Энэтхэгийн ган үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох Steel Authority of India (SAIL) Монголын коксжих нүүрсний дээжийг анх удаа агаарын тээврээр авчирч, үйлдвэрлэлдээ ашиглах боломжийг туршиж эхэллээ. Энэ нь Австралийн нүүрснээс хэт хамааралтай байдлаа бууруулах Энэтхэгийн хүчин чармайлтын нэг хэсэг болохыг хоёр эх сурвалж Reuters агентлагт мэдээлсэн байна.
Төрийн оролцоотой тус компани 2026 оны есдүгээр сарын эхээр нэг тонн нүүрсний дээж Монголоос онгоцоор авсан бөгөөд ган үйлдвэрлэлийнх нь шаардлагад нийцэх эсэхийг шалгах аж. Энэ талаар албан ёсоор нийтэд мэдээлээгүй тул эх сурвалжууд нэрээ нууцлахыг хүсжээ. SAIL уг туршилтыг хийхээр өнгөрсөн онд төлөвлөсөн бөгөөд энэ тухай Reuters анх мэдээлж байв.
Гангийн үйлдвэрлэлээр Хятадын дараа дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс коксжих нүүрсний хэрэгцээний 95 орчим хувийг импортоор хангадаг. Үүний 50 орчим хувийг Австрали нийлүүлж байна. Түүнчлэн ган үйлдвэрлэлийн нийт зардлын бараг 40 хувийг коксжих нүүрс эзэлдэг тул нийлүүлэлтийн найдвартай байдал, үнэ өртөг нь Энэтхэг улсын хувьд онцгой ач холбогдолтой юм.
Монголын нүүрсийг туршиж буй гол зорилго нь нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлэхэд оршиж байгаа ч Монголоос Энэтхэг рүү нүүрс тээвэрлэх логистикийн асуудал нь томоохон сорилт болж байна.
Тээвэр логистикийн тээг
Орос, Хятадын дунд орших, далайд гарцгүй Монгол Улсаас нүүрс авахад дамжин өнгөрөх тээврийн маршрут шийдвэрлэх үүрэгтэй. Шинэ Дели, Бээжингийн харилцаа таарамжгүй байгаа учраас Энэтхэг улс Оросоор дамжуулан нүүрс авах илүү урт замыг ашиглах магадлалтай байна. Энэтхэгийн эрх баригчид ч Оросоор дамжуулах хувилбарыг илүүд үзэж байгаа тухайгаа өмнө нь илэрхийлж байв.
Хималайн нуруун дахь хилийн маргаантай бүсэд 2020 онд хүний амь эрсэдсэн мөргөлдөөн гарснаас хойш Энэтхэг, Хятадын харилцаа хурцадмал хэвээр байгаа юм. Сүүлийн үед шууд нислэгийг сэргээх, Хятадын мэргэжилтнүүдэд виз олгох журмыг хөнгөвчлөх зэрэг харилцааг сайжруулах алхам хийсэн ч энэ байдал бүрэн арилаагүй байна.
SAIL Монгол Улсаас урт хугацаанд нүүрс худалдан авах эсэх нь нүүрсний чанар, үйлдвэрлэлийн шаардлагад нийцэх байдал, тээврийн өртөг болон тээвэрлэлтийг бодитоор хэрэгжүүлэх боломжид тулгуурлан шийдэгдэхээр байгааг эх сурвалжууд хэлжээ.

Монголын нүүрс чанараар давуу ч Оросоор дамжуулан тээвэрлэвэл бусад нийлүүлэгчийн нүүрстэй харьцуулахад өртөг нь мэдэгдэхүйц өндөр болохыг металлургийн нүүрсний зах зээлийн шинжээчид онцолж буй. Reuters агентлаг энэ талаар тайлбар хүссэн боловч SAIL болон Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хариу ирүүлээгүй гэж мэдээлжээ.
Энэтхэгийн нүүрсний хэрэгцээ өснө
Энэтхэг, Монгол нь өнгөрсөн онд Энэтхэгийн компаниудад коксжих нүүрс, зэс нийлүүлэх боломжийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Түүхий эдийн зах зээлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч BigMint компанийн тооцоогоор Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2026/27 онд өмнөх оны 64 сая тонноос 3-5 хувиар өсөх төлөвтэй байна.
Учир нь дотоодод олборлож буй нүүрс нь ган үйлдвэрлэгчдийн шаардлагыг бүрэн хангаж чаддаггүй аж.
Австрали улс Энэтхэгийн хамгийн том нийлүүлэгч хэвээр байх төлөвтэй ч Орос, Мозамбик, АНУ-аас авах нүүрсний хэмжээ мөн нэмэгдэнэ гэж шинжээчид үзэж байна. Энэтхэг гангийн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн хэрээр коксжих нүүрсний хэрэгцээ нь эрс өснө. Коксжих нүүрсний өртөг өсөж, дотоодын эрэлт сэргэж байгаатай холбоотойгоор Энэтхэгийн ган үйлдвэрлэгчид сүүлийн хэдэн долоо хоногт бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн байна.
Эх сурвалж: Reuters


