Энэхүү бодлогын хэлэлцүүлэгт засгийн газрын өндөр дээд албан тушаалтан, үйлдвэрлэлийн бүлэг, бизнесийн холбоод, хувийн хэвшлийн удирдагчид, хөгжлийн хамтрагчид оролцож, хөрөнгө оруулалтын тэргүүлэх боломжууд, бүс нутагт нэвтрүүлэх инновацуудын талаар хэлэлцсэн. Тодруулбал, Бүс нутгийн улсуудын холболтыг сайжруулах, цэвэр эрчим хүчний шилжилт болон ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, КАРЕК бүс нутгийн эдийн засгийн интеграцыг гүнзгийрүүлэхэд чиглэсэн банкны санхүүжилт авах боломжтой төслүүдийн талаар ярилцлаа. Мөн цэвэр эрчим хүч, тогтвортой бөгөөд тэсвэртэй тээврийн коридор, ухаалаг логистикийн систем, чухал ашигт малтмалын чиглэлээрх хувийн хэвшлийн инновацууд энэ хэлэлцүүлгийн онцлох сэдэв байв.
Тус хэлэлцүүлгийн модератор нь АХБ-ны Хувийн хэвшлийн үйл ажиллагаа хариуцсан газрын ерөнхий захирал Изабель Чаттертон байв. Харин панелистаар Монгол Улсын эрчим хүчний сайд Б.Найдалаа, Пакистаны Төлөвлөлт, Хөгжил, Тусгай санаачилгын сайд Ахсан Икбал, АХБ-ны Төв болон Баруун Ази хариуцсан захирал Леа Гутьереш, Узбекистаны Хөрөнгө оруулалт, Аж үйлдвэр, Худалдааны дэд сайд Илзат Касимов, Хөгжлийн санхүүжилтийн олон талт хамтын ажиллагааны төвийн (MCDF) Гүйцэтгэх захирлын ахлах зөвлөх Аюүми Кониши нар оролцов. Панелистуудын онцлох байр суурийг хүргэе.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Бүс нутгийн хамтын ажиллагаа Монгол Улсын эрчим хүчийг найдвартай болгоход чухал нөлөөтэй. Монгол Улс хоёр асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, дотоодын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах. Хоёрдугаарт, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх.
Пакистаны Төлөвлөлт, Хөгжил, Тусгай санаачилгын сайд Ахсан Икбал: Улс орнууд дайнаас болж нийлүүлэлтийн шоконд орсон. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг хийх хэрэгтэй. Импортын нефтээс хамааралтай байгаа учраас цахилгаан машины хэрэглээг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, батарейд хөрөнгө оруулалт хийх сонирхол улс орнуудад их байна. Эрчим хүчний коридорыг ч нэмэгдүүлэх нь зүйтэй.
Азийн хөгжлийн банк болон КАРЕК хөтөлбөрөөс маш тодорхой, үр дүнгээ томьёолсон баримт бичиг гаргах хэрэгтэй. Мөн мэдээллийн сан үүсгэх, чухал ашигт малтмалын зураглал гаргахад анхаарах нь зүйтэй. КАРЕК-ийн хамтарсан санхүүжилтийн цонхыг бий болгож, дараагийн хурлуудаар бэлэн төслүүдтэй болоод түүн дээрээ ярилцах нь хамгийн чухал.
АХБ-ны Төв болон Баруун Ази хариуцсан захирал Леа Гутьереш: Хөрөнгө оруулалтын боломжуудыг бий болгох нь чухал. Азийг дамнасан эрчим хүчний санал санаачилгыг нэвтрүүлж байгаа. Бүс нутгийн эрчим хүчний худалдааг хийх өргөн боломж байна. 400 сая ам.долларын зээлийн баталгааг бид төслүүд дээр гаргаж өгч байгаа. Хөрөнгө оруулалтын итгэлийг бий болгохын тулд улс орнууд төслөө нарийвчлан, сайн боловсруулах хэрэгтэй. Одоогоор манай банк 20 төслийн жагсаалт гаргаад байна.
Узбекистаны Хөрөнгө оруулалт, Аж үйлдвэр, Худалдааны дэд сайд Илзат Касимов: Манай улс эрчим хүчний салбарт 3.4 тэрбум ам.долларын санхүүжилт татсан. Ингэснээр цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлээ 2,5-3 ГВт-аар нэмэгдүүллээ. Үүнийгээ 2030 он гэхэд 40 хувьд хүрэх зорилготой.
Хөгжлийн санхүүжилтийн олон талт хамтын ажиллагааны төвийн (MCDF) Гүйцэтгэх захирлын ахлах зөвлөх Аюүми Кониши: Гол нь сэтгэлгээний өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Төсөл дээр хөрөнгө оруулагчид сөрөг зүйл хараад байдаг. Азийн хөгжлийн банканд хил дамнасан төсөл 10 хувиас илүү байгаа. Монгол, Узбекистан, Пакистан зэрэг орнуудад эрх зүйн зохицуулалтын орчин хэрэгтэй. Улс орнууд, компаниуд төслийнхөө ТЭЗҮ-ийгмаш сайн бэлтгэсэн байх ёстой. Би өмнө нь Азийн хөгжлийн банканд ажиллаж байхдаа Монголын ТЭЦ-5 төсөл дээр маш сайн ажиллаж байлаа. Даанч биелэлээ олоогүй. Монгол Улс дулааны хэрэгцээндээ болгоомжтой хандах хэрэгтэй болов уу.
Хуралд оролцогчид цэвэр эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, чөлөөтэй хил дамнуулан худалдан борлуулах хэрэгцээ, шаардлага үүсэж байгааг санууллаа. Нефть үйлдвэрлэлээс илүүтэй цэвэр эрчим хүч үйлдвэрлэх, цахилгаан, батарейгаар ажилладаг техник, хэрэгслүүдийг илүү ихээр бий болгохыг онцолж байв. Мөн улс орнууд нэг зүгт харах, нээлттэй механизм бий болгох, мэдээлэл солилцох, чамбай бэлтгэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь чухал гэдгийг онцолж байлаа.


