Сарын шөнийн хэрэглээ нь 2,000 кВт.цаг гардаг, 380 вольтын холболттой өрхийг жишээ болгон авч үзье. 2026 оны 1-3 дугаар сард ийм хэрэглээний тарифыг бүрэн хөнгөлж байв. Энэ өвөл ижил хэмжээний цахилгаан хэрэглэвэл эхний 1,500 кВт.цагт хөнгөлөлт эдэлж, үлдсэн 500 кВт.цагийн төлбөрийг өрх өөрөө төлөхөөр болж буй.
Эрчим хүчний зохицуулах хорооны 488 дугаар тогтоолоор хөнгөлөлт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал, оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цагийн хэрэглээнд үйлчилнэ. Нийслэл, аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай, цахилгааны өмнөх өр төлбөргүй өрх энэхүү хөнгөлөлтөд хамрагдана. 220 вольтын холболттой өрхийн бүрэн хөнгөлөх босго 1,500 кВт.цаг хэвээр байгаа ч босго давсан хэсэгт өмнө нь үйлчилж байсан 50 хувийн хөнгөлөлт энэ өвөл үйлчлэхгүй гэсэн үг.
Энэ талаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэг “Өмнөх хөнгөлөлтөд итгэж, нүүрсний галлагаанаас татгалзан цахилгаан халаалтад шилжсэн айлуудад энэ шийдвэр нэмэлт дарамт болно” цахим хуудастаа шүүмжилжээ. Тэрбээр 3,000 кВт.цагийн босгыг сэргээхийг шаардсан байна. Түүний шүүмжлэл 380 вольтын холболттой, шөнийн хэрэглээ нь 1,500 кВт.цагаас давдаг өрхийн хувьд үндэслэлтэй юм.
Төрийн аудитын тайланд дурдсан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2024 оны мэдээллээр 1,500 кВт.цагаас дээш хэрэглээтэй өрхүүд хамрагдсан хэрэглэгчдийн 14.7 хувийг эзэлж, нийт хөнгөлөлтийн дүнгийн 61.8 хувийг хүртжээ. Аудит босгоос давсан хэрэглээг 50 хувиар хөнгөлж байсан зохицуулалтыг тооцоо, судалгаанд үндэслээгүй гэж дүгнэсэн байна. Улсын хэмжээнд 2024 онд 202.2 мянган өрхөд 33.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлж байжээ.
Хэрэглээ өндөр байх шалтгаан өрх бүрд өөр. Сууцаа бүхэлд нь цахилгаанаар халаадаг өрх, шөнөдөө хэдхэн цаг халаагуур залгадаг өрхийн цахилгааны хэрэгцээ ялгаатай. Сууцны дулаан алдагдал ч хэрэглээнд нөлөөлнө. Тиймээс хөнгөлөлтийн хэдэн хувь өндөр хэрэглээтэй өрхөд ногдсоныг тайлагнахын зэрэгцээ тэдгээр өрхийн хэд нь цахилгааныг үндсэн халаалтаа болгож, хэд нь түлшний хэрэглээгээ бууруулсныг мэдэх шаардлагатай юм.
1,500 кВт.цагийг 30 хоногт хуваавал хоногт 50 кВт.цаг. Тогтмол 4 кВт чадлаар ажиллах халаагуур хөнгөлөлттэй 12 цагийн турш бүтэн чадлаараа ажиллавал 48 кВт.цаг зарцуулна. Ийм горимоор 30 хоног ажиллахад халаалт дангаараа 1,440 кВт.цаг болж, шөнийн бусад ахуйн хэрэглээнд 60 кВт.цагийн хөнгөлөлт үлдэнэ. Энэ жишээ нь тогтмол чадлаар хийсэн тооцоо бөгөөд бодит хэрэглээ нь гадаах хэм, сууцны дулаалга, төхөөрөмжийн ажиллагаанаас хамаарах аж.
Сарын 1,500 кВт.цагийн хөнгөлөлт зарим өрхийн шөнийн халаалтад хүрэлцэж болох ч ид хүйтэнд сууцаа цахилгаанаар халаадаг айл бүрийн хэрэгцээг хангах хэмжээ гэж үзэхэд эрт байна.
Өмнө нь 3,000 кВт.цаг хүртэл бүрэн хөнгөлүүлдэг байсан 380 вольтын холболттой өрхийн хэрэглээ 1,500 кВт.цагаас давбал, цахилгаанаа урьдын адил хэрэглэсэн ч төлбөр нь нэмэгдэнэ. Энэ утгаараа хөнгөлөлтийг бууруулсныг шүүмжилэх ч үндэслэлтэй юм.
Харин 3,000 кВт.цагийн босгыг сэргээх эсэхийг өрхийн төлбөр, түлшний хэрэглээ, түгээх сүлжээний ачааллын бодит тооцоонд тулгуурлан шийдэх нь зөв биз ээ. Шөнийн тарифын хөнгөлөлтийн үр дүнд хэдэн айл яндангаасаа салсан эсэхийг ч мөн хэмжих шаардлагатай.


