагаа өнгөрсөн хугацаанд Засгийн газар хоорондын бодлогын яриа хэлэлцээ, дэд бүтцийн төсөлд түлхүү төвлөрч ирсэн бол дараагийн үе шатанд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт, инноваци, технологи, бизнес хоорондын хамтын ажиллагааг эрс нэмэгдүүлэх чиглэлд шилжиж байна. Business Forum нь Сайд нарын бага хурлаар хэлэлцсэн бодлого, стратегийг бизнесийн бодит төсөл, хөрөнгө оруулалт, B2B болон B2G хамтын ажиллагаатай холбох гүүр болж байгаагаараа онцлог юм.

Форумын эхний өдөр “Scaling Up Investment – Driving Infrastructure Transformation” сэдвээр цэвэр эрчим хүч ба бүс нутгийн эрчим хүчний холболт, ухаалаг тээвэр ба логистик, чухал ашигт малтмал ба боловсруулах үйлдвэрлэлийн үнэ цэнийн сүлжээ гэсэн гурван үндсэн чиглэлд хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэнэ.

Хоёр дахь өдөр “Mongolia in the Regional Spotlight” сэдвийн хүрээнд Монгол Улсын стартапын экосистем, энтрепренершип, хиймэл оюуны хөгжил, ЖДБ-ийн хөгжил, мөн Монгол Улсыг бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэх боломжийг хэлэлцэнэ.

B2B болон B2G уулзалтуудаар бизнесүүдийг хөрөнгө оруулагч, Засгийн газар, олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй шууд холбож, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл, төр-хувийн хэвшлийн түншлэл, хамтарсан бизнес, хөрөнгө оруулалтын хэлцэл, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулах боломжийг бүрдүүлнэ.

Мөн Business Forum-ийн нээлтийн үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны санаачилгаар бий болж буй CAREC Chambers Alliance (CCA) байгуулах санамж бичигт гарын үсэг зурж, дараагийн өдөр нь CCA-ийн анхдугаар уулзалтыг зохион байгуулна. Ингэснээр КАРЕК-ийн гишүүн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхим, бизнесийн байгууллагуудыг холбосон хувийн хэвшлийн байнгын хамтын ажиллагааны шинэ механизм бий болж буйгаараа онцлог юм.

Хөрөнгийн зах зээлийн бүс нутгийн шинэ платформыг монгол улс анхлан даргална

Аравдугаар сарын 1–2-нд CAREC Capital Markets Development Forum (CMDF)-ийн анхдугаар уулзалт болон олон улсын бага хурал болно.

Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо CMDF-ийн анхны даргаар ажиллаж, бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаа, үндэсний валютаарх бонд, ногоон болон шилжилтийн санхүүжилт, ЖДҮ-ийн санхүүжилт, дижитал хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

КАРЕК-ийн гишүүн орнуудын Засгийн газрын гишүүд, сайд нар, өндөр түвшний төлөөлөгчид, Азийн хөгжлийн банкны удирдлага, олон улсын болон бүс нутгийн байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож байна

Монгол Улс ямар үр дүн хүлээж байна вэ

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг КАРЕК-ийн цаашдын хөгжлийн бодлогод тусгана. Улаанбаатарын тунхаглал болон CAREC 2050 алсын хараатай уялдуулан Монгол Улсын тээвэр, логистик, худалдаа, эрчим хүч, чухал ашигт малтмал, аялал жуулчлал, дижитал шилжилт, санхүүгийн зах зээлийн тэргүүлэх чиглэлийг бүс нутгийн урт хугацааны хамтын ажиллагаанд илүү нягт тусгах боломж бүрдэнэ.

Монголын төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалтай шууд холбоно. Тээвэр-логистикийн коридор, эрчим хүч, чухал ашигт малтмал ба боловсруулах үйлдвэрлэл, худалдаа, аялал жуулчлал, дижитал эдийн засгийн төслүүдийг АХБ, бусад хөгжлийн түнш, олон улсын санхүүгийн байгууллага болон хувийн хөрөнгө оруулагчдад танилцуулж, санхүүжих боломжтой, хөрөнгө оруулалтад бэлэн төсөл болгон хөгжүүлэхэд чиглэнэ.

Монгол Улсын газарзүйн байршлыг эдийн засгийн давуу тал болгох боломжийг нэмэгдүүлнэ. Монгол Улсыг зөвхөн хоёр хөршийн дундах транзит орон бус, Зүүн Ази–Төв Ази–Европыг холбосон худалдаа, тээвэр-логистик, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын зангилаа болгон хөгжүүлэхэд КАРЕК-ийн коридор, бүс нутгийн хамтын ажиллагааг ашиглах боломж нэмэгдэнэ.

Монголын хувийн хэвшил КАРЕК-ийн хамтын ажиллагааны шууд оролцогч болно. Business Forum-ийн B2B, B2G уулзалтуудаар Монголын компаниудыг 10 улсын бизнес, хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүдтэй шууд холбож, хамтарсан төсөл, хөрөнгө оруулалт, худалдаа, технологийн түншлэл, PPP болон бизнесийн шинэ хэлцлийн суурь бий болгоно.

CAREC Chambers Alliance-аар бизнесийн байнгын хамтын ажиллагааны механизм бий болно. CAREC Chambers Alliance (CCA) байгуулагдсанаар нэг удаагийн форумын уулзалтыг цааш үргэлжлүүлэх, КАРЕК-ийн орнуудын худалдаа, аж үйлдвэрийн танхим болон компаниудыг тогтмол холбох, бизнесийн санал, төсөл, зах зээлийн мэдээлэл солилцох хувийн хэвшлийн байнгын институцийн механизм бүрдэнэ.

Аялал жуулчлалыг бүс нутгийн шинэ эдийн засгийн коридор болгон хөгжүүлэх боломж нээгдэнэ. Монгол Улсын нүүдлийн соёл, байгаль, Их Торгоны замын түүхэн өвийг КАРЕК-ийн орнуудын ижил төстэй соёл, маршруттай холбож, олон улс дамнасан аяллын бүтээгдэхүүн, хамтарсан маршрут, нэгдсэн сурталчилгаа, хил нэвтрэлтийг хөнгөвчлөх шийдэл хөгжүүлэх замаар Монголд ирэх жуулчны урсгал, аяллын хугацаа болон орон нутагт үлдэх эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Монголын бизнесүүдэд санхүүжилтийн шинэ сувгуудыг нээх суурь тавигдана. Монгол Улс CMDF-ийн анхны даргаар ажилласнаар бүс нутгийн хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, ногоон болон шилжилтийн санхүүжилт, үндэсний валютаарх бонд, ЖДҮ-ийн бонд, venture capital, private equity, crowdfunding, дижитал санхүүгийн хэрэгслүүдийг Монголын компани, төслүүдийн санхүүжилттэй холбох боломжийг өргөжүүлнэ.

Монгол Улс бүс нутгийн санаачилга, яриа хэлэлцээний төв болох байр сууриа бэхжүүлнэ. КАРЕК-ийн 25 жилийн ойг ахалж, Сайд нарын бага хурал, Business Forum, CAREC Chambers Alliance, CMDF зэрэг бодлого, бизнес, санхүүгийн харилцан уялдсан механизмыг Улаанбаатар хотноо эхлүүлж байгаа нь Монгол Улсыг бүс нутгийн хамтын ажиллагааг санаачлагч, талуудыг холбогч, бодлогыг бодит төсөл, хөрөнгө оруулалттай холбох идэвхтэй түнш болгон байр сууриа бэхжүүлэх ач холбогдолтой.